Зургийг хиймэл оюун ухааны Chatgpt-ийн тусламжтайгаар бүтээв.
Хэн нь ч намын дарга болсон Монгол ардын намын өс хонзон, талцал маргаан дуусахгүй. Тэр тусмаа ийм эн тэнцүүхэн өрсөлдөөнд хэн нэг нь ялагдлаа ч илүү том өс өвөртөлж хоцорно. Өнгөн дээрээ гар барин инээж, биесээ чанга тэврэн үнгэлдэж, улс эх орныхоо төлөө гэсэн улигт үгээр биднийг хуураад өнгөрөх ч МАН доторх албан тушаалын төлөөх өс хонзон дуусах болоогүй. Жилээс жилд албан тушаалын төлөөх нүүдэл, зохион байгуулалт, ашиг сонирхлын зөрчил нь нягтарч, энэ зорилгодоо хүрэхийн тулд олон нийтийн тархийг угаах, нийгмийн дэмжлэг авах арга нь ч улам нарийссан. Ер нь 1990 оноос хойш 30 гаруй жилийн турш Монголын улс төрийн тавцанд тоглосон нам болон улс төрчдийг өнөөдөр “мэргэжлийн” гэж нэрлэх хэмжээнд хүрчихсэн. Тэд юунд мэргэшив?
Нэг нь нөгөөгийнхөө Засгийн газрыг унагаж, халуун суудлыг нь булааж мэргэшив. Нам дотроо үгсэн хуйвалддаг байсныгаа өөрчилж нам дамнасан ашиг сонирхол нэгтэй бүлэглэл болон нягтарч Засгийн эрхийг авч сурав. Одоо хамгийн том хоёр бүлэглэлийн тулааныг бид сонирхож байна. Яг үнэндээ МАН-ынхан хоорондоо талцаад буй мэт боловч нам дамжсан бүлэглэлүүдийн нөлөө, ашиг сонирхол нь намын даргын сонгуулийг ийм хэмжээнд хүргэж байна.
Өдөр бүр ээлж дараалан хийх мэдэгдэл, мэдээллүүд. Гэнэт л нүд нь нээгдсэн мэт шударгын дүрд тоглогчид урьдынхаараа олон нийтийн тархийг угааж болно гэж эндүүрсэн хэвээр. Гэвч олон нийт аль хэдийн залхсан. Эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө улайрсан тэд анзаарах ч сөхөөгүй. Магадгүй намын даргын сонгуулийн дараа бүх зүйл болж байна гэдэг үгээ дахиад л хэлнэ. Ард түмэн дахиад хууртагдахгүй.
Тэгээд яах вэ? Сонгуулиар дүнг нь тавихыг хичээнэ. Гэвч нам, улс төрийн тавцанд өөрсдийн эрэг шургаа гүн гүнзгий шургуулж чадсан нам дамжсан бүлэглэлүүд бидэнд дараагийн хүмүүсээ л санал болгоно. Ардчилсан улсын сонгууль ч гэлээ мөнгөөр, ашиг сонирхлоор хэмжигддэг тогтолцоо аль хэдийн бүрдчихсэн.
Жилээс жилд сонгуулиас сонгуулийн хооронд мэргэшсэн нам дамжсан бүлэглэлүүд зөвхөн Засгийн эрхийг авахын төлөөх тэмцэлд бүх хүчээ зарцуулдаг. Тэдний өс хонзон тун удахгүй дээд цэгтээ хүрнэ. Тэд юуны төлөө ингэж тэмцэлдэнэ вэ? Үнэхээр улс эх орныхоо төлөө юу эсвэл манай хоёр хөршийн урт гар ийм хэмжээнд хүргэв үү.
1921 оны Ардын хувьсгалын дараа Монголын төрийн эрхийг Зөвлөлт Орос улс аажим аажмаар гартаа оруулсан гэж хэлж болно. Хувьсгалын удирдагчдын уураг тархи нь болсон Бодоо, Данзан нарыг Монгол Ардын нам дотор нь хагарал үүсгэх замаар буудаж хөнөөчихөөд, хувьсгалт залуучууд нэртэй сүржин байгууллагаар дамжуулан Монголын төрийг зайдагнаж, их хядлагыг эхлүүлсэн Оросын төлөөлөгчдийн нарийн ажиллагааны тухай саяхан нийтлэлч Баабарын бичсэн Солийн Данзан цуврал нийтлэлээс бэлхэн харж болно. Улс төр хэзээ ч харагдаж байгаа шиг ээ байдаггүй. Ардын хувьсгалыг Сүхбаатар, Чойбалсан төдийгөөр төсөөлж, үзэл суртлын мананд төөрсөн Монголчууд одоо ч бүрэн сэрээгүй байна.
Гэвч УИХ-ын сонгуулиар аль хэдийн ард түмний бүрэн дэмжлэг авсан Монгол ардын намын өнөөгийн байдал, эрх нь дэндсэн хүүхдүүд шиг талцаж хуваагдсан улс төрчдийн хийж буй үйлдэл сайн зүйлд хүргэхгүй. Тэдний өс хонзон даамжирсаар нэг өдөр бие биенээ буудаж мэднэ. Эсвэл олон нийтийг эмх замбараагүй байдалд ч турхирч мэдэх юм.
Гэхдээ улсаа “идэх”-ээсээ өмнө алдаагаа эртхэн засах боломж тэдэнд бий.