Т.Октябрь: Монполимет групп нөхөн сэргээлтийг бодитоор харах, туршлага судлах сургалтын бааз бий болгож чадсан
Т.Октябрь: Монполимет групп нөхөн сэргээлтийг бодитоор харах, туршлага судлах сургалтын бааз бий болгож чадсан

Монполимет группийн Байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрь

Нөхөн сэргээсэн талбайгаа аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлнэ
Уул уурхайн салбар байгаль орчныг сүйтгэж, эргээд ашиглах боломгүй болгодог гэх хэвшмэл ойлголт, хандлага бий. Тэгвэл Төв аймгийн Заамар сумын Тосон үйлдвэрийн 900 гаруй га талбайг хамарсан төрөл бүрийн мод бут, нэн ховор ургамлын төрөл зүйл, жимсний төгөл, цэнгэг уст нуур зэрэг 30 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон нөхөн сэргээлтийн ажлын арга барил, туршлагаа бусадтайгаа хуваалцаж,  байгаль орчны нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл сургалтын бааз болгож өргөжүүлэхийн зэрэгцээ, цаашид энэ бүс нутгаа аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгон хөгжүүлэхээр зорьж буй Монполимет группийн Байгаль орчин нөхөн сэргээлтийн албаны дарга Т.Октябрьтай ярилцлаа.

-Монполимет групп өнгөрсөн хугацаанд хэчнээн га талбайг нөхөн сэргээсэн бэ?

-Манай компани 33 жилийн өмнө уул уурхайн олборлолт явуулж эхэлсэн тэр үеэс л нөхөн сэргээх ажлыг давхар хийж эхэлсэн байдаг. Өнөөдөр олборлолт хийгээд маргааш нөхөн сэргээлт хийх ёстой гэдгийг эрт олж харсан учраас 2000 оны эхээр уул уурхайн үндсэн шалгуур бол нөхөн сэргээлт юм гэсэн жишгийг тогтоож чадсан. Тухайн үеийн компаниуд нөхөн сэргээлт гэж ярьдаггүй байхад л хийгээд, харуулаад явж байсан. Тэгэхээр энэ бол ганц хоёрхон жилийн ажил биш тэр үеэс л тасралтгүй хийж ирсний үр дүн. Манайх 2006 онд олон улсын байгууллагуудтай хамтраад уул уурхайн анхны үзүүлэх сургалт зохион байгуулахад Монполимет компани хамгийн анхны тэргүүний нөхөн сэргээгч гэдэг байгууллагаар тодорч байсан юм. Дараа нь 2007 онд бид өөрсдөө Заамарын Тосон үйлдвэр дээрээ үзүүлэх сургалт зохион байгуулж байсан. Одоо бол олборлолт хийсэн 1000 гаруй га талбайнхаа 90 хувьд нь буюу 919 га-д техникийн нөхөн сэргээлт, 65 хувьд нь буюу 660 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна.

-Багцаагаар хэр урт үргэлжлэх талбай гэсэн үг вэ?

-Техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэж байдаг. Техникийн нөхөн сэргээлт нь 920 гаруй га талбайг хамарсан бол биологийн нөхөн сэргээлтийг 630 орчим га талбайд хийгээд байна. Олборлолт хийсний дараа тухайн газрыг анх байсан хэвэнд нь оруулж тэгшлэх үйл явцыг техникийн нөхөн сэргээлт гэж хэлдэг. Дараа нь тэгшилсэн талбай дээрээ мод бут, өвс ургамал тариалах үйл явцыг нь биологийн нөхөн сэргээлт гэж ойлгож болно. Тэгэхээр техникийн нөхөн сэргээлт нь биологоосоо түрүүлж явдаг гэсэн үг. Бид нарын туршлагаас харахад 90:60 гэсэн харьцаатай байдаг. Бидний нөхөн сэргээсэн талбайн өргөнийг нь тооцохгүйгээр зөвхөн уртыг нь багцаагаар бодоход 10 орчим км үргэлжлэх газар, нийт үйлдвэрлэл явуулсан талбайн 87,5 хувийг нөхөн сэргээсэн байна.

2Техникийн нөхөн сэргээлт хийх үе болон Биологийн нөхөн сэргээлт хийсний дараах байдал

-Та Монполимет группийн Байгаль орчин нөхөн сэргээлтийн албыг удирддаг юм байна. Уул уурхайн компани байгаль орчны нөхөн сэргээлт хариуцсан албатай байхын давуу тал, ач холбогдол нь юу вэ?

-Манайх 2005 оноос байгаль орчны мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж эхэлсэн. Тухайн үед уул уурхайн салбарт байгаль орчны мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, нөхөн сэргээлт хийдэг гэсэн ойлголт бага байсан. Уул уурхайн салбарт байгаль орчны чиглэлийн олон янзын мэргэжлийн хүмүүс шаардлагатай. Манай анхны мэргэжилтнүүд ойжуулалтын хүмүүс байсан. Дараа нь агрономич, экологич, ургамал судлаач, ландшафт архитектор гээд олон чиглэлийн хүмүүсийг авч байгаль орчны нөхөн сэргээлтийн алба болтлоо өргөжсөн. Өөр өөр мэргэжлийн хүмүүс ингэж хамтарснаар нөхөн сэргээлтийг технологийн дагуу, үр дүнтэй хийх боломж бүрддэг. Одоогоор манай байгаль орчин нөхөн сэргээлтийн алба нарийн мэргэжлийн болон туслах ажилчид гэсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

-Анх нөхөн сэргээлтийн ажлаа яаж хийдэг байв. Өнөөдөр арга барил, технологийн хувьд яаж өөрчлөгдсөн бэ?

-Эхлээд мод л тариад байсан. Нэг зуу, хоёр зуу, гурван зуун мод ч гэдэг юм уу. Жил бүр нэмж тариад л усны машинаар услаад явсан. Сүүлдээ нөгөө мод чинь 100 биш 1000, 2000, 3000, 100 мянга болоод нэмэгдээд явчихаар услахад хүндрэлтэй болсон. Тэгээд энэ их модыг яаж хүртээмжтэй услах вэ гэдэг шийдэл хайсан. Тэгээд тухайн үеийн гадаадын шинэ технологиудыг хайж нэвтрүүлээд, хөгжөөд явчихсан. Одоо модон дээр л гэхэд Солонгосын дуслын усалгааны системийг ашиглаж байна. 2000 оны эхээр энэ технологийг хэр баргийн хүмүүс мэддэггүй, оруулж ирэхэд маш их хөрөнгө зардаг байсан. Бид тухайн үед Ногоон хэрэм төслийнхөнтэй уулзаж мэдээд уул уурхайн салбарт анх нэвтрүүлж байлаа. Одоо бол энэ усалгааны технологийг бүгд мэддэг болсон. Ер нь бид гарч ирсэн асуудал бүрээ шийдэхийн тулд шинэ технологи, инновац нэвтрүүлж байсан нь нөхөн сэргээлтийг амжилттай хийх үндэс болсон. Бид модныхоо төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 2005 онд “Мод үржүүлгийн газар”-ыг байгуулж, сибирийн цагаан улиас, лавар навчит улиас, саваа хэлбэрт бургас, туулын бургас болон Увс аймгийн Боршоо Хөндлөнгийн голоос авч ирсэн бургасыг үржүүлгийн талбайдаа ургуулж байна. Мөн үрээр хайлаас, шар хуайс, монос, харгана, бүйлс, жигд, гүйлс, голт бор, агч ургуулдаг.

od umnu daraa Биологийн нөхөн сэргээлт хийсэн 305,5 га талбайд 460 мянга гаруй мод тариалсан бөгөөд 17 хүртэлх настай,  5,5 км урт найман хэсэг ойн төглийг бий болгоод байна.

Биологийн нөхөн сэргээлтийг манайх ойжуулалт, бэлчээрийн олон наст ургамал тариалалт, жимсний мод бутны төгөл, нуур цөөрөм байгуулах гэсэн дөрвөн чиглэлээр хийж байна. Тэр болгоноосоо хамаараад усалгаа нь өөр гэсэн үг. Бэлчээрийн олон наст ургамлын хувьд л гэхэд маш олон га талбай хамардаг. Үүнд мод болгоны доор байрлуулдаг дуслын усалгааны систем тохиромжгүй. Тийм болохоор задгай усалгааны систем буюу бороожуулалтын систем ашигладаг.

-Бэлчээрийн олон наст ургамлаас гадна нэн ховор ургамал тариалдаг гэж сонссон. Үүнийг яагаад хийх болсон бэ?

-2017 онд Хөдөө аж ахуйн инновац, бизнес хөгжлийн төвтэй хамтран ажиллах байхад Монгол Улсын Гавьяат агрономич Жамъяндорж гуай манай талбай дээр ирж байсан. Манай талбайг үзчихээд “Би одоо тэтгэврийн насны хүн. Өөрийн хийж эхлүүлсэн ажлаа тарьж, хийж чадах хүмүүст нь даатгамаар байна. Та нар хийж чадах хүмүүс байна” гэж хэлээд өөрийн бэлтгэсэн монгол орны зүүн бүсийн нэн ховор, ховор ургамлынхаа үрийн нөөцийг бидэнд бэлэглэж байсан. Энэ монгол орны Улаан номонд орсон, тархацын хувьд хумигдсан ховор, нэн ховор ургамлуудыг бид тарьж ургуулаад явж байгаа. Жишээ нь, Алтайн сонгино гэж ургамлыг л гэхэд Тосон үйлдвэрт тариалдаг. Алтайн сонгино бол ашиг шим сайтай, нэн ховор ургамалдаа ордог. Дээр нь байгалийн ийм ургамлыг тарималжуулж ургуулна гэдэг маш хүнд. Олон жилийн туршлага, судалгаан дээр үндэслэдэг учраас их хэмжээгээр ургуулж, зарж борлуулах боломж нь бага. 

Бид нар өөрсдийн хэмжээнд л тарьж ургуулдаг. Хэдийгээр манайх шинжлэх ухааны байгууллага биш ч гэсэн цаашид нэг ч гэсэн устаж үгүй болоход ойртсон ургамлын төрөл зүйлийг авч үлдэж байна. Ер нь бол улсын хийх ёстой ажлыг бид хийж байна гэсэн үг. Магадгүй улсаас хэдэн жилийн дараа энэ ургамлыг яаж ургуулах вэ гэвэл манайд бэлэн судалгаа шинжилгээ, арга зүй, нөөц нь бэлэн байна.

Гэхдээ бэлчээрийн олон наст ургамал шиг өргөн уудам нутагт, их хэмжээгээр ургуулах боломжгүй. Харин бид бэлчээрийн олон наст ургамлыг Монгол орны хээр талд ургадаг мал идэхэд тохиромжтой шар царгас, согоовор, өлөн өвс, ерхөг, хиаг, ботууль зэрэг 7-8 төрлөөр нь тарьж байна. Мал идээшлэхэд энгийн бэлчээр нутгаас илүү тарга тэвээрэг авдаг онцлогтой. Нөхөн сэргээлт хийснээс хойш нэгээс хоёр жилийн дараа тэр талбайд мал байнга бэлчиж байдаг. Хажуугаар нь хамаагүй өндөр өвстэй бэлчээр байхад л манай талбай руу орж бэлчээд байдаг. Ингэж малын бэлчээрт тохиромжтой, тааламжтай гэдэг нь батлагддаг.

DSC04762 Монполимет групп 2017 онд ХААИС-ийн Иновац, бизнес хөгжлийн төвтэй хамтран био нүүрсэн бортогыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь уул уурхайн нөхөн сэргээлтийн ажилд шинэлэг үйл явдал болж, жилийн дөрвөн улиралд мод, бут тарьж суулгах боломжтой болжээ.

-Зөвхөн нөхөн сэргээгээд хуучин хэвэнд нь оруулах биш илүү шим тэжээлтэй ургамлын нөөцтэй бэлчээр нутаг үлдээж байна гэж ойлгож болох уу?

-Бид олборлолт явуулахаас өмнө байгаль орчны суурь судалгаа хийдэг. Ингэхдээ уул уурхай хаалтаа хийсний дараа яаж хүлээлгэж өгөх вэ гэдэг зорилгоо тодорхойлдог. Өмнөх байсан хэвэнд нь оруулах эсвэл өмнөхөөсөө сайжруулах гэсэн хоёр ойлголт байдаг. Манай хувьд өмнөх байснаас нь илүү сайжруулж, биологийн олон янз байдлыг бүрдүүлсэн нөхөн сэргээлт хийх зорилго тавьж ажилладаг. Заамарын Тосон үйлдвэрийн орчимд анх голоо дагасан бургасан төглүүдтэй байсан бол одоо 14-15 төрлийн мод, нуур цөөрөмтэй болсон. Биологийн төрөл зүйл нь ингэж нэмэгдсэн гэсэн үг.

-Өмнө нь нуур цөөрөм байгаагүй гэсэн үг үү?

-Манай хамт олон Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 16 га талбайтай цэнгэг устай Тосон нуурыг 2001 онд байгуулсан. Нуур хийхээс өмнө олон газраас туршлага судалж байсан. Уул уурхай өндөр хөгжсөн Америк болон Европын орнуудад нуур хийсэн туршлага маш их юм байна лээ. Тухайн үедээ манайхан энэ хэсэг газарт нуур үүсэх тохиромжтой нөхцөл нь бүрдчихсэн юм байна гэж үзээд байгуулсан. Тосон нуурын онцлог нь юу вэ гэхээр Туул голынхоо хөндийд байрладаг учраас хүйн холбоотой гэсэн үг. Ер нь нууранд өөрийн гэсэн биологийн зүй тогтол, шаардлагууд байдаг. Жишээ нь, Тосон нуур хөрсний гүний цэвэр устай үе давхаргаар байнга сэлбэгдэж байдаг. Мөн зэвэг, алгана, цурхай, хэлтэг, цулбуурт гэсэн таван төрлийн загас амьдардаг. Жил бүр хун, бор галуу, хар галуу, алаг нугас, цахлай, дэглий зэрэг усны шувууд өндөглөж, зусахаас гадна эргийн нөхөн сэргээлт хийсэн талбайд улиас, хайлаас, бургас зэрэг мод тариалсны хажуугаар зэгс, шагшуурга зэрэг усны ургамал даган ургасан. Ийм болохоор 2011 оны Монгол Улсын усны тооллогоор Тосон нуурыг улсын бүртгэлд бүртгэж авсан юм. Одоо тэр хавийн малчдын мал ирж байна. Зэрлэг ан амьтад ч гэсэн ундаалдаг болчихсон. Саяхан хэдэн буга ирээд ундаалж байхыг нь бид харсан. Бид Монгол Улсдаа анх удаа хиймэл нуур байгуулж хүлээлгэж өгсөн тохиолдол нь энэ.

cover hugjil_gal_3 Тосон нуур

-Танайх Монгол Улсдаа бол жишиг нөхөн сэргээгч компани болж чадсан. Дэлхийн жишигтэй харьцуулбал шалгуур, шаардлагыг нь хангаж байгаа юу?

-Манай нөхөн сэргээлтийн ажилтай танилцахаар Герман, Австрали, Америк, Этиоп, Мьянмар зэрэг олон улс орноос хүмүүс ирж байсан.  Өндөр хөгжилтэй орны хүмүүс ирж үзээд “Олон улсын стандартын дагуу хийгддэг нөхөн сэргээлтийн ажлыг бүгдийг нь маш сайн хийдэг болчихсон юм байна” гэж хэлдэг. Этиоп, Мьянмар зэрэг хөгжиж байгаа улсуудын төлөөлөл бол танайхаас авах туршлага, суралцах зүйлс бидэнд их байна, танайх шиг өөрийн орныхоо онцлогт нийцсэн нөхөн сэргээлтийн арга туршлагаа нэвтрүүлж, төлөвлөж ажиллах хэрэгтэй юм байна аа гэж үнэлдэг. Тэгэхээр бид өөрсдийгөө дэлхийн жишигт нийцсэн нөхөн сэргээлт хийж байна гэж дүгнэдэг. Ийм болохоор өөр уул уурхайн компаниуддаа энэ чиглэлийн мэдлэгийг олгох, туршлага хуваалцах, уул уурхай л гэхээр байгаль сүйтгэдэг, нөхөн сэргээдэггүй гэх хүмүүсийн харах өнцгийг өөрчлөх зорилгоор нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл сургалтын бааз байгуулан ажиллаж байна. Ганцаараа манлайлаад байх биш бусад нь ч гэсэн ялгаагүй өөрчлөгдөх ёстой. Тэгж байж салбараараа сайжирч хүмүүсийн харах өнцөг нь өөрчлөгдөнө. Ийм бодлого, зорилготой ажилладаг.

-Туршлагаа ямар хэлбэрээр, яаж хуваалцдаг вэ?

-Манай дээр уул уурхайн үзүүлэх сургалт дөрвөн удаа болж байсан. Гурвыг нь олон улсын болон төр захиргааны байгууллагуудтай хамтран хийж байсан. Нэгийг нь орон нутгийн үзүүлэх сургалт гээд Заамарт үйл ажиллагаа явуулдаг бүх уул уурхай компаниудаа оролцуулаад орон нутгийн иргэд, ЗДТГ-тай хамтраад хийсэн. Компаниудад нөхөн сэргээлтийг яаж үр дүнтэй  хийх талаар тусгайлсан сургалт зохион байгуулж, зааж байлаа.

Нутгийн иргэдийг ч гэсэн оролцуулаад нөхөн сэргээлтийн ажлын дараалал, арга барилыг бодитоор үзүүлж, харуулсан. Ийм болохоор нутгийн иргэд манайд ам сайтай байдаг. Бусад уул уурхайн компаниуд ч гэсэн нэг үеэ бодвол нөхөн сэргээлтээ хамаагүй сайн хийдэг болчихсон. Манай хувьд уул уурхайн нөхөн сэргээлтийн үйлдвэрлэл сургалтын бааз болчихсон үйл ажиллагаа явуулж байна.

Анх 2014 онд сургалт зохион байгуулж байхдаа ийм сургалтын бааз байгуулж төрийн байгууллага болон уул уурхай компаниуд туршлага хуваалцах, нөхөн сэргээлтийн ажлыг зөв хийх тэр боломжийг бүрдүүлэх ёстой юм байна гэдэг зорилго тавьсан. Одоо энэ зорилгодоо хүрсэн, цаашид улам сайжруулаад явна. Бид ХААИС-тай хамтраад уул уурхайн нөхөн сэргээлтийн сургагч багш нар бэлтгэсэн. Хавар бүр их, дээд сургуулиудын оюутнууд ирж нөхөн сэргээлтийн ажлын туршлага, судалгаа хийдэг. Манайх нөхөн сэргээлтийг бодитоор харах, суралцах ийм сургалтын бааз болж чадсан.

toson Нөхөн сэргээсэн талбай

-Албан ёсоор сургалт хийдэг үү? Эсвэл хүмүүс ирж танилцахад нээлттэй хэлбэрээр ажилладаг уу?

-Манайд хүсэлт тавиад нөхөн сэргээлтийн талбайг үзэж сонирхоход үргэлж нээлттэй байдаг. Цаашид нөхөн сэргээсэн талбайгаа аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхээр зорьж байна. Манай Тосон нуурыг загасчид сайн мэддэг. Өвөл, зунгүй Улаанбаатар хоттой ойрхон загасчлах боломжтой газрын нэг бол манайх. Барьсан загасаа буцаагаад усанд нь тавьдаг тийм соёлтой, тэндээсээ гоё мэдрэмж авдаг аялал жуулчлалын нэг хэсэг болсон. 2013 оны үзүүлэх сургалтаар бид нуураа хүмүүст үзүүлье гээд Туул гол дээгүүр дүүжин гүүр барьж очиж үзэх боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна аялал жуулчлалын бүсийг бий болгох зорилгоор Тосон нуурын эргийн 700 метр урт, гурван метр өргөнтэй талбайг чулуугаар өрж тохижуулан нуурын эргийг зүлэгжүүлж, амрах, загасчлах зориулалтаар модон саравч, сандал, ширээ байгуулж, явган хүний чулуун зам хүртэл хийсэн. Ийм болохоор сүүлийн 5-6 жилд бидний тарьж ургуулсан мод болон нуурын орчимд хүмүүс маш их ирж амарч зугаалдаг тийм газар болж хувирсан.

-Жимсний мод бут тариалах болсон нь аялал жуулчлалын бүс болгох зорилготой холбоотой юу?

-Орон нутгийн иргэдийн хүсэлтээр тарьсан. 2011 онд Заамарын иргэд нөхөн сэргээлт хийсэн талбайдаа жимсний мод түлхүү тариач ээ гэж хүссэн. Ингээд өмнө нь жимсний мод бага хэмжээгээр тарьдаг байсныгаа тусгайлан төгөл болгож таръя гээд ажлаа эхлүүлсэн.  Одоогоор чацаргана, үхрийн нүд, монос зэрэг моднуудыг нийт таван га талбайд тариалаад байна.

jjjjj

Тосон үйлдвэрийн улиасан төгөл, 10 жилийн өмнө ба дараа

Бид цаашид Заамарын хөндийд маршрут гаргаж, аялал жуулчлалын бүс болгох зорилготой. Одоо бол уул уурхайн ажил үргэлжилж байгаа учраас боломжгүй. Уурхайн ажил бүрэн зогссоны дараа Тосон уурхай ингэж ажиллаж байгаад нөхөн сэргээлтээ ингэж хийсэн гэдэг түүхийг харуулсан аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгож хөгжүүлнэ. Өнөөдөр нөхөн сэргээлтээ хийгээд тэр ажлынхаа суурийг нь бэлдээд явж байна гэсэн үг. Гэхдээ үүнийг хийхэд төр засгийн бодлогын дэмжлэг хэрэгтэй. Жишээ нь, бид нөхөн сэргээсэн талбайгаа улсад хүлээлгээд өглөө гэхэд хууль бус олборлогч нар /нинжа/ орохгүй гэх баталгаа алга байна. Бусад компанийн хүлээлгэн өгсөн талбай руу орсон тохиолдол гардаг. Тийм болохоор бид дараагийн эрсдэлээс сэргийлж нөхөн сэргээсэн талбайгаа шууд хүлээлгэж өгөх тал дээр болгоомжтой ханддаг. Зарим тохиолдолд газраа хүлээлгэж өгөхгүйгээр газрын төлбөрийг нь төлөөд явдаг ч тохиолдол байна. Иймэрхүү хүндрэл бэрхшээлүүд их гардаг ч аль болох зөв шийдлээ олоод нөхөн сэргээлтийн туршлага, түүхээ бусадтай хуваалцахын төлөө хичээн ажиллаж байна.

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.