Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жилийн нээлт болов.
Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж байгууллага хамтран зохион байгуулсан үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй малчин, тариаланч, фермер эмэгтэйчүүдийн 100 гаруй төлөөлөл зарим яам, Улаанбаатар дахь ЭСЯамд, олон улсын байгууллага, ТББ, орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөл оролцов.
Дэлхий дахинд хүнсний аюулгүй байдал, хүрэлцээг хангах, хөгжлийг урагшлуулах, ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг салбар бол хүнс, хөдөө аж ахуй. Тэгвэл энэ салбарт өдөр тутам хөдөлмөрлөгч, нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэгч нь олонхдоо эмэгтэйчүүд байдаг. Тэд газар тариалан, мал аж ахуйн ажлаа хийж эрүүл, эко хүнсний боловсруулалт, хадгалалт, хангалт нийлүүлэлтийн гинжин хэлхээг саадгүй явуулж, өрх гэрийнхээ амьжиргааг залгуулахын сацуу орон нутгийн эдийн засгийг хөдөлгөж байдаг юм.
Манай улсын эдийн засгийн тулгуур, хөдөө орон нутгийн амьжиргааны эх үүсвэрийг бий болгогч нь хүнс, хөдөө аж ахуйн салбар. Малчин, тариачин болон эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгч эмэгтэйчүүдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр айл өрхийн өдөр тутмын амьдрал сайжирч, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэл бодитоор өсөж хөгжиж байдаг.
Б.Батцэцэг: Хөдөө аж ахуйд инновацыг нэвтрүүлж байж эмэгтэйчүүдийн ажлын ачаалал багасаж, үр ашиг нэмэгдэнэ
Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийг нээж хэлсэн үгэндээ энэ салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн бүтээмж, орлогын үнэлэмжийг дэмжиж, тодорхой таван чиглэлд бодитой ахиц гаргахаар зорьж буйгаа танилцуулсныг хүргэж байна.
Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол. Хичээл сургалт, зөвлөх үйлчилгээ, туршлага солилцоог орон нутагт хүртээмжтэй болгох нь хамгийн үр дүнтэй, өгөөжтэй хөрөнгө оруулалт болно.
Хоёрдугаарт, санхүүгийн хүртээмж. Зээл, даатгал, хадгаламж, зах зээлийн мэдээлэл, гэрээт нийлүүлэлт зэрэг санхүү, эдийн засгийн хэрэгслүүдэд эмэгтэйчүүд идэвхтэй оролцох боломж нөхцөл бүрдэх ёстой. Тэгвэл зөвхөн өрхийн орлого нэмэгдээд зогсохгүй хүнсний тогтолцоо тогтвортой болно.
Дөрөвдүгээрт, түншлэлийн харилцаа. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг нэг зорилгод уялдуулж, бодит үр дүн гарахуйц төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Тавдугаарт, хөдөлмөр хөнгөвчлөх техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх. Эмэгтэйчүүд орон нутагт ажиллаж амьдрах илүү таатай орчныг бүрдүүлэхэд технологийн дэвшлийг ашиглах арга замаар биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх арга замыг эрчтэй нэвтрүүлэх боломж эрэлхийлэх нь нэн чухал байна. Мөн малчин, тариачин эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах, үр хүүхдээ өсгөн бойжуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг илүү сайн бүрдүүлэх хэрэгцээ бий.
Ш.Цэрэндэжид: Бидний ажилд цаг байхгүй
Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр багийн малчин Ш.Цэрэндэжид
Үйл ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэдний нэг бол Ховд аймгийн Дарви сумын Дэлгэр /хоёрдугаар/ багийн малчин Ш.Цэрэндэжид. Барилгын засал чимэглэлийн мэргэжил эзэмшсэн боловч 1994 онд айлын эзэгтэй болсноос хойш 30 гаруй жил мал маллан амьдарч байгаа ажээ. Мал нь төллөөд эхэлсэн бөгөөд ирэх сарын 20-д гэхэд дүүрчих гэнэ.
Мал малын захтай, хонь ямааны тоо арай түрэнги, жилд 150-иад төл авчихдаг. Малын толгойгоо 500-аас хэтрүүлэхгүй бас буулгахгүй хэмжээнд барьж тоо бус чанарт анхаарч бас өөрсдийгөө нэг их ядраахгүй цомхон малтай байхыг бодож буйгаа ярив.
Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөснөөс бага хүү нь аав ээжийн удам залгаж малчин болохоор шийджээ. Нийтлэг малчдын адилаар малынхаа ашиг шимээр амьдралаа залгуулдаг. Дөрөвдүгээр сард ямаагаа самнаж ноолуур борлуулаад хэрэгцээндээ зарцуулдаг. Өнгөрсөн жил нэг килограмм ноолуур 120 мянган төгрөгөөс буугаагүй. Энэ жил ямар байх нь ирэх сараас л мэдэгдэх байх. Зуны цагт өөрсдийнхөө хэрэгцээний идээ цагааг боловсруулж аваад наймдугаар сараас хойш сумын төв рүүгээ оруулж бага сага цагаан идээ зардаг аж. Ямааны сүү нэг литр нь 5000, нэг килограм ааруул 20 мянга гээд худалдахаар өрхийн санхүүд хөөрхөн дэмжлэг болдог. “Баялаг Сутай” хоршооны гишүүн учраас сүү, цагаан идээгээ борлуулахад давуу талтай байдаг гэлээ.
“Одоо цагт мал маллах ер нь ямархуу байна. Залуус малчин болоход ер нь боломж харагдаж байна уу?” гэж асуухад
“Уул нь арай эрт үед малтай байх, мал маллахад боломжууд байсан. Одоо болохоор үнэндээ жаахан хавчигдаад байна. Дэлхий хангай минь гарч өгөхгүй байна. Хүүхэд залуус чинь бас халшрах гээд байх. Бид бол яах вэ, 30 жил мал дагаж, юм юм л үзэж, бэрхшээл саадыг давж, өвдөхгүй л бол зүтгэж явсан хүмүүс. Гэхдээ байгалийн бэрхшээл гэдэг хэцүү. Байгаль дэлхийтэйгээ зөв харилцах хэрэгтэй байна. Ер нь хөдөөгийн бид нарын ажил чинь цаг, наргүй. Ерөөсөө өглөөд гараад орой л орж ирдэг. Маргааш нь дахиад нөгөө л хэвээрээ байдаг ийм ажил шүү дээ” гэж хариулав.
Г.Эрдэнэчимэг: Фермер эрхлэгч эмэгтэй гэдэг нэр томьёог анх удаа сонсож байна
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Баян мөнх ундарга” хоршооны дарга Г.Эрдэнэчимэг
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас “Баян мөнх ундарга” хоршооны дарга Г.Эрдэнэчимэг зарим гишүүний хамт өнөөдрийн үйл ажиллагаанд иржээ. Тэрбээр 16 жилийн өмнөөс үнээний ферм эхлүүлж, 2011 онд хоршоо байгуулсан бол хоёр жилийн өмнөөс дундын хоршоонд нэгдэн үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсэн байна. Фермийн үнээний сүүгээ ЕБС-ийн “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрт нийлүүлж эхэлжээ. Дундын хоршооны зарчмын дагуу үнээний ферм сүүгээ үйлдвэрлэгчид нийлүүлэх бөгөөд үйлдвэрлэгч тал стандартын дагуу ариутгаж, савлаж бэлэн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчид хүргэдэг ажээ.
Одоогоор Баруун-Урт сумын гурван сургууль болон зарим цэцэрлэгийн суралцагчдыг сүүгээр хангаж буй бөгөөд энэ ажилдаа сэтгэл хангалуун, маш их баяртайгаар хийж буйгаа онцолж байлаа. Тэд цаашид аймгийн төвийн бүх сургууль, цэцэрлэг болон сумдын сургуулиудад сүүгээ хүргэх зорилго тавьжээ.
Энэхүү ажил нь фермер эмэгтэйчүүдийн сүү борлуулах асуудлыг шийдээд зогсохгүй хүүхдүүдийн эрүүл мэндэд хийж буй эерэг үйл болсон байна. Өдөрт 20 орчим үнээнээс 100-150 литр сүү сааж сургууль, цэцэрлэгт нийлүүлэх хэсгийг үйлдвэртээ өгөөд илүү гарсныг нь 3-4 мянган төгрөгийн ханшаар борлуулалтын цэгүүд, дэлгүүр хоршоогоор зардаг. Нэг литр сүүгээ 3500 төгрөгөөр бодож үйлдвэрт өгдөг гэв.
Өнөөдрийн уулзалтын талаар таны сэтгэгдлийг сонсъё. Танайх “хоршооны зээл” авч байсан уу. Фермер эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгамдаж байна, тэдгээрийг шийдвэрлэх ямар арга зам байна вэ, таны бодлоор? гэдэг асуултад
Ухаандаа эмэгтэй гишүүд нь гэсэн болохоор өнөөдөр энд эмэгтэйчүүд нь ирчхээд байна. Тэрнээс манай хоршооны дарга нарын олонх нь эрэгтэй хүн байдаг байхгүй юу. Сэтгэгдэл өндөр байгаа. Бид нар бараг анх удаагаа фермер эрхлэгч эмэгтэй гэдэг нэр томьёог сонсож байна. Мэдээж үйл ажиллагаа явуулахад санхүүжилт хэрэгтэй. “Хоршооны зээл”-д хамрагдсан. Хөдөө аж ахуйн яамнаас 2-3 жилийн өмнө хэрэгжүүлсэн бас нэг хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зээлийн шалгуурт нь хөдөө аж ахуйн газраасаа тодорхойлолт авах буюу яг тухай салбартаа ажилладаг гэдгийг нь баталгаажуулж байсан. Тэр зээл бол маш үр дүнтэй, зорилтот бүлэгтээ хүрсэн.
НҮБ-ын төлөөлөгчийн илтгэлд бидэнд тулгамддаг бас шийдэж болох асуудлыг үнэхээр зөв өнцгөөс дугаарлаад ярьж байна. Эдийн засгийн дэмжлэг нэгдүгээрт хэрэгтэй. Тэрхүү дэмжлэгийг үр ашигтай ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд бидэнд сургалт, мэдээлэл шаардлагатай. Хамгийн энгийнээс хэлбэл, бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж гараар үнээ сааж байгаад фермер эхлүүлж буй хүнд цахилгаан саалтуурыг ажиллуулах нэг, хоёрхон өдрийн сургалт хэрэгтэй шүү дээ. Эсвэл үнээний байраа яаж зөв барих вэ гэдэг ч юм уу. Бид нар чинь бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж байгаад ийм суурин юм эхлэхдээ жижиг гэлтгүй алдаа гаргадаг байхгүй юу. Мэдээж алдаагаа засаад алхам алхмаар урагшилна л даа. Тэгэхээр эрчимжихийн тулд, эхнээс нь зөв хийхийн тулд шат болгон дээр нь шинэ техник технологийн сургалт мэдээлэл яах аргагүй хэрэг болно гэж хариулав.
Мөн тэрбээр Сүхбаатар аймаг хивэг тэжээлийн, гурилын үйлдвэр байхгүй учраас фермийн үнээний бүхий л тэжээлийг өртөг шингэсэн өндөр үнээр худалдаж авдаг. Үүнээс улбаалаад сүүний өртөг нэмэгддэг нь нэг сул тал болдог. Харин цагийн мууд бэлчээрийн малтай харьцуулахад хоргодол цөөнтэй байсан нь фермерийн аж ахуйн нэг давуу тал юм билээ гэж ярьсан юм.
Гэрэл зургийн эх сурвалж: ГХЯ
“Эмэгтэйчүүд хүнс, хөдөө аж ахуйн ирээдүйг бүтээнэ” гэж томьёолсонтой маргахын аргагүй. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллах хүчний 41 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна гэжээ. Харин Монгол Улсад тус салбарт ажиллаж буй 689 мянган хүний 48 хувь нь эмэгтэйчүүд байдаг. 2025 онд 130305 малчин эмэгтэй бүртгэгдсэн бөгөөд 2022 онтой харьцуулахад 7013-аар нэмэгдсэн гэж салбарын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун илтгэлдээ онцолсон.
Монгол орны өнцөг булан бүрээс цугларсан малчин, тариаланч, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр “эрхэмсэг хатагтай нар” хэмээн хүндлүүлж, өөрсдийн ажил хөдөлмөр, үйл ажиллагаа, дадал туршлага, асуудал бэрхшээлээ ярилцав. Тэдний оролцоо, санал санаачилга, мэдлэг ур чадвараа нэмэх, өөрсдийгөө хөгжүүлэх, хамтрах ажиллах зэрэг нь улс орны хүнсний тогтвортой тогтолцоо, орон нутгийн амьжиргаа, эдийн засагт чухал ач холбогдолтой юм.