Б.Энхцэцэг: Эрсдэл дундаас л “болж байна” гэдгээ олж хардаг юм билээ
Б.Энхцэцэг: Эрсдэл дундаас л “болж байна” гэдгээ олж хардаг юм билээ

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн бэлтгэлийн ахлах ажилтан, хошууч Б.Энхцэцэг

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Социологи, сэтгэл зүйн бэлтгэлийн бэлтгэлийн ахлах ажилтан, хошууч Б.Энхцэцэгтэй төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын сэтгэл зүйчийн ажил, хилчин бүсгүйн амьдралын тухай ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Танай ангийн сэтгэл зүйн албаар сонин сайхан юу байна даа. Шинэ арга барил алба хаагчдад таалагдаж байна уу?

-Сайн байна уу. Заа, бид бусдынхаа л адил ажиллаж байна. Яагаад гэвэл цэргийн байгууллага чинь шууд удирдлагатай, батлагдсан нэг удирдлагын баримт бичгийн дагуу бүгд үйл ажиллагаа явуулдаг. Манай хил хамгаалах байгууллагын сэтгэл зүйн салбар ерөнхийдөө их шинэчлэгдэж байгаа. Боловсон хүчнүүд нь ч мэргэжлийн болж байна, хүмүүсээ сургаж дадлагажуулах, мэргэшүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байна. Хүмүүсийн сэтгэл зүйчид ханддаг хандлага ч харьцангуй өөрчлөгдөж байна. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа гэдгийг мэддэг болж байна л даа.

-Таныг, танай үеийнхнийг анх төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагад сэтгэл зүйч болж байсан үеэс их өөрчлөгдөж байгаа бололтой?

-Хүний эзэмшсэн мэргэжил, хийдэг ажлыг хамт олон, удирдлага нь ойлгоод, дэмжээд, харилцаад, хандаад ирэхээр ажиллахад ч урамтай байдаг юм. Ажлын байрны тодорхойлолт ч тодорхой бус, ямар эрх зүйн баримт барьж юу хийх нь тодорхойгүй үед сэтгэл зүйчээр ажиллаж эхэлж байсан бидний үеийнхэн одоогийн сэтгэл зүйчийн ажлын шанг татсан гэж боддог. Тэгээд дараа дараагийн үеийнхэн гараад явахаар маш гоё болж байна. Манай хил хамгаалах байгууллагад Сэтгэл судлалын сектор байгуулагдлаа. Ингэснээр ажил тодорхой, үр дүнтэй маш сайхан болж байна. 

Тухайлбал, бид хил хамгаалах байгууллагад шалган нэвтрүүлэхийн албанд ямар сэтгэл зүйтэй хүн илүү үр бүтээлтэй ажиллах вэ эсвэл харуулын албанд харуулын даргаар ямар сэтгэл зүйтэй хүн яаж ажиллах вэ, ямар темперамент, сэтгэл зүйн онцлогтой хүн илүү ажиллах вэ гэдгийг яг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаад түүнийгээ баримтлаад ажиллахаар ажил илүү үр дүнтэй болж байна шүү дээ.

Энэ жилээс манай хил хамгаалах байгууллага урлагаар дамжуулаад бие бүрэлдэхүүний сэтгэлийг судалъя, танья цаашаа үргэлжлүүлээд засъя гэдэг зүйлийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь зургаар сэтгэл зүйг таних, оношлох арга буюу арт терапи аргыг хэрэглэж үзэж байна. Үүнийгээ байгалийн сайханд гэдэг арга хэмжээтэй хослуулсан. Байгальд гараад зураг зурах чинь зүгээр нэг өрөөнд суугаад зурахаас ямар ялгаатай юм бэ гэдгийг хүмүүс мэдэрсэн. Тэдэнд үлдсэн мэдрэмж нь гоё байна, өөрийгөө өөр өнцгөөр нээсэн, олж харсан байна, ажлаас өөр сэдвээр ярилцсан байна, хоорондоо. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа нь хүмүүс өөрийн сэтгэл зүйгээ танихад нь илүү алхам болж, сэтгэл зүйн асуудлаа бага ч гэсэн шийдвэрлэж байгаа. Энэ нь алба хаагчдад, сэтгэл зүйч бидэнд ч ажлын талбар дээр үр өгөөжтэй байгаа юм.

-Ер нь төрийн тусгай байгууллагын сэтгэл зүйчээр ажиллахын онцлог нь юу байдаг юм бол. Та цагдаагийн байгууллагаас шууд хилд шилжиж ажилласан уу?

-Тэгсэн, тэгсэн. Увс аймгийн Цагдаагийн газарт сэтгэл зүйчээр ажлын гараагаа эхэлж байлаа, 2007 онд. Долоон жил ажилласан. Тэгээд хилийн цэрэгт ажилладаг хүнтэй гэр бүл болоод энэ албандаа ажиллаж эхэлсэн дээ. 2014 оноос хойш гурав дахь цэргийн ангидаа томилогдон үүрэг гүйцэтгэж байна. Тусгай чиг үүрэгтэй байгууллагад ажиллах нь энгийн байгууллагад ажиллахаас огт өөр шүү дээ. Их хатуужил, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Увс аймгийн цэргийн ангид ажиллаж байхдаа жирэмсэн байж цагийн манаанд үүрэг гүйцэтгэх тохиолдол байж л байсан. Тухайн үеийн нөхцөл байдал тийм байсан байхгүй юу. Үр хүүхэд, гэр бүлдээ зориулах цаг завын асуудал ч байдаг. Ер нь өөрсдөө ч анзаарахгүйгээр маш их хатуужил тэвчээртэйгээр аливааг даагаад гардаг хүмүүс болчихдог юм байна. Энд дааж, энд чадаж байгаа юм чинь гээд хамт олныхоо уур амьсгалыг тэгж төлөвшүүлчихдэг юм байна.

enkhtsetseg_hoshuuch_1 Хилчин бүсгүйчүүд, Ховд аймаг Үенч сум, 2025 оны есдүгээр сар.

-Тэгэхээр цэргийн, тусгай чиг үүрэгтэй байгууллагын сэтгэл зүйчид “зоригжуулагчид” болдог юм шиг санагддаг. Чи чадна, чи чадахгүй бол өөр хэн чадах вэ ч гэдэг юм уу байдлаар зөвлөгөө авч буй хүнтэй харилцдаг ч юм шиг. Гэхдээ би өрөөсгөл ойлгож байж ч магадгүй шүү, уучлаарай.

-Тэгэхээр би бас боддог байхгүй юу. Би жинхэнэ сэтгэл зүйчээ хийж чадаж байна уу эсвэл сэтгэл зүйн дасгалжуулагч хийгээд байна уу гэж. Чи чадах ёстой, чи чадна, энийг даваад гарах ёстой шүү, миний дүү ... гэх мэт зөвлөгөө өгнө шүү дээ. Хэрэв өөр байгууллагын сэтгэл зүйч байсан бол арай өөр ч байх байсан болов уу гэж боддог юм, хааяа.

Гэхдээ өмнөх зарим үетэй харьцуулахад манай бие бүрэлдэхүүн цэрэгтэй ажиллаж сурч байгаа. Үүнд сэтгэл зүйч нарын үүрэг роль бас багагүй хувийг эзэлдэг гэж боддог. Яагаад гэвэл цэрэгтэй холбоотой асуудал үүсэхээр хамгийн түрүүнд тэр цэрэгтэй ажилладаг сэтгэл зүйн ажлаа аваад ир л гэдэг байхгүй юу. Судалгаандаа, шинжлэх ухааны юмандаа итгэх ёстой гэдгийг баталсан хэд хэдэн үйл явдал байдаг л даа. Анги байгууллага, нэр дурдахгүйгээр нэгийг жишээлэн ярья. Тухайн цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн судалгааг гаргаад харахад хилийн салбар руу явахад бэлэн болоогүй, явуулж боломгүй байсан. Гэтэл аав, ээж нь болон өөрөө ч застав руу явъя гэдэг хүсэл тавьсаар байгаад явуулсан. Гэвч тэр цэрэг оргосон. Эрлийн бүлэг ч гарсан, ерөнхий газраас цэрэгтэй ажилласан материалаа явуул гэдэг тушаал ирсэн. Зөвхөн тэр цэрэгтэй ажилласан нийт 42 хуудас судалгааны ажил явуулсан. Дүгнэлт нь явуулж болохгүй л гэсэн байсан.

Цэрэг олдсон. Харин надад “онц хилчин” шагнал ирсэн. Тэр бол миний сэтгэл зүйч гэдэг мэргэжил эзэмшсэний хамгийн том шагнал, хамгийн том урам болсон. Би энэ ажлыг хийж болох юм байна, чадаж байгаа юм байна шүү дээ гэдэг урмыг тэндээс олсон. Тэгээд тийм урам амархан ирдэггүй юм байна. Яг бодитоор эрсдэл дундаас л би болж байгаа юм байна шүү дээ гэдгийгээ олж хардаг юм байна гэж ойлгосон. Тэр туршлагаараа л өдийг хүртэл явж байгаа. Олж мэдсэн, чадсан зүйлс туршлагаа дараа дараагийн хүмүүстээ хэлж, зааж өгсөөр байдаг.

-Сэтгэл зүйчид сэтгэл зүйн асуудал үүсвэл хэрхэн шийдэх вэ?

-Энэ ёстой хамгийн хэцүү асуудал. Байнга үүсдэг шүү дээ. Анх цагдаагийн байгууллагад ажиллахдаа өсвөр насны охин хүчирхийллийн улмаас жирэмсэн болчихсон хэрэг дээр ажиллаж байсан. Тэр хэргийг дуустал явсан л даа. Аав нь охиноо дагуулаад гарахыг цонхоор хараад л мэлмэртэл уйлсан. Тайвширч чадахгүй доктор н.Сарантуяа багш руугаа ярьж байсан.

Тэгэхэд багш минь өөрийнхөө тайтгарлыг олох нэг юм ол. Ном унших, дугуй унах, караокедох ч юм уу гэж зөвлөж байсан юм. Ерөөсөө одоогоос л сэтгэл зүйчийн сэтгэл зүйг ярьж байна шүү дээ. Хил хамгаалах байгууллагаас энэ хаврын сургалт дээр биднийг бүгдийг нь сэтгэл зүйчтэй уулзууллаа.

Ганцаараа ажиллаж байгаа үед аягүй хэцүү байхгүй юу. Энд бол яах вэ хоёулаа ажиллаж буй болохоор бие биеэ сонсоод, сэтгэл зүйн цэвэрлэгээ хийж байна. Нэгийгээ онгойлгохыг, ойлгохыг хичээдэг гэсэн үг. Тэгэхээр яалт ч үгүй л бид нарын тулгамдсан асуудал. Өөр сэтгэл зүйчгүй ийм алслагдмал бүсэд ажиллаж байгаа сэтгэл зүйч нарын хамгийн эхний тулгамдсан асуудал байна шүү дээ. Шийдэгдээгүй асуудал. Ялангуяа шинэ тутам ажиллаж байгаа сэтгэл зүйчдэд маш их тулгардаг байхгүй юу. Сэтгэл зүйчдэд хэзээ ч ажлынхаа асуудлыг гэртээ ч авч очихгүй байх, гэрийн асуудлыг ажилдаа чирч ирэхгүй байх, хүний нууцыг хадгалах чадвар суучихдаг.

-Сэтгэл зүйч туршлагын ажил уу гэдэгт та ямар хариулт өгөх вэ. Амьдрал туулж үзсэн сэтгэл зүйчийн зөвлөгөө илүү амьдралд ойрхон байх уу эсвэл сургууль төгссөн л юм чинь адилхан болов уу?

-Хүмүүс хөндлөнгөөс харахаар тэгж харагддаг юм. Гэхдээ энэ чинь цэвэр шинжлэх ухаан. Яах вэ, олон жил ажиллаад явахаар онол дээрээ туршлагаа нэмээд өөрийн гэсэн арга барилтай болоод явах нь давуу тал. Харин дөнгөж төгсөөд ажиллаж буй сэтгэл зүйчид хандах хүмүүсийн хандлагын асуудал л байгаа юм. Яагаад гэвэл мэдлэг, арга хэлбэрээ эзэмшээд төгсчхөж байгаа учраас. Тухайлбал, бидэнд залуу сэтгэл зүйчдээс суралцах юм зөндөө байна. Залуухан сэтгэл зүйч тухайн зөвлөгөө өгөх хүнээсээ амьдралын туршлагаар бага боловч сэтгэл судлалын арга техникийг эзэмшсэн мэргэжлийн хүн байхгүй юу. Тийм учраас залуу сэтгэл зүйчид маань өөрийгөө тэгж бодож голж болохгүй. Би ч бас эмээж, халширч явсан. Гэхдээ сайхан хамт олонтой таарсан учраас байнга урмаар тэтгүүлдэг байсан. Шантраад уйлах үе ч олон байсан. Яагаад гэвэл бидэнд яг мэргэжлийн чиглэлээс нь заах туршлагатай хүн байгаагүй.

Одоо жишээ нь, баруун аймгийн цэргүүдийн 50-аас дээш хувь нь дотогшоо чиглэсэн байх магадлалтай шүү. Тэр нь орчны хүмүүжлээс болдог юм. Зүүн аймгийн цэргүүд чинь хэт нээлттэй байдаг юм шүү гэдэг туршлагыг бид судалгааны үндсэн дээр олчихсон байгаа болохоор шинэ залуу сэтгэл зүйчдэдээ хэлж яриад, тайлбарлаад өгч байна. Биднийг сэтгэл зүйч болохоор ирж байхад хэн ч тийм юм хэлж өгөхгүй. Бид нар цоо шинэ цаасан дээр ёстой алдаатай оноотойгоо явсан байхгүй юу. Сэтгэл зүйч нар гэж нэг хийх ажилгүй хүмүүс гэдэг үгийг миний үеийн сэтгэл зүйчид маш их сонсож байх. Тэгэхээр залуу мэргэжилтэн, туршлагатай сэтгэл зүйч хоёр хослоод ажиллавал илүү үр дүнд хүрэх боломжтой байгаа юм.

-Та сургуулиа төгсөөд шууд ажилд орно гэж бодож байсан уу эсвэл өөр төлөвлөгөөтэй байв уу?

-Дунд сургуулиа төгсөхдөө л МУИС-ийн хуулийн ангид орж суралцана гэж боддог байсан. Хоёр дахь удаагаа конкурс өгөөд бас л өмнүүрээ таслуулчихсан. Тэгээд хуваариудыг уншиж байгаад сэтгэл судлал гэдгийг ямар сонирхолтой юм бэ гэж бодоод л авчихсан. Хувь заяагаар энэ мэргэжлийг сонгосон гэж боддог. Нутагтаа очтол хүмүүс ямар сонин анги сонгодог юм бэ, төгсөөд ажил олдох юм уу гээд л хүлээж авсан. Сонгосон мэргэжлээрээ дөрвөн жил дажгүй сурсан. Төгсөөд шууд магистртаа сурна гээд их сургуулийн ангийн найзтайгаа хоёулаа зуны амралтаараа “Кэйэфси”-д угаагч хийж эхэлсэн. Тухайн үед манайд анх удаа энэ түргэн хоолны газар нээгдэж байсан юм, Энхтайваны гүүрний дор. Гэтэл нэг өдөр манай найз руу н.Сарантуяа багш маань залгаад “Цагдаагийн ерөнхий газраас сэтгэл зүйч шалгаруулж авна гэж байна. Та хоёр очоод шалгуул” гэсэн. Бид ч очсон. Бид хоёрын бүртгэлийн дугаар 82, 83 байсан. Монголд ийм олон сэтгэл зүйч байдаг юм байх даа гэж ярьсаар шалгаруулалтад оролцож байсан. Хэсэг хугацааны дараа дуудлаа. Ж.Энхцэцэг гэдэг дэслэгч цолтой бүсгүй бидэнтэй уулзаад ажилд авч байгааг хэлсэн. Ингээд магистртаа сурах гээд дансандаа 450-аад мянган төгрөг хураачихсан хүн есдүгээр сараас Цагдаагийн ерөнхий газарт ямар ч цалингүй дадлагажих ажилтан хийж эхэлсэн. Одоо бодоход би их тууштай байсан санагддаг юм. Тэгээд 2007 оны 12 дугаар сарын 15-нд миний тушаалыг хүний нөөцийн хэлтсийн дарга н.Батбаяр хурандаа танилцуулсан. “Заа, миний хүү нутагтаа очиж ажилла даа амжилт хүсье” гээд тушаалыг минь танилцуулж байлаа. Ингэж миний сэтгэл зүйчээр ажиллах ажлын гараа эхэлсэн. Нутагтаа ирж ажиллаад хилийн цэргийн офицер хүнтэй гэрлээд одоо хилчин хүн, хилийн сэтгэл зүйч болчхоод явж байна даа.

enhtsetseg

Хошууч Б.Энхцэцэг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулах үеэр. Улаанбаатар, Төрийн ордон, 2025 он.

-Таны аав ээж таны мэргэжил сонголтод нөлөөлж байв уу?

-Би Увс аймгийн Баруунтуруун сумын хүн. Айлын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь. Аав маань сангийн аж ахуйн тракторч, ээж ахуй үйлчилгээнд оёдолчин хийдэг байлаа. Хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан. Аав минь ном уншиж өгч байгаад яг сонирхолтой хэсэг дээр нь орхичихдог. Бид тэр номыг нь олж үргэлжлүүлэн унших гэж бөөн юм болдог байлаа шүү дээ. Тэр аавын маань биднийг номд дурлуулах арга байсан юм болов уу гэж боддог. Үүнээс улбаалан хуульч болно гэж мөрөөдөж эхэлсэн.

-Та хилчин гэр бүлийн тухай, хилчний амьдралын тухай ярьж өгөөч?

-Эхэндээ бид хоёр талд ажиллаж, амьдардаг байлаа. Ер нь хоёр тусдаа амьдрахын зовлон, жаргалыг мэддэг болохоор хүмүүсийг аль болох тусдаа битгий амьдраасай гэж боддог. Нэг үеэ бодоход манай хилийн цэрэг чинь хүмүүсийг хамтад нь байлгах, гэр бүлээр амьдруулах, айлыг бүрэн бүтэн байлгах тал дээр маш их анхаарч байгаа. Хуучин чинь бол тоодоггүй байлаа шүү дээ. Бид Увсаас Сүхбаатар руу томилогдохоо газрын зураг харсан юм. Монгол Улсын баруун цэгээс ингээд /алсад даялж үзүүлэв.сур/ явчхаж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь Сүхбаатараас Ховдод томилогдлоо. Нэг ийм шилжилт хөдөлгөөнтэй. Хол замд эвдэрч, хэмхэрнэ гээд л гэр орныхоо тавилгыг зараад нүүнэ. Сүүлдээ маш минимал болоод байгаа.

Хилийн цэргийн намайг олон юманд сургасан. Хамгийн түрүүнд надад сэтгэлийн тэнцвэрт байдлыг олсон. Энэ их айлын нэгэн эд эс нь болоод гэр сайхан ажиллаад явж байгаадаа үнэхээр бахархдаг. Хань ижил, дөрвөн хүүхэд маань байна. Хаана ч очсон сайхан хамт олон, сайхан хүмүүстэй таардаг. Өчигдөрхөн бодож байлаа. 

Монгол Улсын хил тайван байна гэдэг энэ тавхан үгийг энгийн хүн тийм амархан ойлгохгүй дээ гэж. Магадгүй, их юм уншсан эх орны тухай мэддэг тийм хүмүүс ойлгох байх. Энэ таван үгийн утга учрыг шуудхан ойлгодог хүмүүс бол бид нар л юм байна гэж. Тавхан үгийн утгаа ч бүрэн ухаарахгүй амар амгалан аж төрж байхад хил хамгаалах байгууллагын хилчид ямар их үүрэг гүйцэтгэдэг юм бэ гээд бодсон л доо.

Олон жил ажиллаад тэр үү эсвэл чөлөөнд гарах нас дөхөөд ч тэр юм уу улам их хайртай болчихдог юм. Улам гоё дурсамж бүтээмээр санагддаг болж. Муу муухай саармаг зүйл олж харахыг ч хүсдэггүй юм байна. Ямар гоё юм бэ, яагаад ийм гоё хамт олон байдаг юм бэ гэж илүү их эргэцүүлдэг болдог юм байна. Тушаалаа аваад тугандаа ёслоод гарах хүртлээ надад мэддэг, чаддаг юу байдаг юм тэр бүхнээ юу ч үлдээхгүй хэлж зааж өгнө, эндээ үлдээнэ, архивлана гэж бодож байна даа.

Танд баярлалаа. Амжилт хүсье.