10 сарын 03, 2025
Ирээдүйд Буддизм ба Шинжлэх ухааны хамтарсан судалгааг X Богд гэгээн хөгжүүлэхэд бид хичээх болно
Ирээдүйд Буддизм ба Шинжлэх ухааны хамтарсан судалгааг X Богд гэгээн хөгжүүлэхэд бид хичээх болно

Гэрэл зургийн эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

“Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад анх удаа Гандантэгчэнлин хийд, Шинжлэх Ухааны Академи, МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлын эхний өдрийн хуралдаан Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болсон бол маргааш /2025.10.04/-ийн илтгэлүүдийг Тэрэлжид хэлэлцэх юм байна.

Хуралд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид оролцож Буддизм болон шинжлэх ухааны огтлолцол, харилцан хамаарлын тухай судалгааны илтгэл хэлэлцүүлж байгаа юм. Эрдэм шинжилгээний хурлыг нээжМонголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, Гэвш Лхаарамба Д.Жавзандоржийн хэлсэн үгээс есөн эшлэлийг онцлон хүргэж байна.

  1. Бурханы шашны сургаалын гол онцлог нь хүний оюун ухаан, сэтгэлийн нарийн шинж чанарыг шинжлэх ухаанч аргаар судалж, хүн өөрийгөө танин мэдэх, сэтгэлээ удирдах чадвар, бусдыг хайрлах, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг төгөлдөржүүлэхэд чиглэдэг. Орчин үеийн шинжлэх ухаан ч мөн адил туршилт, нотолгоонд суурилж, аливаа үзэгдлийн шалтгаан, үр дагаврыг илрүүлэхийг зорьдог. Иймээс буддизм ба шинжлэх ухаан нь хоёр өөр зам мөр мэт боловч хүний оюун ухаан, ухамсар, орчлонгийн зүй тогтлыг судлахдаа ижил төстэй аргууд байдаг.
  1. Өнөөдөр бидний зохион байгуулж буй “Буддизм ба Шинжлэх ухаан” сэдэв бол зөвхөн гүн ухааны онол төдий бус, хүн төрөлхтний ирээдүйд чиглэсэн асар өргөн цар хүрээтэй сэдэв юм. Хүн төрөлхтөн техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн ачаар шинэ нээлтүүдийг хийж, амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал байгаа нь зөвхөн материаллаг хөгжил хангалтгүй болохыг харуулж байна.
  1. Монгол оронд Бурханы сургаал 2000 гаруй жилийн тэртээгээс дэлгэрсэн уламжлалтай. Энэ уламжлалаа орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан, дэлхий дахинд таниулах нь бидний зүгээс хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмэр хэмээн үзэж байна.
  1. Буддизм бол зөвхөн уншлага, засал ном төдий бус, харин өөрийн гүн ухаан, судалгаа, нотолгоогоор даян дэлхийд амар амгалан, хүн төрөлхтөнд аз жаргал авчрахуйц үнэ цэнтэй сургаал гэдгийг шинжлэх ухаанч байдлаар олон нийтэд таниулснаар хүн төрөлхтөнд тулгараад байгаа нийгмийн болон сэтгэл зүйн олон асуудлуудын шийдэх боломжтой юм.
  1. Альберт Эйнштейн тэргүүтэй барууны нэрт эрдэмтэн, судлаачид Бурханы шашныг “Хамгийн шинжлэх ухаанч шашин” гэж тодорхойлсныг бидний энэхүү “Буддизм ба Шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал нотлон харуулахыг зорилоо.
  1. Дээрхийн гэгээн XIV Далай багш 1980-аад оноос эхлэн дэлхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн судлаачидтай хамтран олон цуврал уулзалтыг зохион байгуулж, хүний оюун ухаан, ухамсар, бясалгалын нөлөөг шинжлэх ухааны арга барилтай холбосон нь үнэтэй туршлага болж байна. Энэхүү судалгааны үр дүнд олон жил бясалгал хийсэн лам хуврагуудын дунд судалгаа хийн тэдний тархины бүтцийн өөрчлөлт, анхаарал төвлөрөл, энэрэх сэтгэл, аз жаргалтай холбоотой хэсгүүдийн идэвхжил нь хүний оюун санаа, сэтгэлээ удирдах дадалд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг нотолжээ. Энэрэн нигүүлслийн бясалгал нь стрессийг бууруулах, дархлааг сайжруулах, сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд тусалдаг болох нь батлагдсан.
  1. Шинжлэх ухааны судалгаа нь Бурханы шашны бясалгал, сэтгэлээ удирдах дадал, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх уламжлалтай нягт уялдаж, харилцан баяжиж буй нь онцгой ач холбогдолтой бөгөөд энэ цаг үед нэн чухал болж буй дотоод сэтгэлийн хөгжил, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өөрсдийн оюун санаагаа удирдан жолоодох зэрэгт хичээх нь хүн өөрөө аз жаргалтай болохын зэрэгцээ нийгэмд ч эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс оюун санааны боловсролыг шинжлэх ухааны судалгаа, нотолгоотой уялдуулан хөгжүүлэх нь XXI зууны хүн төрөлхтний эрхэмлэх зорилтуудын нэг болох нь эргэлзээгүй.
  1. Өнөөдрийн хурал нь буддизм ба шинжлэх ухааны уялдаа холбоог бататган, хүн төрөлхтний сайн сайхан, энх тайван, амар амгаланд хамтын хувь нэмэр оруулах шинэ гарцыг эрэлхийлэх чухал алхам болно гэж итгэж байна.
  1. Ирээдүйд Буддизм ба Шинжлэх ухааны хамтарсан судалгааг Монголын Бурханы Шашны тэргүүн, Оройн дээд, Очирдара Аравдугаар Богд гэгээн маань улам ихээр хөгжүүлэхэд бид хичээх болно.