10 сарын 03, 2025
Гадаадын иргэн харьяатын алба хаагчдыг чадавхжуулахад Унгар улстай хамтарна
Гадаадын иргэн харьяатын алба хаагчдыг чадавхжуулахад Унгар улстай хамтарна

Эх сурвалж: ХЗДХЯ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр /2025.10.03/ Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга, бригадын генерал Сандор Гомбостай уулзжээ.

Уулзалтаар Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон Бүгд Найрамдах Унгар Улсын Цагаачлал, иргэний харьяаллын алба хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд гадаад иргэн, харьяатын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, туршлага судлах сургалтыг харилцан зохион байгуулж ирсэн нь үр дүнтэй байгааг тодотгов.

Тухайлбал, 2023-2025 онд Гадаадын иргэн, харьяатын газраас есөн албан хаагч Унгар Улсын хил хяналтын үйл ажиллагаатай биечлэн танилцаж арга зүй, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан байна. Мөн Монгол Улс дахь цагаачлалын нөхцөл байдал, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, цахим үйлчилгээ зэрэгтэй Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын албан хаагчдыг улирал тутамд биечлэн танилцуулж, туршлага солилцох сургалтын бэлтгэл ажил дуусаад байгааг онцлон танилцуулжээ.

Унгар Улсын “Людовика” Төрийн албаны их сургууль Хууль сахиулах тэнхимд гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид төдийгүй бусад харьяа хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг дунд, урт хугацааны бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлсэн байна.