Э.Одзаяа: Бид суралцаж, хөгжиж алхам алхмаар энгийн амьдралдаа бэлдэж байна
Э.Одзаяа: Бид суралцаж, хөгжиж алхам алхмаар энгийн амьдралдаа бэлдэж байна

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахлах ахлагч Э.Одзаяа

Хилийн цэргийн 0130 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, ахлах ахлагч Э.Одзаяатай ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу. Танай ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөр сонин сайхан юу байна даа. Намрын үзэсгэлэн худалдаанд оролцсон гэлээ. Ямар бүтээгдэхүүн танилцуулав, та бүхэн?

-Сайн байна уу. Хил хамгаалах байгууллага, хилийн цэргийн ангиудын Эмэгтэйчүүдийн зөвлөл бол сайн дурын байгууллага байдаг. Бид “Хилчний намар” үзэсгэлэн худалдааг орон нутагтаа зохион байгууллаа.

Нутгийн иргэдэд хилчин бүсгүйчүүдийнхээ хийсэн эко бүтээл, бүтээгдэхүүнийг хүргэхийн сацуу хилийн албаны шинэчлэлийг харуулсан техник хэрэгслээ ч танилцууллаа. Манай ангийн бүсгүйчүүдийн бүтээсэн гол брэнд бол гар урлал түүн дундаа ширмэл олбог байдаг. Буйдан, машины суудал, том дэвсгээр гээд төрөлжүүлээд гаргаж байна.

Үүнээс гадна байгалийн өгөөж, малын ашиг шимээ ашиглаж цэвэр байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хийнэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар гишүүнэ жимсээр чанамал, компот, хатаамал зэрэг ямар олон төрлийн зүйл хийж болохыг манай бүсгүйчүүд харууллаа. Эрчүүд маань хүртэл ажлынхаа хажуугаар суран эдлэл хийдэг шүү дээ. Хамгийн бүтээлч эмэгтэйчүүд, чадахгүй, мэдэхгүй зүйлгүй хүмүүс хилд байдаг даа. 

-Эдгээр үйл ажиллагаа нь нэг талаар эрт тэтгэвэрт гардаг цэргийн алба хаагчдыг нийгэмд гарч энгийн иргэний хувиар ажиллаж, амьдрахад нь бэлдэж буй байдал гэдэг юм билээ?

-Тийм, тийм. Ер нь бол яг л тийм. Бид нар чинь ингээд алслагдмал газар амьдарч, ажиллаж явсаар нөхрүүд тэтгэвэртээ гарна. Тэгэхээр дагаад л хамт гарцгаана. Тэгэнгүүт бид нийгэм дээр гарахаараа юу хийх вэ, юу хийж чадах вэ, яаж өрхийн орлого бүрдүүлэх вэ гэдэг асуудал бий болно. Тэгээд сурсан юмаараа л амьдарцгаана шүү дээ. Бид эмэгтэйчүүдээ бүхий л талаар нь хөгжүүлэхэд анхаарч, алхам алхмаар хамтдаа явж байна. Сурч, хөгжих, шинэ зүйл хүлээж авах хүсэл эрмэлзэлтэй бүсгүйчүүд байдаг юм, манайхан. Хилийн салбар бүгд интернетэд холбогдсон болохоор онлайн сургалтад суух бүрэн боломжтой. Гар урлалаас эхлээд гадаад хэл хүртэл сурч байна. Саяхан бид оёдлын машин авлаа. Удахгүй дээл хийх сургалт зохион байгуулна. Шинэ жилээр гоёх даашинзаа, цагаан сар, наадмаар өмсөх дээлээ урлаад сурчихвал тэр хүнд төдийгүй тухайн гэр бүлд тус нэмэртэй шүү дээ. Дээр нь хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжилд чадахаараа анхаарч байна. Дуу хөгжим, бүжиг, гадаад хэл гээд сургалт явуулдаг. Ер нь тэгээд хилийн бүсгүйчүүд гэж нэг нь мэдэж буй зүйлээ бусдадаа зааж өгсөөр байдаг эвсэг нэгэн бүл байдаг юм.

-Та хилчин бүсгүй болоод олон жил болж байна уу. Таны үндсэн мэргэжил юу вэ. Хил дээр ирээд мэргэжлээ сольсон бүсгүйчүүд олон байдаг болохоор ингэж асууж байна л даа?

-Хилд ажиллаж байгаа олон эмэгтэйн адилаар нөхрөө дагаад л энэ замаар явж байна даа.  2022 онд энэ ангидаа шилжиж ирсэн. Би Дорнодын, манай нөхөр Сүхбаатар аймгийн хүн. Одоо эх орныхоо баруун хилд ажиллаж, амьдраад явж байна. Гэр бүлийн хүний маань гурав, миний хоёр дахь томилгоо. Бид өмнө нь хилийн цэргийн 0184 дүгээр ангидаа ажиллаж байгаад ирсэн. Эдийн засагч мэргэжилтэй. Гэхдээ одоо ангийн авто тээврийн тасагт ашиглалтын тасагт тоо бүртгэгч хийж байна. Анх хил гэдэг зүйлийн талаар юу ч мэдэхгүй хүн нөхрөө дагаад тог цахилгаангүй, утасны сүлжээгүй хилийн салбарт очиж байсан. Тэр үетэй харьцуулахад гоё хөгжиж байна.

odzaya1 Хилчин бүсгүйчүүд

-Та эх орныхоо хилд ажиллаж буй хувь тавилан нэгт бүсгүйчүүддээ хандаж ямар үг хэлэх вэ?

-Нэг зорилгын төлөө явж буй хилчин бүсгүйчүүдийнхээ ажилд, сурах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Хамгийн бүтээлч, ажилсаг, хичээнгүй, бүх юмыг хийж чадна гэсэн бодолтой, цэвэр монгол зангаа хадгалсан эмэгтэйчүүд байдаг. Энд үлдэх, ажиллах чинь бас шалгууртай шүү дээ. Ер нь чадахгүй нэг нь яалт ч үгүй чадахгүй нь ээ гээд явдаг, тэвчээртэй, хичээнгүй хүмүүс нь шалгараад хилд үлддэг. Тэсэж, шалгарч үлдсэн хилчин бүсгүйчүүд та нар минь гайхалтай.