МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Б.Буянхишиг
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Эл уралдааны бүтээлийн төрөлд 2021 онд нэгдүгээр байр, 2023 болон 2024 онд дэд байр эзэлж байсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Б.Буянхишигтэй ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Та хууль зүйн салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд ямар сэдэвт бүтээлүүдээр оролцож байв. Энэхүү уралдааны ач холбогдлыг та юу гэж хардаг вэ?
-Өдрийн мэнд. Сайдын нэрэмжит энэ уралдаан 2021 оноос эхэлсэн. Хууль зүйн салбарын хүрээнд өмнө нь ийм төрлийн уралдаан байгаагүй. Уралдаан зарлагдсан анхны жил нь Монгол Улсын хувийн эрх зүйн үндсэн кодификац, харьцуулалт нэртэй бүтээл болгон гаргаж уралдаанд амжилттай оролцон түрүүлж байсан. Уралдааны нийтлэг ач холбогдол болбол төсөл, бүтээл гээд олон хэсэгтэй учраас яг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг судалгаануудыг төвлөрүүлэхэд чухал байдаг. Хувь хүний өнцгөөс бол биеэ дайчлах, тухайн жилдээ багтаад бүтээлээ хэвлүүлчих юм сан гэсэн зорилго бий болдог. Олон бүтээл хэвлэх нөхцөл боломж байдгийг өөрийн туршлагаас харсан. Ер нь багш нар үндсэн ажлынхаа хажуугаар ном бичээд гаргана гэдэг чинь 10 жилийн үйл явцтай байдаг байсан. Бүх техникийн ажлыг гараар засдаг байсан. Яах вэ, сүүлийн хоёр жилд техник технологийн хөгжлийг дагаад магадгүй хурдацтай болсон байх. Судлаачийн хувьд бол олон сэдвээр заасан хичээл болгоноороо ноороглочихсон, материал цуглуулчихсан байдаг ч түүнээ нэг бүтээл болгож бичээгүй байдаг л даа, ер нь. Тэгээд 2021 онд энэ уралдаан зарлагдаад л багш нарт мөнгөн шагнал гэхээсээ илүү үнэлгээ нь чухал импакттай юм байна гэдэг ойлголт бий болсон. Тэгээд судалгааны ажлууд шуурхай хийгддэг болсон. Энэ уралдааны оролцогчдын олонх нь үндсэн ажлынхаа хажуугаар судалгаа хийдэг хүн байдаг. Хүмүүст судалгааны ажлаа сайжруулах мотивац өгсөн гэж хардаг. Олон ч бүтээл ирдэг юм байна лээ. Хууль зүйн салбарт шинэлэг асуудлыг олоод, тэрний шийдлийг олох гэсэн тэмүүллийг өгөхийн сацуу хурдтай, чанартай ажиллая гэж зорилго тавих нөхцөлийг бүрдүүлж байна л гэж харсан.
-Энэхүү уралдаанд орсон бүтээл, илтгэл, төслийг ажил хэрэг болгох практикт буулгах, эрдэм шинжилгээний бүтээлийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, ашиглах зэрэг нь чухал санагддаг. Таны хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?
Ер нь уралдааны ангиллаас харахад төсөл бол хэрэгждэг ялангуяа төслийн ангилалд ДХИС-аас олон төсөл хэрэгжүүлээд тэдгээр нь шалгардаг. Төсөл оновчтой байж шалгарсан тохиолдолд нийт цагдаагийн байгууллагын ололт болоод хэрэгжээд явчихдаг. Судалгаа бол янз бүр байна. Манай сургуулиас орсон судалгаа, төслүүд бол үндсэндээ яг л нэг хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа ч юм уу тийм хэлбэрээр байдаг л даа. Тийм цэвэр бичгийн шинжтэй судалгаанууд нь хууль тогтоомжийн өөрчлөлтөд буюу хууль санаачлагчийн ажлын үр дүнд зайлшгүй ороод тооцогдоод явчихдаг. Шинэлэг харьцуулсан судалгаа гэвэл туршлагаасаа ярихад, би Иргэний хуулийн арилжааны хэсэгт Процессын хуулийн болон Арилжааны хуулийн ажлын хэсгүүдэд ажиллаж байсан. Тэгэхээр тэнд бид яадаг вэ гэхээр, ажлын хэсгийнхээ судалгааг хийхдээ нөгөө хууль чинь батлагдахаас өмнө харьцуулсан судалгаа бусад хуулийн судалгаа гээд олон тандан судалгаа зэргийг шаарддаг. Тэр хүрээнд гарсан бүтээлүүдээсээ ямар нэгэн хуулийн өөрчлөлт гэдэг ч юм уу, салбарынхаа судалгаа, шинэлэг зүйлсийг бүгдийг нь харгалзаж үздэг гэсэн үг. Тэгэхээр баримтын судалгаа бол тийшээ ороод үр дүн болоод гардаг л даа.
Тухайлбал, миний 2021 онд шалгарч байсан бүтээл одоо хуучирсан. Үүнд нь би их баяртай байгаа. Яагаад гэвэл тэнд байгаа агуулга саналууд хуульд тусгалаа олоод эсвэл хуулийн тайлбарт ороод явчихсан учраас тэр бүтээл маань хэрэгцээгээ гаргаад ингээд хуучирчхаж байгаа байхгүй юу. Ийм нөхцөл байдал нь бүтээлүүдэд тохиолддог зүй ёсны, жам ёсны л үйл явц. Судлаачдын бүтээлүүд ингээд л хуулийн хэрэглээнд юм уу эсвэл хуулийн шинэ хууль батлах үйл явцад тусгалаа олж байгаа. Үйлдвэрлэлийн арга ажиллагаа биш болохоор угаасаа тэгж л тусгалаа олно л доо.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Б.Буянхишигийн бүтээлүүд
-Таны 2023, 2024 оны бүтээлийн сэдвүүд юу байсан бэ. Энэ удаагийн уралдаанд орохоор бэлдэж байгаа юу?
-Монголын өмчийн тогтолцооны шилжилт гэдэг сэдэвт бүтээлээр 2023 оны уралдаанд оролцсон. Хэзээ нэгэн цагт оролдоно доо гээд бодож байсан сэдэв л дээ. Нэлээн эрт нооргийг нь гаргачихсан ч ажлын цаг зав тохирохгүй, хийгдээгүй судалгаа байсан. Хуульчийнхаа хувьд сайн дурын үүднээс салбар хоорондын огтлолцоо бүхий сэдвийг хийж дуусгаад ном болгон гаргаж байсан. Өөрийн хийсэн судалгаагаа өгөөд үзье гэж бодсон. Тэгээд хоёрдугаар байрт орсон. Ер нь өмчийн тогтолцоо бол нийгэмд хамгийн их яригдаж байгаа, хүмүүсийн амьдралд чухал нөлөөтэй хэр нь эрх зүйн үүднээс олон салбарын огтлолцол дээр байдаг болохоор яг түүгээр тодорхой, өргөн хүрээтэй судалгаа, хууль зүйн үүднээсээ үнэлгээ өгсөн тийм зүйл ховор. Тэгээд Өмчийн тогтолцоо гэдэг номоор манай улсын өмчийн тогтолцооны систем бусад улстай харьцуулахад ямар түвшинд явж байгаа юм бэ гэдэг талаар санал бодлоо илэрхийлэхийг зорьсон. Байр эзэлсэндээ урамшаад судлаачийн хувьд хэвлүүлье гэж бодож байсан номуудаа хэвлүүлье гээд. Хуучин сурах бичгээ сайжруулаад л байгаад байдаг байсан байхгүй юу, бид нар чинь. Тэгээд л дараа жил нь дахиад л шинэлэг юм нэмэгдсэн тэрийг одоо яаж оруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байсан бол энэ судалгааг гаргаснаас хойш дандаа шинэ зүйлийг судалъя, тэрийгээ чадлаараа үндэслэлтэй эрх зүйн талаас нь судлаад, харьцуулалт хийгээд олон нийтэд хүргэж байвал сонирхолтой юм байна гэж өөртөө арай өөр чиглэлийг олж авч байсан.
Өмнө жилийнхэд Иргэний процесс дахь нотолгооны онол арга зүй гээд яг өөрийнхөө салбарын бүтээлээр оролцсон. Бүтээлээ хийхдээ ямар одоо тактик баримталсан бэ гэхээр надаас өөр хүмүүс, оюутнууд илүү судалгаа хийгээсэй гэдэг үүднээс уншвал зохих материалуудыг герман, англи хэл дээр түүвэрлэж нүүрэн талд нь өрж өгсөн. Үүндээ их ач холбогдол өгсөн. Харин энэ жилийн уралдаандаа арай орж амжихгүй байх.
-Та МУИС-ийн ХЗС-д хэд дэх жилдээ багшилж байна вэ?
-Би 2008 оны төгсгөлд цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2009 оноос үндсэн багшийн албан тушаалд томилогдсоноос хойш одоог хүртэл ажиллаж байна.
-Туршлагатай оролцогч, судлаачийн хувиар энэ жилийн уралдаанд оролцохоор бэлтгэж буй хүмүүст хандаж урам зориг нэмэх үг хэлэх үү?
-Ер нь бол салбартаа хүлээн зөвшөөрөгдөхөд энэ уралдаан ач холбогдолтой байна гэж харж байгаа. Судлаачид өөрийгөө цаг хугацаагаар шахах, бүтээл гаргах их үндэс байдаг. Олон туршлагатай хүмүүс энэ номын хэзээ нэгэн цагт бичнэ дээ гээд эсвэл судалгаа нь хэвлэгдэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсдэгийг ч хувийн туршлагаасаа харсан. Дээр нь надад ч гэсэн ноороглоод үлдээчихсэн олон судалгаа байдаг. Тэгэхээр орчин цагийн ололтуудыг ашиглаад бүтээлээ олон эх сурвалжаас харьцуулаад хийх бололцоотой байна. Техникийн нөхцөл байдал бүрдсэн үед залуу судлаачид аль болох шинэлэг урьд нь хийгдээгүй сэдвүүдээс сонгох эсвэл өмнөх сэдэв дээрээ тулгуурлаад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс сайн бүтээл гаргаад оролцох нь хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг хурдацтай болгоно гэж найдаж байна. Энэ уралдаанд оролцоход маш их туршлагаждаг, хууль зүйн салбарт гарч байгаа судалгааны чиг хандлагыг сайн мэддэг болдог. Бүтээлүүдийн түвшинд тухайн жил ямар бүтээл хэр чансаатай байв гэдгээс өөрийн мэргэжлийн чадварыг ахиулах, уг бүтээлийг олж үзээд өөрийн мэдээлэл, мэдлэгээ шинэчилж, ялангуяа шинжлэх ухааны ололтуудаас суралцаж байх ёстой байдаг. Тэгэхээр энэ үүднээс олон талаас өөрийгөө дайчлах болон суралцах боломжийг олж, туршлага суудаг учраас том үр нөлөөтэй гэж харж байна.