НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тухай мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс ирэх оны наймдугаар сард Улаанбаатар хотноо СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Дэлхийн 100 гаруй орны 8000 гаруй төлөөлөгчид ирж оролцон цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилтын тухай хуралдаж тэдгээрийг шийдвэрлэх, давж гарах арга зам, шийдлүүдийг хамтран хэлэлцэх юм.
Энэ удаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тухай мэдээллийг хүргэж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) нь 1994 онд байгуулагдсан. Хүрээлэн буй орчныг тогтвортой газрын менежментийн хөгжилтэй холбосон хууль эрх зүйн үүргийг агуулсан цорын ганц олон улсын гэрээ-баримт бичиг юм. Тиймдээ ч Тогтвортой хөгжлийн 15 дугаар зорилго болон Газрын доройтлыг тэглэх (LDN) санаачилгын гол хөшүүрэг болж байна.
Цөлжилттэй тэмцэх конвенц нь одоогоос 48 жилийн өмнө буюу 1977 онд болсон НҮБ-ын Цөлжилтийн асуудлаарх анхны бага хурлаас эхлэлтэй. Тухайн үед Цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө (PACD) батлагдсан байна.
Цөлжилт, газрын доройтол дэлхийн олон орны эдийн засаг, нийгэм, байгаль орчны томоохон асуудал болоод байна. Харин НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр 1991 онд хуурай, хуурайдуу, хуурай хагас чийглэг бүс нутаг дахь газрын доройтлын асуудал улам даамжирсныг дүгнэж байжээ. Улмаар 1992 онд Бразилын нийслэл Рио де Жанейро хотод болсон Хүрээлэн буй орчин ба хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурал (UNCED) буюу дэлхийн дээд хэмжээний уулзалтад цөлжилттэй тэмцэх асуудал гол сэдэв болж байсан юм. Риогийн хуралдааны шийдвэрийн дагуу НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Засгийн газар хоорондын хэлэлцээний хороог (INCD) байгуулж 1994 оны зургаадугаар сар гэхэд Цөлжилттэй тэмцэх конвенц боловсруулж дуусгах даалгавар өгчээ. Ийнхүү 1992 оны арванхоёрдугаар сард Ерөнхий ассамблей энэ асуудлыг дэмжиж 47/188 тоот тогтоолыг баталснаар 1994 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) байгуулагдсан түүхтэй.
Тус конвенцод өнөөдөр дэлхийн 197 улс болон Европын холбоо нэгджээ. Конвенцын дээд удирдах байгууллага болох Талуудад зориулсан бага хурал (COP) анхдугаар чуулганаа 1997 оны аравдугаар сард Италийн Ром хотноо зохион байгуулж байжээ.
2008–2018 онд үйл ажиллагааг эрчимжүүлэх 10 жилийн стратеги төлөвлөгөөний хүрээнд цөлжилт, газрын доройтлыг зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх дэлхий дахины түншлэлийг бий болгох зорилго дэвшүүлжээ. Ингэснээр ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах үндэсний болон бүс нутгийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүрээг мөн тодорхойлсон байна.
2017 оны есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 13 дугаар бага хурал буюу COP13-ын үеэр гишүүн орнууд газрын доройтлын асуудлыг шийдвэрлэх дэлхий нийтийн шинэ төлөвлөгөөнд тохиролцсон. Цөлжилттэй тэмцэх конвенц нь 2018-2030 онд доройтсон өргөн уудам газрыг сэргээх, 1.3 тэрбум гаруй хүний амьжиргааг дээшлүүлэх, эмзэг бүлгийн хүн амд гангийн нөлөөг бууруулах зэрэгт зорин ажиллаж Газрын доройтлыг тэглэх зорилтыг биелүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: unccd