СОР17 хурлын бүтээн байгуулалтын замын болон ус сувгийн ажил эхэлжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс тухайн үйл ажиллагааны авто зам, барилга байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцах юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр /2025.09.23/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам барих, автомашины зогсоолууд байгуулах, цэвэр, бохир усны шугам татах, шилэн кабель, холбоо дохиоллыг барьж байгуулах зэрэг ажил хийнэ. Үүнээс гадна 5000 хүн нэг дор хуралдах конвейшн центрийг НҮБ-ын стандартад нийцүүлэн барих шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнөх хурлуудыг дандаа эдийн засгийн өндөр чадавхтай улсууд зохион байгуулж байсан. Бидний хувьд их том сорилт. НҮБ-ын стандартад нийцүүлж тус хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
СОР17 хурлын бүтээн байгуулалтын замын болон ус сувгийн ажил эхэлжээ
Хурал болох бүсэд 3.2 км цэвэр, бохир усны шугам тавих ёстойгоос өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай явж байгааг УСУГ-ын дарга Ц.Төрхүү мэдээлэв. Тус ажлын зураг төсөл наймдугаар сарын 15-нд бэлэн болсноор хийж эхэлсэн бөгөөд бохирын шугам 80 хувьтай, цэврийн шугам 60 гаруй хувьтай байгаа ажээ. Тэд 14 хоногийн дотор багтаан ажлаа дуусгах төлөвлөжээ. Барьж байгаа шугам мөн өргөх насос станцтай. Өргөх насос станцын сууриудыг тавьсан, суурилуулахад бэлэн болжээ. УСУГ-аас ирэх хавар усалгааны системийг хийх юм байна.
СОР17 хурлын бүтээн байгуулалтын замын болон ус сувгийн ажил эхэлжээ
Тухайн бүсэд 450 автомашины зогсоол, дөрвөн километр авто замын ажил болон гольфийн замын ажил хийхээр төлөвлөжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Үүний хүрээнд 363 метр куб газар шорооны ажил хийж гүйцэтгэнэ. Өчигдрийн байдлаар 224 метр куб газар шорооны ажил хийсэн буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх жилээс цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь дэвсэнэ. 2026 оны дөрөвдүгээр сард хучилтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав “Шинэ зуун айл худалдааны төвийн чанх урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хоёрдугаар ээлжийн төлөвлөлтийн 22-28 га талбайд нийт тохижилт хийгдэнэ. Үндсэн байгууламжийн гадна ногоон байгууламж байгуулах юм. Энэ арга хэмжээний дараа цэцэрлэгт хүрээлэнг суурь дэд бүтэц төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх боломжтой болно. Мөн энэ талбайд улс, хотын хэмжээний арга хэмжээнүүдийг хийх дэд бүтэц давхар шийдэгдэх давуу талтай юм” гэж тайлбарлалаа.
Байгууламжийн зохион байгуулалтын талаар COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “НҮБ-ын хүлээн авагч орны хэлэлцээрийн дагуу, олон улсын жишигт нийцсэн угсардаг түр байгууламж барина. Тус байгууламж нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
Зөвхөн НҮБ-ын мандаттай зочид нэвтрэх, хурал зохион байгуулах хаалттай хөх бүс
Монгол Улсын иргэд чөлөөтэй нэвтэрч хуралтай танилцах ногоон бүс
Төр, хувийн хэвшлийн түншлэл, экспо, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах хэсэг
Гадны улс орнуудын өндөр дээд албан тушаалтнууд, ВИП зочдын авто зогсоол
Иргэдийн зогсоол зэргийг төлөвлөсөн.
Арван нэгдүгээр сард ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. ТЭЗҮ батлагдах шатандаа явж байна. Тус байгууламж нь гурван сарын дотор угсарч бэлэн болох учир бид НҮБ-д долоодугаар сарын 15-нд хүлээлгэж өгч, тэрнээс хойш НҮБ хамгаалалтад авч хурлыг зохион байгуулна. Ногоон бүсэд өмнө нь хоолны фестивальд ашигласан асрыг хэрэглэх зэргээр зардлаа хэмнэнэ” гэдэг мэдээллийг өглөө.
COP17 бага хуралд дэлхийн 197 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна дунджаар 8000 орчим зочин төлөөлөгч ирэх тооцоолол гаргаад байгаа. Энэхүү олон улсын хурал нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлж, тус бүс нутгуудад хөрөнгө босгох, бодлогын санаачилга танилцуулж, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлэх юм.