4 Өдрийн өмнө.
Тодорхой тооны ялтанг БНХАУ-аас шилжүүлж авахаар тохиролцжээ
Тодорхой тооны ялтанг БНХАУ-аас шилжүүлж авахаар тохиролцжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рунтай Бээжин хотноо уулзалт хийв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рунтай Бээжин хотноо хоёр талын уулзалт хийсэн билээ. Уулзалтаар хоёр улсын хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон шинэ агуулгаар баяжуулж, үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.

Тодруулбал, Ялтан шилжүүлэх тухай гэрээний хүрээнд Монгол Улсын өөрийн иргэдээ эх орондоо шилжүүлэн авах хүсэлтийг дэмжиж, тодорхой тооны хүнийг шилжүүлэхээр тохиролцсон байна. Мөн БНХАУ-ын Хууль зүйн яамны харьяа мансууралтай иргэдийг эмчлэх, сэргээн засах, нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сайн туршлагыг судлах, боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн бодисоос татгалзах мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх, үндэсний чадавхыг бэхжүүлэх зэрэгт хамтран ажиллахаар болжээ.

Ял эдлүүлэх, засан хүмүүжүүлэх чиглэлээр хоёр улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх, Хууль зүйн үндэсний хүрээлэнг БНХАУ-ын Хуулийн засаглалын судалгааны төвтэй хамтран эрх зүйн тодорхой салбар, тусгайлсан сэдвээр судалгаа хийх боломжийг бүрдүүлэх аж.

Үүнээс гадна хоёр улсын Хууль зүйн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцжээ.