Ногоон технологиор бүтсэн байшин танилцууллаа
“Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ба BIPV технологийн үр нөлөө” сэдэвтэй уулзалт, “BIPV тогонд холбогддоггүй загварын байшин”-ийн танилцуулга өнөөдөр /2025.09.18/ боллоо. Уг уулзалтыг “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Эрчим хүчний зохицуулах хороо, “BIB discovery” ХХК хамтран зохион байгуулав.
“BIB discovery” ХХК-ийн захирал Б.Болорбайгаль “BIPV гэдэг нь барилгын гадна фасад, дээвэр, цонхыг нарны эрчим хүч үйлдвэрлэдэг шилээр орлуулдаг шийдэл. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг шил нь цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй дулаан тусгаарлалт, гоо зүй, аюулгүй байдал хангана. 1м.кв BIPV шил нь дунджаар 1кВт цахилгаан үйлдвэрлэж чаддаг. Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах шийдэл технологи. Энэ бол зөвхөн барилгын шийдэл биш, монголын ирээдүйг ногоон, цэвэр, тогтвортой болгох алхам юм” гэж хэллээ.
Ногоон технологиор бүтсэн байшин танилцууллаа
Тус компанийн Санхүү хөрөнгө оруулалтын захирал Д.Санжаа “Тогтвортой хөгжил гэдгийг хүн бүр өөр өөрөөр ойлгодог. Үүний талаар нэг ойлголттой болбол бид нэг зорилготой болж чадна. Энэ оны гуравдугаар сард анх эрчим хүчний үндэсний төвд анхны танилцуулга хийж байсан. Тэр өдрөөс хойш бид ногоон зээлийн хүүг 15.6-аас нэг оронтой тоо руу буюу жилийн 9 хувийн хүүтэй болгож хүүг бууруулсан. Энэ бол бидний хувьд маш том амжилт болоод байна” гэлээ.
BIPV технологи нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг бууруулах, эрчим хүчний бие даасан шийдэлтэй болсноор айл өрх, алслагдсан сум, сууринд хүртээмжтэй байх, тогтмол хэмнэлт гаргах, илүүдэл эрчим хүчээ улсад борлуулах зэрэг эдийн засгийн боломжтойг тайлбарлалаа.
А.Сарнай