273 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлжээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2025 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.22/ боллоо.
Хуралдаанаар 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүнг хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй хүрэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын явцыг танилцуулав. Салбарын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар 5774 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж, 233 иргэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саадгүй оролцжээ.
273 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яам салбарын хэмжээнд хийсэн суурь судалгаанд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дунд хугацааны стратегийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, саадгүй нэвтрэх орчныг бүрэн хангах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.