Энэ сарын 1-3-ний өдрүүдэд Өмнгөговь аймгийн Даланзадгад хотноо болсон “Түмэн тэмээний баяр-2024”-ийн үеэр 2017-2023 онд говийн баруун бүс нутагт хийсэн шинжлэх ухааны судалгааны “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг” хадны зургийн үзэсгэлэн дэглэсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэ үзэсгэлэнг судалгааны тайлбартайгаар Өмнөговьчууд болон гадна, дотнын жуулчдад хүргэсэн МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн археологийн судалгааны багийн гишүүн, магистр Х.Уянгатай ярилцсанаа хүргэе.
-Зөвхөн Өмнөговь аймгаас илэрсэн хадны сүг зургийн үзэсгэлэн гэж ойлголоо. Судалгааны ажлыг нь хэзээ хийсэн бэ?
- МУИС-ийн Шинжлэх ухааны технологийн Улаанбаатар паркийн археологийн судалгааны багийн доктор, дэд профессор Идэрхангайгаар удирдуулсан хайгуул судалгааны баг 2016, 2018, 2021, 2023 онд Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган, Сэврэй суманд археологийн хайгуул судалгаа хийсэн.
Тодруулбал, 2016, 2018 онд Булган сумын Хавцгайтын хад, 2018 онд Сэврэй сумын Салхитын ам, Хадан уул, 2021 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, археологийн хайгуул судалгаа хийлээ. Тост, тосон бумбын нуруунд л гэхэд 2000 гаруй дурсгал бүртгэгдсэнээс 1200 гаруй нь хадны сүгийн дурсгал байсан. Энэ судалгааны үр дүнг орон нутгийн удирдлагуудад танилцуулсны дараа Гурвантэс сум болон Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар Гурвантэс сумын Баясах, Гоёот багийн нутагт археологийн болон түүх соёлын дурсгалын судалгааны ажил хийсэн.
Гурвантэс сумын нутгаас нийт 7000 гаруй түүх соёлын дурсгал илэрсний 5000 гаруй нь хадны зургийн дурсгал байна. Нийт 5600 орчим хадан дээрээс 20 мянга орчим дүр, дүрслэл илэрсэн. Үүнээс сорчлон чулуун зэвсгийн үеэс эхлээд Монголын эзэнт гүрний үе хүртэл хадны зургийн төлөөлөл болохуйц 100 орчим зургийг үзэсгэлэнд дэглээд байна.
-Хадны сүг зургууд нь цаг хугацааны хувьд ялгаатай гэлээ. Үүнээс хамаараад өөр өөр дүр дүрслэлтэй байгаа болов уу?
- Чулуун болон хүрэл зэвсгийн үеийн хадны зургуудад ихэвчлэн адуу, үхэр, янгир, бугын дүрслэлүүд элбэг байдаг. Наашлаад эзэнт гүрэн, эртний төрт улсуудын үе рүү ороод ирэхээр морь хөллөсөн тэрэг, багаж хэрэгсэлтэй хүмүүс, морьтон баатрын дүрслэлүүд илүүтэй олддог.
Гурвантэс сумын нутгаас л гэхэд ирвэсний дүрслэл хамгийн их илэрч байна.
Жишээлбэл, энэ Тост, тосон бумбын нуруунаас илэрсэн сүрэг ирвэс. Ирвэсийг агнаж буйгаар эсвэл сүрэг ирвэсний дүрслэлүүдийг зурсан байдаг. Мөн гахайны дүрслэл цөөнгүй их. Янгирын дүрслэлд л гэхэд төлийг нь нуруун дээр нь дүрслэх эсвэл хөлнийх нь доор гэдэг ч юм уу хадны сүг зургийн судалгаанд түгээмэл гардаг илэрхийлэл, агууламжтай байдаг. Эдгээр хадны зургууд нь бичиг үсэг үүсээгүй байх үеийн хүмүүсийн оюуны түвшин, шүтлэг бишрэл, аж байдал, нийгэм нь ямар байсан юм бэ гэдгийг тодорхой илтгэн харуулж байдаг.
- Тэгвэл энэ бугануудын зурагнаас юу харж болох вэ?
- Гурвантэс суманд ийм бугын дүрслэлүүд их байдаг. Яг одоо Өмнөговь аймагт, Гурвантэс суманд буга байхгүй. Хадны зурагт тухайн цаг үед амьдарч байсан хүмүүс хүрээлэн буй орчин, эргэн тойрны амьтдыг дүрсэлж харуулдаг учраас эрт цагт буга амьдарч байсныг илтгэн харуулж байгаа юм.
- Хүмүүс үзэсгэлэнг хэр сонирхож байна. Тэмээний баяр үзэхээр ирсэн гадна, дотнын зочдод сонирхолтой байсан болов уу?
- Орон нутгийн иргэд, залуучууд их ирж үзсэн. Манай нутагт ийм түүх соёлын дурсгал байдаг юм байна. Ийм их хадны зураг илэрч олдоод байгаа юм байна шүү дээ гэж сонирхолж хүлээж авсан. Түүх соёлыг дурсгалыг бүртгэж, баримтжуулаад олон нийтэд ингэж танилцуулснаараа эргээд энэ дурсгалыг хамгаалах, хадгалах боломж бүрддэг. Нутгийн хүмүүс нь мэддэг болчихоор хараа хяналт нь бас сайжраад явчихдаг.
Зарим газар археологийн судалгааны багууд түүх соёлын дурсгал илрүүлдэг ч орон нутгийн удирдлагууд нь ач холбогдол өгдөггүй. Харин Өмнөговийнхон их анхаардаг. Тэмээний баярын үеэр зөвхөн тэмээг онцлохгүй, өв соёлоо давхар сурталчилж байна.
Энэ аймагт уул уурхай ихтэй учраас түүх соёлын дурсгал хөндөгдөж, устаж үгүй болох аюултай байдаг. Иймээс түүх соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулснаар устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж, бусдад танин мэдүүлэх ажлыг 2023 оноос эхэлсэн. 2023 оны сүүлээр Улаанбаатар хотод үзэсгэлэнгээ гаргасан. Түрүү долоо хоногт Гурвантэс сумын тэмээний баярт дэглэсэн бол одоо аймгийн музейд үзэсгэлэнгээ гаргаад байна.
- Ярилцсанд баярлалаа.