Өнөөдөр 11 дүгээр сарын 22. Тайз, дэлгэцийн урлагийн шилдэг уран бүтээлч, МУГЖ Л.Дэмидбаатар агсны эхээс эснэсэн өдөр. Бүтээн туурвих ид насандаа урлагийн алтан тайз, олон зуун шавь нараа орхиод тэнгэрийн “тайз”-ыг зорьсон тэрээр сэрүүн тунгалаг асан бол энэ өдөр 57 насыг зооглох байжээ. Энэ өдөр МУГЖ Л.Дэмидбаатар агсныг дурсан санаж одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр түүнтэй хийж байсан урьд нь ямар нэгэн мэдээллийн сувагт бүтэн нийтлэгдэж байгаагүй нэгэн ярилцлагаа зул болгон нийтэлж байна. Уг нь энэ ярилцлагыг түүний багш, нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны дурсамж номд зориулан хийж байсан боловч “Арслан” хөрөг номыг бүтээгчид бүрэн эхээр нь бус түүвэрлэн ашигласан юм байна лээ.
УДЭТ-ын нэгэн жижиг танхимд, их үдийн хурц нар ээсэн цонхны хажууд зэрэгцэн суугаад миний асуултад чин сэтгэлээсээ хариулж, инээд, нулимс, санаашрал, бахдал хослуулан ярьж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Тэрээр Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу багш нараа дурсахдаа “Даанч ховорхон авьяастнууд бурхны дуудлагыг эрт хүлээгээд авчихсанд харамсаж явдаг юм даа” гэж билээ. Ховорхон авьяастай багш нарын шавь, ховохон авьяаст түүнийг ч мөн бурхан эрт дууджээ. Тухайн үед түүний ярьснаас нэг үг ч гээлгүй буулгаж, янзлаад А4 долоон нүүр болсон юм. Л.Дэмидбаатар жүжигчин өөрөө ч уншиж сэтгэгдлээ илэрхийлээд хэзээ хэвлэгдэхийг нь хэд хэдэн удаа лавлаж байсан болохоор аль нэг өдөр хэвлэлд нийтлүүлнэ гэж бодсоор явсан ч түүний бурхан болсон тухай харамсалтай мэдээг хилийн чанадад суралцаж байх үедээ авсан билээ. Гэхдээ уран бүтээлч хүн мөнхөд амьдарч, үнэнч үзэгч, шүтэн бишрэгчид нь үе дамжин түүнийг хайрласаар байдаг тул оройтсон боловч эл ярилцлагыг тэр хэвээр нь энэ өдөр нийтэлж байна.
Г.ДОРЖСАМБУУ БАГШИЙН ИТГЭЛ
Нэрт найруулагч Г.Доржсамбуугийн шавь Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатартай багшийнх нь тухай хөөрөлдлөө. Л.Дэмидбаатар бол Г.Доржсамбуу багшийн итгэл байж, тэрхүү итгэлийг дээдэлсээр өдийг хүрчээ гэдгийг түүнтэй ярилцаж суухдаа тунгаасан юм.
-Г.Доржсамбуу найруулагчтай багш шавийн барилдлагатай болсон тэр цаг үеийг тань дурсаж яриагаа эхлүүлье, хоёулаа. Та хэдэн онд Багшийн дээдийн Кино драмын ангид шалгуулж байсан юм бэ?
-Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангид 1957 оноос дээд боловсролтой, театрын мэргэжлийн хүмүүс бэлтгэж 1959 онд найруулагч, 1963 онд жүжигчний анхны төгсөлтөө хийж байсан. Эхэн үедээ дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байгаад дараа нь хоёр жилд нэг удаа, сүүлдээ нэг жил өнжөөд оюутан элсүүлдэг болсон. Би 1988 онд тус сургуулийн жүжигчний ангид конкурс өгч тэнцээд орсон доо. Тухайн үед мэргэжлийн шалгалт гурван үе шаттай явагддаг байсан юм. Элсэлтийн шалгалтыг 2-3 жил, бүр 4 жил хүлээсэн хүмүүс, шинэ төгссөн сурагчид гээд хот, хөдөөнөөс цугларсан 748 хүн тэр жил шалгуулж байсныг хожим би багшлах болоод архивын материалаас үзэж, УГЗ С.Сугар багшаас сонсож байв. Шалгалтыг Багшийн дээд сургуулийн Б байрны 401 номерын өрөөнд анх авсан. Хүмүүс ар гэрийнхэнтэйгээ дөрвөн давхраас эхлээд доошоо шат ороогоод сургуулийн хаалгаар гартал дугаарлачихсан байсан. Хонон, өнжин дугаарласан шүү дээ.
Намайг шалгалтад ороход найруулагч багш УГЗ С.Сугар, Урлаг судлалын доктор, профессор, УГЗ Г.Ринчинсамбуу, найруулагч, багш Г.Доржсамбуу, хөгжмийн онолын багш н.Гончигдорж, дууны багш н.Гэлэгжамц, сургалт хариуцсан проректор н.Юндэн багш, тайзны ярианы багш гавьяат багш Р.Уртнасан зэрэг 10-аад хүний бүрэлдэхүүнтэй байсан. Би гурван шатны шалгалтаа амжилттай өгч, 15 оноо авснаар хамгийн өндөр оноотойгоор нэгдүгээрт жагссан. Улаанбаатар хотоос тавхан хүүхэд элсэж байлаа. Надтай хамт хожмын МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Д.Хүрэлхүү, СТА Д.Бямбацогт, СТА.С.Өлзийхүү /2019 онд МУГЖ болсон. сур./, СТА.Ц.Ганхуяг, СТА Н.Сарантуяа, СТА Д.Оюунжаргал, СТА С.Алтангэрэл, СТА Д.Энхзаяа, Ш.Амарсайхан нарын 15 хүүхэд анхлан суралцаж байсан. Ингээд бид Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид нэгдүгээр курст ороход манай ангийг Г.Доржсамбуу багш маань тосож авсан даа.
-Элсэлтийн шалгалтын үеэр та ямар этюд үзүүлж байсан бэ. Ямар нэгэн байдлаар Г.Доржсамбуу багшийн хараанд өртсөн үү?
-Намайг энэ шалгалтад тэнцэхэд маш их тусалсан хүн бол УГЖ Д.Цэрэндарьзав эгчийн хүү хожмын нэрт найруулагч Ц.Алтангэрэл ах. Тэрээр тухайн үед оюутан байсан юм. Шалгалтад бэлтгэж байхад үнэт зөвлөгөө өгч, ингэж дуулбал, тэгж уншвал зүгээр юм байна гэж зөвлөж, тусалж байсанд би одоо ч баярлаж явдаг юм. Гуравдугаар шатны шалгалтыг 311 номерын том гэгчийн хурлын зааланд тайзан дээр авсан. Тэгээд өгүүллэг, хошин зохиол, ёгт үлгэр зэргийг уншуулаад дараа нь шалгаж байгаа багш нараас үг өгөөд 30 секунд бодоод судалбар этюд хийлгэдэг байлаа. Надад “Чөтгөр” гэдэг үг өглөө. Миний өмнө орсон бараг 300 хүүхэд энэ үгэнд судалбар этюд, хийж унасан юм билээ. Аз болж би тэр этюдийг өөрийнхөө бодсноор хийж, тэр давааг давж гарснаар шалгалтдаа тэнцсэн юм. Тэгэхэд шалгалтын комиссынхон энэ этюд мөн үү, эсвэл биш үү? гэж гайхсан. Харин тэгтэл Г.Доржсамбуу багш энэ бол сэтгэлзүйн этюд. Маш уран сэтгэж байна гэсэн юм. Г.Доржсамбуу багш намайг маш өндөр үнэлсэнд одоо ч би өөртөө гайхаж, баярлаж явдаг юм даа. Тэгээд энэ хүүхдийг авна аа гэхэд нь би тэнцсэн үү эсвэл унасан уу ч гэдгээ ойлгоогүй сандарсан амьтан хаалгаар гарч билээ. Түүнээс хойш нэлээн олон жилийн хойно найруулагч багш УГЗ С.Сугар элсэлтийн шалгалт дээр тэр үед миний хийсэн этюдийг ярьж, “Чөтгөр” гэдэг этюд хийсэн хүүхэд чинь одоо энэ жүжигчин Л.Дэмидбаатар шүү дээ гэж ярьдаг байсныг энд дурсахад сайхан байна.
-Шавь нар нь багшаасаа их айж, сүрддэг бас тэр хэмжээгээр хүндэтгэн хайрладаг байсан тухай ярьдаг юм билээ.
-Г.Доржсамбуу багшийг анх харахад сүрдмээр. Том биетэй, сахалтай, том нүдний шилтэй, үсээ хажуу тийш нь самначихсан, ярьж байгаа нь ч тэр. “Говийн зэрэглээ”-ийн Арсланд тоглосон байсныг ч хэлэх вэ. Киноных нь дүрээр цайлган цагаан, сайхан хүн гэж бодох ч, багш гээд харахаар бишрэл, хүндэтгэл төрөхгүй байхын аргагүй сайхан жүжигчин, сайн найруулагч байсан даа. Бид багшийг хүндлээд Доржоо багш гэдэг байлаа. Нэгдүгээр курст хүүхдүүдийг үнэнээрээ хар, үнэнээрээ мэдэр, үнэнээрээ сонс ер нь чин үнэнээрээ аливаа юманд хандаж бай гэдэг байлаа. Энэ сургалтыг бидний яс маханд шингэтэл зааж өгсөн. Тийм ч учраас бид, манай ангийнхан өдий олон жил тайз, дэлгэцийн урлагт үнэнчээр зүтгэж мэргэжлээрээ ажиллаж, багшийнхаа тавьсан үндэс сууриар өдий зэрэгтэй явж байна. Манай ангийг хоёрдугаар курс төгсдөг жил Г.Доржоо багш УДЭТ-ын дарга болоод явсан ч бидэнтэй ирж уулздаг, шалгалт дээр суудаг байсан. Тэгээд биднийг найруулагч, багш, дотны анд “Гарын таван хуруу” киноны Шагдарт тоглодог МУГЖ Л.Лхасүрэнд хүлээлгэн өгснөөр манай ангийнхан бас нэгэн агуу багшийн шавь нар болон төгөлдөржиж төгссөн юм. Л.Лхасүрэн багш Г.Доржоо багшийн тавьсан суурин дээр бидний авьяас чадвар, сэтгэл зүй, бие бялдарыг хөгжүүлж, жүжиглэхүйн ур ухаанд сургаж, арга техникийг задалж, нээж өгсөн ачтан юм. Бидний амьдралд мартагдашгүй олон алхамыг хийж дээ, миний хоёр багш.
Бас нэгэн ачит багшийнхаа тухай энд ярилгүй өнгөрвөл алдас болно. 30-аад жилийн өмнө оюутан болоод удаагүй байхад есдүгээр сарын эхээр нэг өглөөний хичээл дээр Г.Доржсамбуу багш маань бидэнд тайзны ярианы хичээлийг заалгахаар МУГЖ Н.Мягмар багшийг Хүүхэд, залуучуудын театраас аваад ирлээ гэсээр орж ирж билээ. Тэгээд “Би энэ ангийг авч байгаа юм, чи тайзны яриа заана” гэж хэлчихээд гараад явчихлаа. Ягаан хамба хилэн пиджактай, гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэнсмаа, “Энэ хүүхнүүд үү” киноны саальчин Дулмаагийн дүр зэрэг тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээсэн Н.Мягмар багштай анх бид ингэж л учирч байлаа. Биднийг уран бүтээлч болгох анхны А-гаас эхлэн сурч дуусашгүй энэ мэргэжлийн амт шимтийг заасан ачит багш нар минь гэж хүндэлж, бахархаж явдаг юм. Хүнээр хүн хийнэ, ирээдүйд нь хөтөлнө гэдэг бол багш сурган хүмүүжүүлэгчдийн их ухаан, тэвчээр, аргагүй л тусгай шинжлэх ухаан байдаг юм байна гэдгийг олон жилийн хойно өөрөө багш болох гээд хичээж яваа би ухаарч сууна. Би өөрийн олсон жаахан туршлага дээр ачит багш нарынхаа зааж сургасныг хойч үедээ өвлүүлэн өгөхөөр хичээж зүтгэж явна даа. Улсын багшийн дээд сургуулийн кино-драмын элсэлтийн шалгалтад сууж байсан комисс хожмын миний багш нар одоо ч нүдэнд харагдаж байна. Г.Доржсамбуу багшийн аливаад чин үнэн сэтгэлээсээ мятрашгүй хандах, Л.Лхасүрэн багшийн ямар ч дүрд хувирах чадвар, Н.Мягмар багшийн дүр дээрээ уйгагүй хөдөлмөрлөх ур ухаан, Р.Уртнасан багшийн зарчимч байх, С.Сугар багшийн аливааг цаад утгаар нь гүн гүнзгий ул суурьтайгаар ойлгох, Ц.Байгалмаа багшийн техниктэй ярьж сурах арга ухаан зэргээс суралцаж төгссөнөө эргээд дурсахад бахдалтай байна.
-Та чөтгөр гэдэг этюдийг яаж хийсэн юм бэ. Сонирхолтой санагдаж байна.
-Өөрийгөө магтсан л болчих байх даа... Сонирхолтой гэж дээ... /инээв.сур/ Гуравдугаар шатны шалгалтыг Багшийн дээд сургуулийн 311 номерын том танхимд авсан гэж дээр ярьсан. Тэр танхимд манай сургуулийн хурал цуглаан, концерт болно. “Оюутны намар” болоход багш нар маань оюутнуудаа тариа ногоо хураах ажилд САА-д үдэж өгнө, угтаж авна. Тийм том зааланд шүү дээ.
Би Чөтгөр гэдэг үгэнд этюд хийхээр болсон. Чөтгөр огт хараагүй болохоор яадаг юм билээ гэж бодсон. Тэгээд тайзны хажуу талаас төв хөшгийг нь хааж байтал намираад л хамаг хурдаараа хаагдаж байна. Тэрнийг хараад л толгойд этюд хийх санаа шууд ороод ирсэн. Хаасан хөшигний цаагуур, наагуур гүйгээд л, хөшгөө хөдөлгөөд, нэг сандлын хөл газар байхаар нь авч эсрэг зүг рүүгээ шидэнгүүтээ “хүүе, хүүе” гэж шар шувуу, ууль шувуу шиг дуугараад, нөгөө тийшээ очиж янз янзын авиа гаргаад, дахиад хөшгөө хөдөлгөөд л, эцэст нь хөшгөө нээж, алгаа ташаад би дуусчихлаа гэсэн. Багш нар хэсэг чимээгүй болчихов. Би ч за, буруу юм хийчихлээ гэж айж гайхах зэрэгцэж байтал С.Сугар багш “Чи ямар янзын этюд хийгээд байгаа юм бэ. Энийг этюд гэдэг юм уу” гээд л загнаж гарлаа. Заа ингээд л өнгөрлөө гэж бодож байтал, Г.Доржсамбуу багш “Молодец.. энэ бол хурдтай уран сэтгэмж” гэж хэлсэн.
С.Сугар багш “Чи чөтгөр үзсэн үү” гэж асуусан. Би чөтгөр үзээгүй. Ингэж л төсөөлж байна. Зүгээр байсан хөшиг өөрөө хаагдаад, хөдлөөд, буцааж нээгдээд л чөтгөр ийм л байдаг байх гэсэнд За гарч бай гэж билээ. Тухайн үедээ л онцгой сонин үзэгдэл болсон шиг байгаа юм. Аргагүй шүү дээ, 300 орчим хүүхэд нэг үгэнд уначихаар, багш нар яаж сэтгэх нь вэ гээд хараад сууж байж. Өнөөдөр би төрөлх СУИС-даа багшилж байна, конкурст сууж байхдаа хүүхдийн уран сэтгэмжийг түлхүү хардаг даа.
-Багш болсон хойноо багшийн минь хэлдэг байсан үг чинь ийм учиртай байж, би ингэх ёстой юм байна гэж бодох үе байдаг л байх даа.
-Байлгүй яахав. Хоёр багш маань найруулагч. Тайзны ярианы багш маань жүжигчин. Гайхалтай багш нар. Багшийн мэргэжил бол сурган хүмүүжүүлэх шинжлэх ухаан. Энэ мэргэжлийг эзэмшинэ гэдэг хүн амьдарлаас сурсаар байдгийн жишээ нь мань мэт юм болов уу. Би 2005 онд УГЗ, доктор, профессор Н.Ганхуягийн удирдлага дор магистр хамгаалаад сургуульдаа Л.Лха багш Н.Гандий багш нарынхаа дагалдах багш болсноор гараагаа эхэлсэн. Жүжигчин хүн сурганы хүн болно гэдэг нэг бодлын боломжтой боловч нөгөө талаар багшийн мэргэжлийг шинээр эзэмших хэрэгцээ шаардлага зайлшгүй урган гардаг. Доржоо багшийн бидэнд хэлж байсан нэг үг одоо ч санаанаас гардаггүй юм. Нэгдүгээр курст биднийг авсныхаа дараа “Хүүхдүүд минь, та нар цэв цэвэрхэн, цав цагаан цаас шүү дээ. Энэ дээр урлагийг яаж бичих вэ” гэж хайрлаж, бахархан хэлж байсан тэр үг, өгүүлбэр надад маш гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Би одоо хот, хөдөөнөөс ЕБС-ийн 12 дугаар анги төгсөөд ирж байгаа хүүхдүүдэд тайз, дэлгэцийн жүжигчин гэдэг энэ бахдам мэргэжлийг олгоод, эх орондоо хэрэгтэй хүн болгож, монгол хүн бэлтгэх нандин албанд багш нарынхаа хойчийг залгамжилж яваадаа баяртай байдаг. Хэн чадалтай, авьяастай нь монголын театр, кино, хошин урлагт зүтгэг. Эд нараараа яаж хүн хийх вэ гэдэг асуудал надад маш том шалгуур болж ирсэн. Тэр үед багш нарыгаа өөрийн эрхгүй санадаг юм.
-Та сургуулиа төгсөөд УДЭТ-т жүжигчин болж байсан. Г.Доржсамбуу багш тань авч байсан уу?
-Тийм ээ, намайг сургууль төгсөхөд УДЭТ-т Г.Доржсамбуу багш, найруулагч Э.Санчигдан нар театрт авсан. Академик театрын босгыг давж орно гэдэг их хэцүү. С.Өлзийхүү, Н.Онон, И.Одончимэг, У.Уранчимэг, О.Энхтуул, Д.Ананд, В.Агар, Н.Бадрал гээд бидний үеийн залуучууд нэг дор театрт цуваад орж ирж билээ. Бидний өмнө Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг дүүргэсэн Б.Жаргалсайхан, Г.Урнаа, н.Энхтайван, Ц.Оюунсүрэн, н.Жаргалант, Т.Ганболд, н.Цогт-Очир гээд залуус театрт ирээд ажиллаж байсан. Тухайн үеийн нийгэмд ардчилал өөрчлөн байгуулалт явагдаж жүжигчдийн тал нь тэтгэвэртээ гарч, зарим нь зах зээлийн шаардлагаар ажлаасаа гарсан байв. Тэгээд Г.Доржсамбуу багш маань хэдэн юугаа ч мэдэхгүй залуустай үлдсэн юм. АЖ П.Цэрэндагва, УГЖ Б.Цэрэнпагма эгч, УГЖ Ч.Алтан-Өлзий ах, УГЖ С.Дамдин, соёлын тэргүүний ажилтан Б.Цэцэгбалжид эгч, н.Даваасүрэн ах гээд хэдхэн тооны ахмад жүжигчинтэй. Гэрээгээр АЖ Г.Гомбосүрэн, Н.Цэгмид, Д.Мэндбаяр, Д.Цээнямбуу, УГЖ Н.Дугарсанжаа, Б.Тунгалаг зэрэг зарим ахмад жүжигчин ирж тоглож байсан.
-УДЭТ-ын жүжигчин Л.Дэмидбаатарын анхны дүрийн тухай яриач. Мөн л Г.Доржсамбуу багштай нь холбоотой байдаг шүү дээ.
-Алтан үеийн жүжигчдийн бүтээл туурвилаа хийж байсан алтан тайзан дээр гарах, энэ агуу театрын хамт олны дунд орсондоо би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг юм. Театрт ороод удаагүй байх үед Нобелийн шагналт Энэтхэгийн зохиолч Р.Таагүрын “Цусан тахилга” жүжгийг манай театрын тайзнаа Г.Доржсамбуу багш найруулан тавьсан юм. Тэр жүжгийн нэг гол дүр болох удам дамжсан олон үеийн хаадыг сургаж хүмүүжүүлсэн 100 шахам настай өвгөн багшийн дүрийг надад өгсөн. Дөнгөж 24-25 настай хүүхдэд тийм дүр өгнө гэдэг багшийн их зориг, итгэл байсан. Миний хувьд өөрийгөө нээх том алхам байсан юм. Намайг тэр дүрийг авахад багш “Чи чадна. Би итгэж байна. Чамайг би шахахгүй чи өөрөө бод, боловсруул. Би юу заасан, Л.Лхасүрэн чамд юу сургасан одоо л ид шидээ үзүүлнэ дээ, хүү минь гэж билээ.
Монголын ард түмэн зах зээлд шилжээд бүгд үүргэвч үүрээд урагшаа, хойшоо явж байгаа ч энэ ард түмний нэг хүнийг ч ганц хүн гэлгүйгээр, бид үүдээ хаахгүй театр тоглолтоо хийх л ёстой гэсэн зарчим дээр тухайн үед театр ажиллаж байсан. Энэ үеийн театрын амь тариа нь та нар шүү, тэрний нэг нь чи шүү” гэж хэлж байсныг би одоо ч санаж байна. Энэ итгэлийн үг надад аймшигтай санагдаж байсан даа. Алтан үеийнхний уран бүтээлээ туурвиж байсан аварга том тайзан дээр, анхны авч байгаа дүр минь гадны том жүжгийн тэгээд өндөр настай, боловсролтой сайд хүний дүр надад оногдсон нь үнэндээ ахадсан хэрэг байсан. Гэсэн ч багш надад итгэсэн, даалгасан.
Доржоо багш өөрөө жүжигчин хүн болохоороо жүжигчдэд маш тодорхой, ойлгомжтой, хоёр, гуравхан үгээр л биднийг хөтөлчихдөг байсан. Энэ бол найруулагч хүний гайхамшигтай чадвар юм. Театрынхан өмнөх үеээсээ суралцаж цаашид хөгжүүлэх зарчим дээр урлаг урагшилдаг. Одоогийнхоор бол манай найруулагч Н.Наранбаатар их адилхан санагддаг Театрын “Уламжлал” гэдэг ийм л байдаг. Аливаа цаг үед найруулагч, жүжигчид төрдөг гэдэг дээ.
Би тэрхүү өвгөн багшийн дүрийг бүтээхийн тулд нэг сар гаруй сургууль хийсэн. Эхний хагас сар ерөөсөө болохгүй байлаа. Хичээсэн, мачийсан, зүтгэсэн. Багш маань “Чи дүрийнхээ гол зорилго, өгөгдсөн нөхцөл, бүх юмаа олоод ойлгочихжээ. Одоо наад дуу хоолой чинь залуу сонсогдоод байна” гэсэн. Энэ бол асар том бэрхшээл. 24-25 настай хүн чинь яаж 100 шахам насны хүний хоолойг мэдрэх вэ дээ. Их хэцүү байж билээ. Би олон ч хүнийг судалсан. Ердөө ч болдоггүй. Амралтын нэг өдөр гэртээ дүрийнхээ үгэн дээр ажиллаж байтал шугамын радиогоор эрдэмтэн зохиолч Э.Оюун багш ярьж байна. “Манай Бөмбөгөр ногоон театр болбол...” гээд л. Тэр үед л багш нарын амьдралаас сур. Алтан үеийнхэн амьдралаас сурч байсан юм шүү гэдэг үгийг ойлгосон юм. Э.Оюун багшийнхаа дуу хоолойг маш удаан сонсоод байхад өндөр настай хүмүүс ихэвчлэн гийгүүлэгч бүрийн хооронд эгшиг жийрэглэж ярихыг мэдэрч билээ. Ингээд би хоёр, гурван өдөр өөртэйгөө сургууль хийчихээд тайзан дээр сургуулилахдаа үзүүлэхэд Доржоо багш ширээ цохиод л босоод ирсэн. Би чамайг чадна, дүрийн үрээ олно гэдгийг мэдэж байсан юм” гэж хэлсэн. Энэ урмын үг надад дүр бүтээх ирээдүйн ажилд минь маш том урам, хүч өгсөн юм. Би оноогдсон дүрээ бүтээж чадахгүй байсан бол тэр жүжгийн нэг өнгө нь буурчих байсан биз. Тэр үед надад, бидэнд чадахгүй нь ээ гэж хэлэх эрх ч байгаагүй юм. Багш маань жүжгийн нээлтийн дараагаар миний мөрөн дээгүүр байн байн тэврээд л..." Ухаантай байж л зохиолчийн бичсэн дүрийн чанадад нэвтэрч, найруулагчийн тавилыг өөрийн амьдрал мэт мэдэрч чадвал сайн жүжигчин болно доо" гэж билээ. Тэр цагаас хойш өнөөдрийн уран бүтээлч болтлоо өсөж өндийхдөө багш нарын минь зааж сургасан эрдмийн шим, алсыг олж хардаг холч ухаан, нэг үгээр хэлэхэд багш нарын минь хөдөлмөр миний энгэрт гялалзсан гэж би боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цолыг аваад гарч ирэхэд мэргэжлийн багш нар минь байхгүй байх хэцүү л юм билээ. Би төрийн ордноос гарч ирээд л аав, ээждээ, ачит багш нартаа залбирсан энэ үгээ ч хэлсэн.
-Тэрхүү гайхалтай хүний шавь байсан цаг хугацаанд өчнөөн олон гэгээн дурсамж бий байх. Та түүнээсээ хуваалцаач.
-Бид нарын үед чинь кинонд тоглохыг дөрөвдүгээр курс төгсөөд дадлагаар явахад л зөвшөөрдөг байсан. Радио, телевизд ямар нэг юманд орохыг ч зөвшөөрдөггүй байлаа. Арга ч үгүй юм бага курсийн хүүхэд бид юугаа ч мэдэхэв дээ. Нэгдүгээр курст бидний гурван нөхөр “Чингис хаан”-ы Д.Жаргалсайхан ахын “6:45” гэдэг дууны одоогоор бол клип хийхэд нь оролцон тоглоод, С.Өлзийхүү, Д.Бямбацогт хоёр уулзаад л би гэж хүн цагаа байн байн харж гүйгээд л болзооноосоо хоцроод холоос нь гүйж байгаа нь тэр гэнэ. За, нэг иймэрхүү дүрс зураг авхуулсан. Уг нь Өлзийхүү бид хоёр болзож уулзах байсан ч би хоцорч, урдуур маань Бямбацогт ирээд асуудал үүсэж байгаа дүрс юм. Ард кино театр, Төв шуудангийн урдуур гүйгээд л. Тэр нь одоогийнхоор клип байсан байгаа юм. Тэрийгээ ч мэдэхгүй гурван нөхөр жүжиглээд л. Гэтэл нөгөөх маань хэд хоногийн дараа зурагтаар гарчихаж. Тэр үед ямар одоотой адил олон телевиз байсан биш ангийнхан үзчихээд л баяр талархал хүргээд. Мэргэжил орох гээд байж байсан чинь Г.Доржсамбуу багш орж ирснээ “За тэр дууны клипэнд тоглосон гавьяат жүжигчид бос” гэдэг юм байна. Юун гавьяат жүжигчин юм болоод явчихав гээд гайхаж байтал “Бямбацогт хаана байна, тэр Өлзийхүү, Дэмидбаатар гэж хүн хаана байна” гэхээр нь бүр гайхаад, ямар хэрэг хийсэн юм бол гэж бодтол “За, та нар тэр “6:45” гэдэг дуун дээр ямар дүр бүтээв?” гэж асуув аа. Дүрээ ч мэдэхгүй байгаа юм чинь, нэгдүгээр курсийн хүүхдүүд. “Үгүй ээ, багш аа” гэсэн чинь “Хэн та нарыг авч явсан, хэн та нарыг очоод жүжиглээтэх гэв ээ. Яасан том толгойтой жүжигчид вэ. Одоо энэ цаасан дээр сургуулиас гаръя гэж бич. Та нарыг сургуулиас хөөнө. Урлагийн диктатур гэдэг юм чинь хатуу, энэ чанга, хатуу, нарийн юмыг та нар ойлгож хүндэлж чадахгүй бол сургуулиас гар гэж загналаа. Ямар дүр бүтээснээ л хэлээтэх гэхээр нь бодоод үзсэн байдаггүй, “Би ямар дүрд тоглосон юм бол оо?” гээд гурван бие рүүгээ шивнэлдэхэд, гурвуулаа мөрөө хавчаад мэддэггүй. Ингэж л хөглөж байж билээ. Тэгээд Доржоо багш миний зөвшөөрөлгүй ямар нэг юманд дахиж ороод үзээрэй гэсэн юм. Тэр үед багшийн их энгийн, үнэн хэлсэн үг бид гуравт аянга ниргэх шиг л санагдсан. Багш нэг их уурлаж, хашгичиж загнаж байгаагүй, ер нь тэгдэг ч хүн биш л дээ. Гэхдээ тэр өдөр л муусайн ардын жүжигчдийг арай гэж гавьяат жүжигчин рүү нь чирж аваачаад байхад гавьяатаасаа буухгүй байх санаатай гэж хэлж билээ. /инээв. Сур/. Тэгэхнээ шинээр элссэн оюутнуудыг нэгдүгээр курст нь ардын жүжигчин, хоёрдугаар курст гавьяат жүжигчин, гуравдугаар курстээ жүжигчин, дөрөвтөө оюутан болоод төгсдөг гэдэг үг байдгийг хожим олж мэдсэн юм. Түүгээр зүйрлүүлж хэлж байгаа нь тэр байж. Энэ үйл явдал бид гурвын төдийгүй ангийнхны хувьд асар том сургамж, хожмын инээдэмт явдал болж билээ.
-Урлагийн хатууг утгаар нь ойлгуулдаг, сургадаг байж дээ.
-Багш нар маань биднийг тэгж л хүмүүжүүлж байсан. Нэг алдар цуутай жүжигчин эмэгтэй зурагчинд очиж зургаа авхуулжээ. Гэтэл нөгөө зурагчинд хөөрхөн, сайхан л харагдсан юм байлгүй зургийг нь жижгээс томруулсаар бүүр том хэмжээтэй угаагаад гудамж руу харсан цонхныхоо дотор талд тавьчихсан байж. Хажуугаар нь өнгөрч явсан найруулагч энэ хэн бэ гэж гэрэл зурагчнаас асуучихаад яваад өгч. Тэгээд театр дээр ирэнгүүтээ тэр хүнийг дагалдан жүжигчин болгож байсан түүх байдаг “Та урлагт байгаа өөрийгөө биш, өөрт байгаа урлагаа хөгжүүл, за юу. Яасан өөрөөрөө сурталчилгаа хийх дуртай хүн бэ, чи” гээд. Гэрэл зурагчнаас болж жүжигчин эмэгтэй тийм хүнд байдалд хүрсэн гэдэг. Урлаг гэдэг ийм хатуу. Энэ хатуу дектатур, зарчмыг бидэнд багш нар минь ойлгуулж өгсөн.
Г.Доржсамбуу багш минь их хатуу сургамжтай нэг юм ярьж байсныг огт мартдаггүй. Багш ярихдаа, “Аав минь нэгдүгээр эмнэлэгт бурхан болчихоод, би Улаанбаатар рестораны ард байх гэртээ харихаар эмнэлгээс гараад уйлах гээд дотор давчдаад, дайвалзаад алхаж байхад замд тааралдсан хүмүүс “Хөөх “Говийн зэрэглээ”-гийн Арслан явж байна алив хө, нөгөө Янзаган зоотой шаргыгаа нэг дуулаад өгөөч” гэлцэж байсан. Энэ үед надад ямар хэцүү байсан гэж санана гээд хэсэг чимээгүй болсноо За хүүхдүүд ээ. Та нарт ч гэсэн ийм үе ирнэ дээ”. Тэгэхээр олны танил алдартай болох гэж битгий яар. Ээ дээ, сайн л жүжигчин бол. Насандаа нэг юм уу, хоёр л чанартай дүр бүтээгээрэй илүүг хийвэл сайн л биз. Тэр алтан үеийн агуу томчуул өөрийн гэсэн өмчлөх олон дүрийг бүтээсэн олон түүх байна. Тэр алдартай, агуу жүжигчид дөрөв, таван дүр бүтээсэн бол та нар ядаж ганц, нэгийг бүтээгээрэй. Бүтээсэн хойно чинь жаргал, зовлон угтана даа” гэж байсан. Тийм тохиол ирдэг юм байна лээ. Ээж маань бурхан болчихсон байхад орой нь тоглолттой явах надад хэцүү байсан шүү. Дүүгээ алдчихаад байж ажилтай байх ч хэцүү байсан. Багш минь биднийг бага балчир хүүхдүүд гэлгүй амьдралын хат, урлагийн хатуу, халуун зарчмыг эхнээс нь ойлгуулж өгсөн. Багшийн энэ гэгээн ариун мөр миний зүрхэнд хоногшсон доо.
-Сайн, сайхан багшийн шавь, өдгөө мэргэжлийг өвлөөд монголын урлагийн дараагийн үеийг бэлтгэж байгаа танаар, багшаар тань бахархаж байна. Ярилцлагын төгсгөлийн асуултыг танд үлдээе.
-Багш маань онигоо их сайхан ярьдаг байсан. Москва-Улаанбаатар хоорондын вагонд тэр урт замд явахад нэг онигоог давтахгүйгээр ярина шүү дээ. Гайхамшигтай. Доржоо багш хичээлийн үеэр бидэнд анегдот ярьж өгдөг байлаа. Тэгтэл нэг удаа би урд талын ширээнд суучихаад туранхай өвдгөө тэврээд ангайгаад л учиргүй инээгээд байж. Тэгсэн багш “Үгүй, энэ хүүхэд чинь онигоо ярьж байхад инээх мөрөөрөө инээхгүй өвдгөөд үмхээд л инээгээд байх юм” гэхэд нь ангийн хүүхдүүд нирхийн инээлдэхэд их ичиж билээ. Тэрнээс хойш би гэж хүн нэг ч удаа өвдөгөө тэвэрч суугаагүй юмдаг. Хошин юмор гэдэг бол жүжигчин хүнд тэр бүр заяадаггүй. Инээдмийн төрөл жанарт тоглох үндэс суурийг хоёр багш маань тавьж өгсөн гэж би боддог. Үггүй үйлдлээр жүжиглэх ур ухааныг ч зааж өгсөн.
Л.Лхасүрэн багш, Г.Доржсамбуу багш нар маань хоёулаа “Гарын таван хуруу” кинонд тоглосон юм. Шагдар орхиж явсан гэр орон, эхнэр хүүхдээ эргээд нэг удаа ирхэд хашаа байшин нь эзэнгүй, харин хажуу талынх нь айлын бүдүүн нөхөр шүдээ чигчилж байснаа, сүх аваад хадсан хашааг нь ханзалж нураадаг хэсэг байдаг шүү дээ. Ерөөсөө ямар ч үггүй хэсэг. Авгай нь цаанаас хараад, ханзалсан банзыг зөөгөөд л, орон гэрээ орхиод явсан Лха багшийн дүр. Эзэн нь хараад зогсож байхад л бүтээсэн юмыг нь нурааж байгаа Доржоо багшийн дүр. Чи өөрөө хаяад явсан юм чинь чиний голомтыг нураахад яадаг юм бэ гэх аягтай сүхээр цохиж байгаа тэр тоглолтын уран чадварыг ээ. Энэ мэтчилэн гайхамшигтай өндөр ур чадвар, авьяасаараа бидэнд үлгэр дуурайл болсон хүмүүс байлаа даа, миний багш нар. Даанч ховорхон авьяастнууд бурхны дуудлагыг эрт хүлээгээд авчихсанд харамсаж явдаг юм даа, ах нь. Л.Лхасүрэн, Г.Доржсамбуу багш нар маань салшгүй найзууд байсан. Нэгэндээ ангиа өгөхдөө монголын театр урлагийн ирээдүйн уран бүтээлчдийг чиний гарт өгсөн. Чи сайн хүмүүсийг төгсгөвөл би авахад бэлэн гэж бидний нүдэн дээр ярьж байсан юм. Манай ангийнхан багш нарынхаа итгэлийг алдаагүй ээ. Дор бүрнээ хийж бүтээж, зүтгэж байж бүгд алдартай жүжигчин болсон. Монголын театр, киноны урлагт нэгэн хэсэг түүчээг үүрэлцэх уран бүтээлчдийн нэгэн үеийг төрүүлэн үлдээсэн нь багш нарын минь гавьяа хамтын хөдөлмөрийн үр шим юм. Багш нарын маань сууж байсан сандал, ширээ, зааж байсан хичээл бидний зүрх сэтгэлд гэрэлтсээр байна. Бидэнд өвлүүлж өгсөн жүжиглэхүйн ур ухааны замаар шавь нар нь хичнээн, биширч явна даа.