Монголын ахмадын холбооноос өнөөдөр (2025.09.15) тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын ахмадын холбооноос өнөөдөр (2025.09.15) тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “УИХ-аас 2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадуудад цогц болон хувилбарт үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон асуудлыг тусгаж, хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр олон зуун ахмад төрийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Хуулийн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Тийм учраас ахмадуудын нэг хэсэг нь их баяртай байгаа. Уг хуулийн наймдугаар зүйлд "Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нь нэмэгдүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр ахмад настнуудын тэтгэвэр хоорондын зөрүү их байгаа. Шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа иргэд нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байхад 10, 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол засах ёстой зүйл” гэж ярилаа.
Ахмадуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу бүрэн тэтгэврийн 689 мянган төгрөг авч байгаа бол хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 520 мянган төгрөг авч байгаа нь тэдний орлогын баталгааг хангаж чадахгүй байгааг онцлов.
А.Сарнай