1 Өдрийн өмнө.
Академик номын сангийн хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ
Академик номын сангийн хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ

Академик номын сангийн хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их сургуулийн Номын сангаас жил бүрийн есдүгээр сард “Номын сан: Өнөөдөр, маргааш” форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа форумын хамрах хүрээ, хэлэлцэх асуудлыг өргөжүүлэн “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд олон улсын хурал, семинар хэлбэрээр зохион байгуулахаар товложээ.

Сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэн гадаад, дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилготой форум энэ сарын 8, 9-ний өдөр МУИС-ийн Номын санд болно.

Форумд гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, 16 илтгэл хэлэлцүүлэх ажээ. Номын сан нь зөвхөн ном хадгалах төдий газар биш, эрдэм шинжилгээ-судалгааны ажил эрхэлдэг, сургалтын үйл ажиллагаа явуулдаг, мэдлэг бүтээх үйл явцыг дэмжигч байгууллага болон хөгжиж байна. Хиймэл оюун ухааны дэвшил номын сангийн үйлчилгээг хялбарчилж, уламжлалт үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа өнөө үед Монголын номын сангууд, тэр дундаа академик буюу эрдэм шинжилгээний номын сангууд дэлхий нийтээс суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох, хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага зайлшгүй урган гарч ирсэн гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.