1 Өдрийн өмнө.
Г.Гантогтох багшийн нэрэмжит сангаас судалгааны тэтгэлэг зарлажээ
Г.Гантогтох багшийн нэрэмжит сангаас судалгааны тэтгэлэг зарлажээ

Г.Гантогтох багшийн нэрэмжит сангаас судалгааны тэтгэлэг зарлажээ

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн профессор Гончигийн Гантогтохын оюуны өвийг хамгаалах, сурталчлах, монгол хэл, хэл шинжлэлийн судалгааг хөгжүүлэх, залуу монгол судлаачдыг дэмжих чиглэлээр ажиллах “Гантогтох сан”-г түүний үр хүүхдүүд санаачлан байгуулжээ.

Тус сан Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахисан түвшний “Хэл шинжлэл” хөтөлбөрийн суралцагчид буюу магистрант, докторантыг дэмжих зорилгоор “Гантогтох сангийн судалгааны тэтгэлэг” зарлан үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж. Энэхүү тэтгэлэг уламжлал болон үргэлжлэх бөгөөд нутгийн аялгуу судлал, угсаа хэл шинжлэл чиглэлээр судалгаа хийж буй суралцагчид жил бүр олгохоор төлөвлөсөн байна.

Гантогтох сангийн тэргүүн, доктор Г.Энхтуул “Магистр, докторын оюутны судалгааг дэмжих эрдэмтдийн нэрэмжит тэтгэлгүүд нь үндсэн томоохон тэтгэлгээс гадна олон улсын их сургуулиудад өргөн дэлгэрсэн сайн туршлага байдаг. Ийм нэмэлт тэтгэлэг нь судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэх бас нэг чухал эх үүсвэр болж өгдөг.

Энэ жишигтэй нийцүүлэн, аавынхаа ажиллаж байсан Монгол хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойг тохиолдуулан аавынхаа нэрэмжит угсаа хэл шинжлэл, нутгийн аялгуу судлалын судалгааг дэмжих, Гантогтох эндаумент сангаа нээлээ.

Эндаумент сангийн онцлог нь нэг удаагийн санхүүжилт өгөөд зогсох бус харин санхүүгийн эх үүсвэрийг хадгаламж, хувьцаа, бонд зэргээр өсгөж, үндсэн санг нэмэгдүүлэн, түүний өгөөжөөр жил бүр тэтгэлэг олгож, илүү урт хугацаанд тогтвортой дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлдэгт оршино. Манайд ихэнх оюутан улсын тэтгэлэггүй, өөрийн зардлаар улс оронд хэрэгтэй судалгаа хийдэг тул ийм нэрэмжит тэтгэлэг нь тэдэнд бага ч гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна, хамгийн гол нь тэдний судалгааг үнэлж, урамшуулж байгаагаараа чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.