Эх сурвалж: www.fmprc.gov.cn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн, дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор тус улсад айлчилсан. Айлчлалын үеэр буюу есдүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хот дахь Ардын Их Хурлын Ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзсан билээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтын үеэр БНХАУ, Монгол Улс хоёр нь уул усны хэлхээ холбоотой найрсаг хөршийн хувьд улс төр, эдийн засаг болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хэд хэдэн чухал төслүүдэд бодит ахиц гаргаж буйг онцлон тэмдэглэв. Талууд Хятад–Монголын хамтын ирээдүйг цогцлоох үзэл баримтлалыг чиг баримжаа болгон, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хөгжлийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмний харилцааг ойртуулж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ, тогтвортой урам зориг нэмж өгөх ёстойг мөн дурдлаа.
Түүнчлэн олон улсын байдал ямар ч өөрчлөлтөд орсон БНХАУ нь Монгол Улсын найдвартай, итгэл даах түнш хэвээр байх болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр тал улс төрийн харилцааны бат бөх үндсийг хамгаалж, хөгжлийн стратегиудыг уялдуулан, шинэчлэл дэвшлийн зорилтуудаа хамтдаа урагшлуулах шаардлагатайг дурдсан юм. Мөн Хятад Улс дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх зорилгоор “Дэлхийн засаглалын санаачилга” (GGI)-ыг дэвшүүлсэн бөгөөд уг санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Хятад улстай байнгын найрсаг харилцааг хадгалж, тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр БНХАУ хөрш орнуудтайгаа нөхөрлөл, чин үнэнч, харилцан ашигтай, нээлттэй байх зарчмыг баримталж буйг өндрөөр үнэлэв.
Монгол Улс “нэг Хятад” зарчмыг баримталж, Тайвань, Шизан (Төвөд), Шинжаан болон Хонконгтой холбоотой асуудлаарх БНХАУ-ын байр суурийг тууштай дэмжихээ илэрхийллээ. Мөн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны боломжийг бүрэн ашиглан, харилцан холболтыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлснээр харилцааг илүү өгөөжтэй түвшинд хүргэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Түүнчлэн Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн засаглалын санаачилга”-ыг (GGI) өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Энэхүү санаачилга нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төвтэй, хөгжиж буй бүх орнуудад тэгш оролцоог хангах олон улсын засаглалын тогтолцоог дэмжиж буйг онцоллоо. Монгол Улс уг санаачилгыг дэмжин, Хятад улстай олон улсын тавцанд харилцан дэмжлэг үзүүлж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгдэв.
Уулзалтын үеэр талууд гааль, хэмжил зүй болон хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И оролцов.
Эх сурвалж: www.fmprc.gov.cn