Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар бурхны шашны асуудал хөндөгдөв үү?
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар бурхны шашны асуудал хөндөгдөв үү?

Монгол Улс болон БНХАУ-ын тэргүүний уулзалтаар бурхны шашны асуудал хөндөгдөв үү?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж байна. ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Төрийн тэргүүд цугласан, БНХАУ-ын дарга гишүүн орнуудад их хэмжээний дэмжлэг амласан зэрэг сонин содон мэдээтэй энэхүү уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтын үеэр Монголын бурхан шашны болон Далай ламын тухай асуудал хөндөгдсөн гэж зарим судлаач таамаглаж байна. Өнгөрсөн сарын сүүлчээр Ши Жиньпин Төвөдөд гэнэтийн айлчлал хийхдээ Далай ламын тухай ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ тус айлчлалын дараа манай улсын Ерөнхийлөгчтэй уулзаж таарч буй нь анхаарал татахуйц бөгөөд ажиглагчид таамаглал дэвшүүлэхүйц үйл явдал болж буй юм.  

Харин Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам өөрийн институц үргэлжлэх, түүний дараагийн төрлийг зөвхөн “Gaden Phodran” байгууллага тодруулах бүрэн эрхтэй хэмээн 90 насны ой дээрээ тунхагласан.

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Буддын шашны ертөнцөд өрнөж буй геополитикийн асуудал, Монголын бурхан шашны тэргүүн Аравдугаар Богдын талаар Дилав хутагт Данзанламэд “Global Order” мэдээллийн сайтын эрхлэн бэлтгэдэг нэвтрүүлэгт оролцож дэлгэрэнгүй ярилцсаныг тоймлон хүргэж байна. Дилав хутагт Данзанламэд нь Халимаг монгол үндэстэн юм.

ЗХУ-ын задралын дараа Халимаг монгол, Буриад гэх мэт бүс нутагт Бурханы шашин дахин сэргэж, үүнд Энэтхэг улс дахь төвөдийн сүм хийдүүд, Далай лам маш чухал үүрэг гүйцэтгэжээ.

Буддын шашинд гурван оргил байх агаад эдгээр нь Далай лам, Банчин Богд, Богд Жавзандамба хутагт юм. Харин 2023 онд Монголд 267 жилийн дараа эргэн мэндэлсэн бяцхан Аравдугаар Богд Жавзандамба хутагтыг Далай лам олон нийтэд зарласнаар дэлхий нийтийн анхааралд орж, тэрээр Буддын шашин дахь үүрэг, ач холбогдол нь өндөр юм. Түүнийг тодруулах явц бурхны шашны ёс жаягийн дагуу маш нарийн өрнөсөн бөгөөд баруунд боловсрол эзэмшсэн математикч, эдийн засагч шинжлэх ухааны салбараас гаралтай эцэг эх, гэр бүлийн хувьд үнэхээр төсөөлшгүй мэдээ байсан. Ингээд Аравдугаар Богдын аюулгүй байдлыг бодож, нууцлахыг хүссэн бөгөөд харин 2023 онд ийнхүү олны өмнө ил гарсан. 

Харин Буддын шашныг өмчирхөхийг оролддог Хятад улсын хувьд таатай биш тул Монголд улс төрийн болон эдийн засгийн хүчтэй дарамт үзүүлж, Аравдугаар Богдын шашин соёлын үйл хэргийг явуулахгүй байх, Энэтхэг улсад шашны боловсрол эзэмшүүлэхгүй оролдлого хийсээр байгааг Дилав хутагт онцлон өгүүлжээ.

Хятадын хувьд Далай ламын дараагийн төрлийг өөрийн бумбаас нэр шигших байдлаар тодруулах ёс жаягтай хэмээн зарлаж, тухайн процессыг бүрэн хяналтдаа байлгах сонирхолтой. Тэгэхээр Монгол Улсын хувьд сорилтын талбар болчхоод байгаа юм. Түүнчлэн, Монголын буддын шашныг дотоодоос нь задлах, бутаргах, лам нарыг өөрийн бодлогод нэгтгэх үйлдлүүд хийж байгаа бөгөөд энэ нь эргээд шашны нэгдмэл байдалд аюул учруулж байгааг дурдсан байна.

Эцэст нь, тэрбээр Монгол, Орос болон бусад бүс нутгийн буддын шашинтнуудын дунд боловсрол, ухамсрын түвшнийг дээшлүүлэх шаардлагатайг тодотгосон бөгөөд энэ нь шашны уламжлалаа хадгалах, улс төрийн хөндлөнгийн оролцоонд автахгүй байх, шашны эрх чөлөөг хамгаалах үндэс болно гэв.

Ярилцлагын дэлгэрэнгүйг  Дилав хутагт Данзанламэдийн “Global Order” мэдээллийн сувагт өгсөн ярилцлага  холбоосоор үзнэ үү.