ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Соронзонбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, илтгэл, грант олгох төсөл шалгаруулах уралдаан тав дахь жилдээ зарлагдсан билээ. Тус уралдаанд хоёр жил дараалан буюу 2023, 2024 онд “Шилдэг төсөл” төрөлд багаараа тэргүүн байр эзэлсэн ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Соронзонбаатартай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Амрыг эрье. Та болон танай баг энэхүү уралдаанд хоёр жил дараалан тэргүүн байр эзэлж байжээ. Тэгэхээр 2023 онд шилдгээр шалгарсан төслийнхөө талаар мэдээлэл өгөөч.
-Амрыг эрье. ДХИС-ийн Ахисан түвшний сургалт, судалгааны албаны дарга, доктор, хошууч Д.Энхтөр, ЦЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Билигт нарын хамт “Calmy MGL” гар утасны аппликейшн төслөөрөө оролцож тэргүүн байранд шалгарч байсан. Энэ бүтээл бол энгийн нэг аппликейшн гэхээсээ илүүтэй иргэдэд аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй хүргэх, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрсөн санаа байсан юм. Иргэдэд ойр, өдөр тутамд нь хэрэг болохуйц ийм шийдлийг бодит ажил болгон амьдралд хэрэгжүүлсэндээ бахархдаг. Энэ шагналаасаа маш их урам зориг авч, дараа жил амжилтаа бататгаж заавал оролцоно гэж зорилго тавьсан даа.
ДХИС-ийн Ахисан түвшний сургалт, судалгааны албаны дарга, доктор, хошууч Д.Энхтөр, ЦЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Билигт нарын хамт “Calmy MGL” гар утасны аппликейшн төслөөрөө оролцож тэргүүн байранд шалгарч байжээ. 2023 он
-Дараа жилийн амжилтаа бататгасан төсөл нь юу байсан бэ. Төсөл санаачлахдаа зорьж хүлээсэн үр дүндээ хүрч чадсан болов уу?
-Бид “Vehicle forensic” буюу автомашинаас тоон ул мөр илрүүлэх шинэ аргачлалын төслөөрөө оролцсон. Ингэхдээ ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шинжээч мөрдөгч, ахлах дэслэгч З.Төрболдтой хамтран оролцож мөн тэргүүн байранд шалгарсан.
Энэхүү аргачлал нь мөрдөн шалгах ажиллагаанд шинэ түвшний нотлох баримт бүрдүүлэх, зам тээврийн осол болон гэмт хэрэгтэй холбоотой үнэн зөв мэдээллийг тогтоох, маргаантай асуудлыг шударгаар шийдвэрлэхэд шинэлэг шийдэл болж байна. Бидний хувьд энэ бол зөвхөн судалгааны ажил бус, хүний эрх, шударга ёсны төлөө хийж буй бүтээл гэж ойлгодог.
2024 оны уралдаанд ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шинжээч мөрдөгч, ахлах дэслэгч З.Төрболдтой хамтран оролцож тэргүүн байранд шалгарчээ.
-Таны эдгээр шинэлэг санаа, шийдлийн эхлэл нь “Daily police” системийг амжилттай хөгжүүлж, ашиглалтад нэвтрүүлж чадсантай холбоотой юм болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэхүү төслийн уралдаанд оролцох анхны алхам надад маш их урам зориг тэмүүлэл өгч, сайхан дурсамж үлдээсэн. 2021 онд ЦЕГ-аас зохион байгуулсан “Шинэ санал, шилдэг инноваци” уралдаанд тухайн үеийн НЦУГ-ын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал даргатай хамтран “Daily police” системийг хөгжүүлж, тэргүүн байранд шалгарч байсан. Өнөөдөр энэ системийг цагдаагийн байгууллагын 11 мянга гаруй хэрэглэгч дотооддоо ашиглаж байгаа нь бидний хамтын хөдөлмөрийн бодит үр дүн юм. Тухайн үед “Ковид-19” цар тахлын хамгаалалтад ажиллахын зэрэгцээ бид программаа хөгжүүлж, хөдөлмөрлөж байлаа. Д.Отгонжаргал хурандаагаас олон зүйлийг сурч, урам авсан нь дараа дараагийн төслүүдийн амжилтын суурь болсон. Ийнхүү хоёр жил дараалан грантын төслөөр шалгарсан маань зөвхөн бидний мэргэжлийн хөгжил төдийгүй, манай байгууллагын ажилд судалгаанд суурилсан, шинэлэг арга барил нутагшуулахад бодит хувь нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
“Шинэ санал, шилдэг инноваци” уралдаанд тухайн үеийн НЦУГ-ын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал даргатай хамтран “Daily police” системийг хөгжүүлж, тэргүүн байранд шалгарч байв. 2021 он
-Салбарын уралдаанд оролцохоор бэлтгэж буй судлаач, алба хаагчдад туршлагаасаа хуваалцвал?
-Энэ уралдаан бол залуу судлаач, алба хаагч, оюутан, сонсогчдод өөрийгөө нээх, шинэ санаагаа амилуулах, ирээдүйгээ тодорхойлох ховор боломж юм. Та бүхэн санаа оноогоо зоригтойгоор дэвшүүлж, өөрсдийн бүтээлээ сорьж байгаарай. Учир нь энэ зөвхөн өнөөдрийн амжилтад бус, ирээдүйн карьер, мэргэжлийн өсөлтөд тань эерэг нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Мөн аливаа төсөл хөтөлбөр, судалгааны ажлыг дэмжиж практикт ажил хэрэг болгодог Эрүүгийн цагдаагийн албаны дарга, зөвлөлийн гишүүддээ баярлаж явдгаа илэрхийлье.
Танд баярлалаа. Амжилт хүсье.
Эх сурвалж: ДХИС-ОНХА