28 мянган сарлагтай Алаг-Эрдэнийн малчид орлогынхоо 30 хувийг сарлагийн ашиг шимээс бүрдүүлдэг
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Далан булгийн хөндийд энэ сарын 21-ний өдөр “Сарлаг наадам” боллоо. Эл үйл ажиллагааг сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” ХХК хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулав. Наадмын нэгэн онцлог үйл ажиллагаа нь “Сарлагийн ашиг шим түүхий эдийг нэмэгдүүлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурал байлаа. Хоёр дахь жилдээ болж буй бөгөөд эрдэм шинжилгээний хуралтай ганц наадам гэж зохион байгуулагчид нь онцолж байсан юм.
Эрдэм шинжилгээний хуралд Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг сумын удирдлага, эрдэмтэн судлаачдын баг, орон нутгийн бизнес эрхлэгчид болон урилгаар Герман улсын “Verena von Еschenbach” компанийн үүсгэн байгуулагч, дизайнер Verena Ebner von Еschenbach зэрэг 100 гаруй оролцогч сарлагийн түүхий эдийн ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээр хамгаалах, байгальд ээлтэй нүүдэлчин соёлыг сурталчлах чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ.
Герман улсын “Verena von Еschenbach” компанийн үүсгэн байгуулагч, дизайнер Verena Ebner von Еschenbach
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нь сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд нийт 28 мянган сарлагтай, малчид нь орлогынхоо 30 орчим хувийг сарлагийнхаа ашиг шимээс бүрдүүлдэг аж. Энэ чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил, судалгааны байгууллага хамтран түншилж ажилладаг байна. Тухайлбал, “Жинст Мөрөн” компани нь сарлагийн хөөвөр, ямааны ноолуурыг малчид, малчдын хоршоодоос худалдан авч боловсруулж, ШУТИС-ийн ХҮСХХ-ийн эрдэм шинжилгээний багаар шинжлэн судлуулж, химийн хольцгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутагт үйлдвэрлэж иржээ.
Наадмын нэгэн онцлог үйл ажиллагаа нь “Сарлагийн ашиг шим түүхий эдийг нэмэгдүүлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурал байлаа.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэхдээ шинжлэх ухаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд сумаасаа брэнд бүтээгдэхүүн гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир “Малчид сарлагийн хөөврийн ач тус, үнэ цэнийг ойлгож, тэр хэрээр жилээс жилд сарлагийн хөөврийн хэмжээ нэмэгдэж байна. Энэ нь эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны үр дүн гэж дүгнэж байна. Өнгөрсөн хавар зөвхөн манай Алаг-Эрдэнэ сум таван тн сарлагийн хөөвөр бэлтгэн зах зээлд нийлүүллээ. Цаашид сарлагаас гаралтай түүхий эдээр олон төрлийн бараа бүтээгдэхүүн хийхийг зорьж байна. Үүний тулд түүхий эдийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж орон нутгийн онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Энэ жил Хөдөө аж ахуйн их сургууль, ШУТИС-ийн харьяа хүрээлэнгийн эрдэмтэн, докторуудтай хамтарч судалгааны ажлыг эхэллээ. Мөн Дэлхийн хил хязгааргүй сүүний мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллаж байна. Сарлаг үхрийн мах, сүүний гарц, хөөвөр, амьдын жинг тэжээлээр хэрхэн нэмэгдүүлж болохыг ч судлахаар ажиллаж байна. Мөн цаашид шар тос, борц, сүү, ааруулыг судалж, аль боломжтойг сонгоод нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ” гэлээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Ням-Очир
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч Ц.Ганболд “Сарлагийн хөөвөр дэлхийд ховор тооцогддог. Дэлхийд нийт 15 сая сарлаг байгаагийн нэг сая нь Монгол Улсынх. Сарлагийн хөөврөөр хийсэн өмд, цамц, бээлий, малгай, оймс илүү дулаан хадгалах чадвартай сайтай. Бид сарлагийн хөөврөө дэлхийн шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд ажиллаж байна. Хөх сарлагийн өнгө Европын зах зээлд илүү их эрэлттэй байгаа. Хөх сарлагийг үржүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум юм. 2015 онд анх Алаг-Эрдэнэ суманд сарлагийн наадам болох үед нэг ч кг сарлагийн хөөвөр бэлддэггүй байсан. Харин өнөөдөр 5-6 тонн хөөврийг зөвхөн Алаг-Эрдэнэ сум бэлтгэсэн байна.
Сарлагийн хөөвөр 10 жилийн өмнө 8000 мянган төгрөг байсан бол өнөөдөр 25000 төгрөг болж өссөн. Мөн төрөөс сарлагийн хөөврийн кг тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Энэ ажил удахгүй хэрэгжих байх. Мөн сарлаг, тэмээ, хонь, ямааны түүхий эдийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. Үүнд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажиллаж байна. Хувь судлаачийн үүднээс хэлэхэд Хөвсгөл аймаг нь Монгол улсад уул уурхайгүй цор ганц бүс нутаг. Тиймээс малын гаралтай түүхий эдийг дахин ашиглах чиглэлээр сарлагийн хөөврийг дэлхийд онцгойлон танилцуулах хэрэгцээ шаардлага байсан.
Сүүлийн жилүүдэд сарлагийн хөөврөөр дагасан үйлдвэрүүд нэмэгдэж байгаа. Жишээ нь Хөвсгөл аймагт “Жинст мөрөн”, Улаанбаатар хотод “Баялаг-Өлзий”, “Сор”, “Монгол нэхмэл” зэрэг компани хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, Монгол Улсын тэргүүлэх мал зүйч, доктор Д.Гүрбазар:
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, Монгол Улсын тэргүүлэх мал зүйч, доктор Д.Гүрбазар: Монгол Улсын ДНБ үйлдвэрлэлд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эзлэх хувь дунджаар 7.4 орчим хувьтай байна. Хоёр жилийн өмнө Алаг-Эрдэнэ суманд анх удаа зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлаас малчид мэдлэг, мэдээлэл авч тунгаан бодож, мэдсэнээ ахуй амьдралдаа хэрэгжүүлснээр сарлагийн тоо толгой, ашиг шим нэмэгджээ. Ингэснээр зөвхөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум гэхэд энэ онд таван тонн сарлагийн хөөврийг бэлтгэн нийлүүлжээ.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг: Монгол Улсад 2000 оны үед сарлагийн хөөвөр нэг кг нь 200-500 төгрөгийн үнэтэй байсан бол 24 жилийн турш малчид, түүхий эд бэлтгэгч, эрдэм шинжилгээний ажилтан гээд олон талын оролцооны үр дүнд энэ онд сарлагийн хөөвөр нэг кг нь 10 доллар хүрээд байна. Хөөврөн бүтээгдэхүүн нь бусад ноос ноолууран бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү дулаахан, зөөлөн, агаар нэвтрүүлэлт сайтай, эдэлгээ удаан байдаг. Сарлагийн хөөвөр олон улсын зах зээлд нэлээд эрэлттэй байна.
Тухайлбал, 2024 оны 12 дугаар сард НҮБ-ын АҮХБ-аас /Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага/ Бутанд сарлагийн хөөврийг самнах, анхан шатны боловсруулалт хийх сургалт хийж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу миний бие тус улсын малчид, түүхий эдийн мэргэжилтнүүдэд анхны шатны хичээл орсон. Бутан улсад сарлагийн хөөврийг ашиглах, түүний ашиг шимийг нэмэгдүүлэх талаар анхны эхлэлийг Монгол Улс тавьсан гэж болно.
Эх сурвалж: ТТСКлуб