6 Өдрийн өмнө.
Өндөр гэгээн–Даншиг наадам болж байна
Өндөр гэгээн–Даншиг наадам болж байна

Өндөр гэгээн–Даншиг наадам болж байна

Монголын төр, шашин, соёл, урлагийн суут зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Их Монгол Улсын алтан ургийн хүмүүн, анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээн-Даншиг наадам” өнөөдөр эхэллээ.

Даншиг наадмын үйл ажиллагаа анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэн газар Есөнзүйл суманд шашин, соёлын үйл ажиллагаагаар эхэлж буй юм. Наадмын үйл ажиллагаа энэ сарын 26, 27-ны өдөр Арвайхээрт үргэлжилнэ.

“Өндөр гэгээн – Даншиг наадам 2025”-ын хүрээнд:

Ерөөлч, магтаалчдын олон улсын анхдугаар наадам

Зургаан насны болон сонгомол хурдан морины уралдаан,

Улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөхийн барилдаан,

Үндэсний сур, шагайн харваа,

Буддын шашны зан үйл, номын айлдвар,

Занабазар судлалын эрдэм шинжилгээ, соёл урлагийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагаа болно.

Энэхүү түүхэн үйл ажиллагаа нь монголчуудын соёлын дархлаа, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг бэхжүүлэх, Өндөр Гэгээн Занабазарын гүн ухаан, бүтээл туурвил, түүхэн гавьяа зүтгэлийг алдаршуулж, түүний судлалыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой билээ.

Занабазар нь Монголын бурхан шашны сэргэн мандалтыг тодорхойлсон их соён гэгээрүүлэгч, уран барималч, төр, шашны зүтгэлтэн бөгөөд түүний урласан Очирдара, Майдар, Дара эх зэрэг бүтээлүүд нь урлагийн хосгүй бүтээл хэмээн гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид үздэг юм.