Өндөр Гэгээн даншиг наадам болно
Өндөр Гэгээн Даншиг наадмын Шашин номын хөтөлбөр энэ сарын 25-ны баасан гарагт Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэн газар Есөнзүйл суманд болохоор товлогджээ. Харин даншиг надмын үйл ажиллагаа 26, 27-ны өдөр Арвайхээрт болно.
Занабазар нь Монголын бурхан шашны сэргэн мандалтыг тодорхойлсон их соён гэгээрүүлэгч, уран барималч, төр, шашны зүтгэлтэн бөгөөд түүний урласан Очирдара, Майдар, Дара эх зэрэг бүтээлүүд нь урлагийн хосгүй бүтээл хэмээн гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид үздэг билээ. Энэ наадам нь Монголын түүх, соёлын өвийг таниулах, үндэсний уламжлалт шашин, урлаг, гар урлал, зан заншлыг нэгэн дор цогцлоон харуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагаа болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Мөн энэхүү наадмын хүрээнд болох “Ерөөлч, магтаалчдын олон улсын анхдугаар наадам” маргааш Өвөрхангай аймгийн төвд эхэлнэ.