Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд газар хөдөлжээ
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд газар хөдөлжээ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) магнитуд Мl 2.8-тай газар хөдлөлт болсон.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өнгөрсөн шөнө нийслэлд болсон газар хөдлөлийн тухай мэдээллийг өглөө.Уг мэдээлэлд “2025 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 35 минут 27 секундэд (Улаанбаатарын цагаар) нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд (48.00N 106.82E) магнитуд Мl 2.8-тай газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV баллын (Зурагт харуулав), Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна” гэжээ.

Мөн газар хөдлөлтийг мэдэрсэн иргэд хүнд машин мөргөх шиг нүргэлсэн дуу гарсан, дэлбэрч байгаа юм шиг чимээ гарсан, чичирхийлэл мэдэрсэн гэсэн мэдээлэл өгчээ. Одон орон, геофизикийн хүрээлэн Одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад (хадан хөрсөнд) I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна гэж мэдээллээ.