Дэлхийн адууны өдөр – Марко Поло морь, морьтны тухай юу гэж бичсэн бэ?
Дэлхийн адууны өдөр – Марко Поло морь, морьтны тухай юу гэж бичсэн бэ?

Төрийн далбааны өдрийн жагсаалын үеэр "Морьт цэрэг"

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэн баталсан. Улмаар тогтоолын дагуу Дэлхийн адууны өдрийг өнөөдөр анх удаа тэмдэглэж байна.

Энэ өдөр монгол адуу, морьтон түмний тухай Их хаан Хубилайн дэргэд 17 жил алба хаасан, түүний элч төлөөлөгч Марко Поло хэрхэн тэмдэглэн үлдээсэн байдаг тухай баримтуудаас цөөнийг эшлэн хүргэж байна.

aduu_1 "Адуун сүрэг" Өвөрхангай аймгийн Төгрөг сум, Өөш шахлага

Эшлэл-1

... Хэцүү бэрх ямар ч нөхцөлөөс гарах онцгой чадвартай ба шаардлагатай үед зөвхөн гүүний айргаар ундаалан, ан гөрөө хийж бүтэн сар ч явж чадна.

Эшлэл-2

Тэд морьдоо хээр талд бэлчээдэг тул арвай болон өөр ямар ч юм тээж явах хэрэггүй. Тэд зэр зэвсгээ агсан мориндоо мордоод хоёр өдөр, хоёр шөнө буулгүй давхих ба мөн унтах зуур морь нь бэлчээрлэнэ.

Эшлэл-3

Удаан хугацаагаар морь унадаг, тэсвэр тэвчээртэй ард түмэн энэ ертөнцөд тэднээс өөр үгүй.

Эшлэл-4

Тэд цэргээ аван алс холын их аян дайнд мордохдоо ямар нэг зүйл, ялангуяа унтаж амрахад хэрэглэх зүйл авч явдаггүй байна. Ихэнхдээ сүүгээр /ааруул/ өл залгуулах ба хүн бүрд 18 гүү, адуу ногдох ажээ. Замдаа ядарч туйлдсан морио өөр мориор сэлгэн унах ба мах чанах тогоо авч явдаг.

Эшлэл-5

Заримдаа яаралтай түргэн гүйцэтгэх хэрэг гарсан үед гал түлж хоол унд хийж идэлгүйгээр хүн бүр мориныхоо цусыг ханан ундаалж арав гаруй өдөр давхиж чадна.

Эшлэл-6

Тэдний морьд ганц л дохиход санасан зүг рүү нь эргэж зүгээ өөрчлөхдөө гаршсан тул энэ аргаар олон тулаанд ялжээ.

Эшлэл-7

Адуу болон алах ялтай өөр бусад зүйл хулгайлбал илдээр тасар цавчин гээнэ. Хэрэв хулгайлсан зүйлээ төлөх чадвартай аваас ес нугалж төлснөөр амь хэлтэрнэ.

Эшлэл-8

Ноён хийгээд мал сүрэг олонтой хүмүүс мал амьтан буюу азарга, гүү, тэмээ, бух, үнээ болон бусад бод малдаа өөрийн тамга тэмдэг дарсны дараа уул талаар ямар ч газар хариулгагүй, чөлөөтэй бэлчээдэг байна. Хэрэв сүрэг нь өөр хүний малтай нийлбэл хүн бүр тэмдгээр нь ялган таньж, эзэнд нь эргүүлэн өгнө.

Тодруулга: Энэхүү мэдээллийг бэлтгэхэд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс хэвлүүлсэн “Марко Пологийн аялал” /Венецийн Рамузиогийн 1559 оны хувилбар/ номын хоёрдугаар хэвлэлээс ашигласан болно.

aduu_2 "Адуун сүрэг" Булган аймаг, Тэшиг сум, Харгал нуур

Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс, Бахрейны Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс зэрэг 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн билээ.