Гэрэл зургийн эх сурвалж: president.mn
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам болж байна.
“Цагаан сүлд”-ийн тухай Монгол хэлний их тайлбар тольд хэрхэн тайлбарлаж өгүүлсэн байдгийг хүргэж байна.
Цагаан сүлд:
Цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг учир “Цагаан сүлд” хэмээн нэрлэжээ. Нэгэн жолоо дор нэгдсэн монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар иржээ. Уг сүлдний орой дээр нь алтан шармал төмрөөр урласан гал бүхий гурван үзүүрт ган сэрээтэй, түүний доорх дугариг цараас цагаан хялгасан хөхлийг 81 нүхнээс нарийхан зүссэн ямааны арьсан сураар бэхэлж унжуулсан байдаг. Цагаан туг нь гол сүлд болон түүнийг тойрсон есөн элч сүлднээс бүрддэг тул есөн хөлт Цагаан туг хэмээн нэрлэжээ.
Монголчууд Манжийн эрхшээлд орсноос хойш Цагаан тугийг Халх болон Өвөр монголын олон газарт тахиж байв. Халхын Түшээт хан аймгийн нутаг дахь Баруун хүрээ, Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошуу зэрэг хэд хэдэн газар ХХ зууны эхэн хүртэл тахисаар иржээ. Цагаан сүлдний өдөр тутмын тахилга, сар бүрийн шинийн хоёрон, арван зургаанд гүйцэтгэдэг “Сарын тахилга”, жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн, гурван, таван, зургаан, долоонд гүйцэтгэдэг “Бага тахилга” хэмээх гурван тахилга байдаг.
Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн залж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ. Төрийн есөн хөлт Цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлуулж жил бүрийн улсын их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд залж цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэдэг.