8 Цагийн өмнө.
Монгол Улсын Төрийн далбааны өдөр
Монгол Улсын Төрийн далбааны өдөр

Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна.

Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна.  2008 онд Улсын Их Хурлаас Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар хуульчилсан. Энэхүү өдөр нь Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой бөгөөд 2009 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тэмдэглэж буй билээ.

Өнөөдрийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ, ЗГ-ын зарим гишүүн, төрийн цэргийн байгууллагын хүндтэй зочид оролцлоо. 

turiin_dalbaanii_udur_2 Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна. 

Харин 2010 оноос эл өдрийг тэмдэглэж төрийн далбааг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд мандуулахдаа хүндэтгэл үзүүлэн цэргийн ёслолын жагсаал үйлддэг болсон бөгөөд энэ нь тухайн үеийн Монгол Улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы санаачилгаар анх үүдсэн гэдэг.

turiin_dalbaanii_udur Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна. 

Монгол Улсын төрийн далбаа:

Монгол Улсад 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс одоогийн төрийн далбааг хэрэглэж эхэлжээ.

"Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны иш талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна" гэж Үндсэн хуульд заасан буй.

“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн Үндсэн хуульдаа зааж оруулсан байдаг.

Төрийн далбаа дээр дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазарын 1686 онд бүтээсэн 90 гаруй  соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг гэдэг. Алтан соёмбо нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг хэмээн тайлбарладаг юм.