Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбатад бригадын генерал цол хүртээснийг гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар зарим төрийн цэргийн байгууллагын алба хаагчид цэргийн дээд цол хүртээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбатад бригадын генерал цол хүртээснийг гардуулан өглөө.
Цагдаагийн хурандаа О.Ганбат 1998 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Цагдаагийн байгууллагад ажиллах гараагаа 1992 оноос Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хэв журмын цагдаагаар үүрэг гүйцэтгэн эхлүүлж байжээ. Улмаар 1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаа, 1998-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч, 2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Чиглэлийн ахлах төлөөлөгч, 2012-2016 онд Булган аймгийн цагдаагийн газрын дарга, 2016-2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан байна.
Мөн 2017-2021 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, 2021-2022 онд Тээврийн цагдаагийн албаны дарга, 2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, 2024 оны 12 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны даргаар томилогдон цагдаагийн байгууллагад тасралтгүй 33 дахь жилдээ ажиллаж буй юм.