Монгол Улсын Үндэсний статистикийн хороо 2022 оны ядуурлын суурь шугамыг танилцууллаа. Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд ядуурлын суурь шугамыг арван жилийн давтамжтай шинэчилдэг. Тус зөвлөмжийн дагуу Үндэсний статистикийн хороо 2010 онд тогтоосон ядуурлын суурь шугамыг 2022 оны байдлаар шинэчилжээ.
Хэрэглээнд суурилсан ядуурлын шугам гэдэг нь хүний эрүүл, идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй хоол тэжээлийн хэрэглээ болон амьжиргааны наад захын, зайлшгүй хүнсний бус хэрэгцээг хангахуйц хэрэглээний хамгийн бага зардал юм.
Иймд насанд хүрсэн нэг хүнд ногдох хэрэглээний зардал нь ядуурлын шугамаас доогуур бол тухайн хүнийг ядуу гэж тодорхойлдог аж. Манай улсын ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нэг хүн өдөрт авбал зохих 2400 ккал илчлэгтэй хоол тэжээлийг 5604 төгрөг, хүнсний бус хэрэглээний зардал нь 8141 төгрөг болдог аж.
2022 оны байдлаар Монгол улсын ядуурлын түвшин 27,1 хувьтай гарчээ. Хүн амын суурьшлаар нь авч үзэхэд, нийслэлд ядуурлын түвшин 23.0 хувь, сумын төв болон хөдөөд 35.6 хувьтай байна.
Хэдийгээр ядуурлын түвшин Улаанбаатар хотод бага байгаа ч 314,5 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй аж. Өөрөөр хэлбэл таван хүн тутмын хоёр нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байна.