М.Учралмаа: Өөрийн студитэй болж хүүхдүүдэд сурч мэдсэн зүйлсээ заахыг хүсдэг
М.Учралмаа: Өөрийн студитэй болж хүүхдүүдэд сурч мэдсэн зүйлсээ заахыг хүсдэг

Бүгд найрамдах Буриад Улсын "Байкал" театрын бүжигчин Мөнхцогтын Учралмаа

Монгол, оросын тэргүүлэх их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болсон. Чуулганы үеэр Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж тус сургуулийн шилдэг төгсөгч, Байкал театрын бүжигчин Мөнхцогтын Учралмаатай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.  

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Баярлалаа. Намайг Мөнхцогтын Бадралмаа гэдэг. Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийг 2024 онд ардын бүжгийн багш, дэглээчийн чиглэлээр төгссөн. Одоо Буриад улсын Байкал театрт бүжигчнээр ажилладаг.

uchralmaa2 Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн шилдэг төгсөгч, Байкал театрын бүжигчин М.Учралмаа

-Таныг энэ сургуулийн шилдэг төгсөгч, монгол хүн гэж танилцуулсан. Сургуулиа төгсөөд л театрт ажилд орсон уу. Аль аймгийн хүн билээ?

-Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын хүн. Сумандаа наймдугаар анги хүртлээ сураад, аймгийн төв рүү шилжин Хэрлэн дөрөвдүгээр сургуульд хоёр жил суралцаад Чита муж руу бүжгийн сургуульд явсан. Багаасаа л бүжиглэх дуртай, цасан бүжигт ороод явдаг хүүхэд байсан. Тэнд суралцаж байхдаа Байкал театрт ажиллана гэж боддог байсан. Гэхдээ төгсөх үед цар тахал гарсны улмаас Монголдоо очиж нэг жил амьдрах үедээ энэ сургуулийнхаа тухай мэдээд ирж суралцсан. Гуравдугаар курсээсээ театртаа ажиллаж эхэлсэн.

-Байкал театрт танаас өөр монгол уран бүтээлчид бий юу?

-Байгаа. Дуучин н.Баттулга, н.Баттүвшин, Б.Ганцэцэг нарын уран бүтээлч ах, эгч нар маань ажилладаг.

-Цаашдын зорилгынхоо тухай хуваалцвал?

-Магистртаа сурах төлөвлөгөөтэй байгаа. Одоо ажлынхаа хажуугаар бүжгийн студид багшилдаг. Цаашдаа театртаа ажиллангаа өөрийн гэсэн студитэй болж, бүжиг дэглэж, хүүхдүүдэд сурч мэдсэн зүйлсээ заахыг хүсдэг.

-Хамгийн дуртай бүжгийг нь асуувал?

-Ихэнхдээ ардын бүжиг бүжиглэдэг. Ази, орос, халимаг гэх мэт газар орон, улс үндэстний ардын бүжгүүдийг бүжиглэнэ. Тэдгээрээс мэдээж буриад бүжиг бүжиглэх хамгийн дуртай.

uchralmaa3  Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн шилдэг төгсөгч, Байкал театрын бүжигчин М.Учралмаа

Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургууль Ленинград /Санктпетербург/-ын болон Москвагийн Улсын их сургуулийн дараа буюу 1960 онд байгуулагдаж ОХУ-ын соёлын чиглэлийн гурав дахь сургууль болжээ. Одоогоор тус сургуульд 2000 гаруй оюутан суралцдаг бөгөөд өнгөрсөн хавар 200 гаруй мэргэжилтэн төгссөн байна.

soyoliin_surguuli_3 Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн багш, оюутнууд сургуулиа танилцуулав.

Сургалтын үйл ажиллагаанаас гадна “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төв”-ийг байгуулж, оюутан суралцагчид бүтээлийн санаагаа гаргаад л 3D хэвлэгч болон бусад тоног төхөөрөмжийг ашиглах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж өгсөн нь онцлог байлаа. Төвийн үйл ажиллагаа өргөжсөн бөгөөд захиалгаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс үйлдвэрлэдэг байна.

soyoliin_surguuli_7 Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн багш, оюутнууд сургуулиа танилцуулав.

soyoliin_surguuli_1 Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн багш, оюутнууд сургуулиа танилцуулав.