Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо боллоо.

Монгол, оросын тэргүүлэх их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган энэ сарын 4-6-ны өдрүүдэд Бүгд найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо боллоо. Чуулганд Монгол Улсаас төрийн өмчит зургаан их сургуулийн болон зарим хувийн сургуулийн төлөөлөл 12 ректор оролцсон бол ОХУ-ын 57 их, дээд сургуулийн ректор, проректор оролцсон юм. Мөн Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны орлогч сайд Константин Могилевский, Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов, Буриад улсын их сургуулийн ректор Алдар Дамдинов нарын хоёр орны зочид, төлөөлөгч оролцов.

chuulgan_rektoruud_1 Монгол, оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган боллоо.

Анхдугаар чуулганыг Монгол Улсын талаас ШУТИС, ОХУ-ын зүгээс Буриад улсын их сургууль хамтран зохион байгууллаа.

chuulgan_rektoruud_16 ШУТИС-ийн ректор Т.Намнан

ШУТИС-ийн ректор Т.Намнан “Энэхүү чуулганаар дамжуулан Монгол болон ОХУ хоорондын дээд боловсролын салбарт хамтын ажиллагаа идэвхжүүлэх, бүс нутгийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хоёр орны их сургуулиудын хүч бололцоог дайчлан хамтарсан бүтээл туурвилыг бий болгож дэлхийд сурталчлах зэрэг зорилготой. Мөн багш, оюутан солилцоо, их сургуулиудын хамтын ажиллагааны шинэ загвар хэлбэрүүдийг тодорхойлж ярилцаад хамтарсан төсөл хөтөлбөрүүд гаргах тухай ярилцаж байна” гэж тодотгосон.

Тус сургууль энэ удаа ОХУ-ын зургаан сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж багш, оюутнууд өргөн хүрээнд хамтрах боломжийг нээжээ. Монгол Улсад 1959 оноос инженер, технологийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэсэн цагаас эхлэн ОХУ-ын эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж эхэлсэн байдаг.

chuulgan_rektoruud_8 Зүүн сибирийн технологи, удирдлагын улсын их сургуулийн эрдэмтэн, судлаачид. 

Монгол Улсын ШУТИС, ХААИС, Шинжлэх ухааны академи нь Зүүн сибирийн технологи, удирдлагын улсын их сургуультай эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажилладаг тухай тус сургуулийн проректор, профессор Дмитрий Шалбуев онцолж байсан юм. Мөн форумын үеэр манай улсын ДХИС энэхүү сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Одоогоор тус сургууль долоон монгол оюутантай ажээ.

Харин Монгол Улсын Боловсролын их сургууль ОХУ-ын Халимагийн улсын их сургууль, Байкалийн улсын их сургууль, А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

chuulgan_rektoruud_17  Монгол Улсын Боловсролын их сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар

Энэ тухай тус сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар “Хөрш орны их сургуулиудын харилцан туршлага солилцох үр дүнтэй уулзалт болж байна. Хоёр орны олон их, дээд сургуулийн удирдлага, ректорууд уулзаж их, сургуулиудын хамтын ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцаж байна. Манай сургууль ОХУ-ын олон их сургуультай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Үүн дээр өнөөдөр гурван сургуультай гэрээ байгуулсан нь ач холбогдолтой үйл явдал боллоо” гэж ярилаа. МУБИС нь тусгай хэрэгцээт боловсролын багш, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуультай хамтран ажиллахаар ярьж тохирсон байна.

Хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр ОХУ-д 2000 орчим монгол оюутан суралцаж байна. Харин 153 оюутан Бүгд найрамдах Буриад улсад суралцаж буй бөгөөд тэдний 135 нь Буриад Улсын Засгийн газрын тэргүүний тэтгэлгээр суралцаж байгаа ажээ.

chuulgan_rektoruud_2 Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов

Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов “Чуулганыг дүгнэж хэлбэл, хоёр орны их, дээд сургуулиуд боловсролын салбарт олон чиглэлээр хамтын ажиллагааны гарын үсэг зурлаа. Буриад улсад анх удаа “Монгол хэл, соёлын төв”-ийг нээлээ. Энэ нь зөвхөн буриад гэлтгүй, ОХУ-тай хамтын ажиллагаатай олон орны оюутан залууст монгол хэлийг чөлөөтэй суралцах боломж бүрдүүлж байгаа гэсэн үг юм. Форумын үеэр гарсан үзэсгэлэнгээс манай их сургуулиудын оюутнууд, багш нартайгаа өөрсдийн бүтээл, судалгаагаа танилцууллаа. Энэ нь манай боловсролын салбарын чанар стандартыг харуулсан үйл явдал боллоо. Манай Буриадын улсын их сургууль, Зүүн Сибирийн Технологи, Удирдлагын Улсын Их Сургууль, Буриадын Улсын Хөдөө аж ахуйн академи бол ОХУ-ын боловсролын салбарт өндрөөр үнэлэгддэг, шинжлэх ухаан, анагаах зэрэг бүхий л чиглэлээр сайн хөгжиж буй сургуулиуд юм” гэлээ. Мөн Буриад улсад суралцахдаа олон улсын оюутан залуустай хамт суралцах, хөгжих боломжтойг тэрбээр онцолж байлаа.

chuulgan_rektoruud_9 Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Буриад улсын тэргүүн Алексей Цыденов нар уулзав.

Энэхүү чуулганы үеэр “Монгол Улсын Боловсролын яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хоорондын дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийг байгуулсан. Ингэснээр өнгөрсөн хугацаанд зарим хүчин зүйлээс хамаараад төдийлөн идэвхтэй биш явж ирсэн хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжиж, оюутан залууст шинэ боломжийг бий болгож буй ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм. Мөн форумын үеэр оролцогчид Орос-Монголын хамтарсан ректоруудын холбоо байгуулахаар шийдвэрлэж, хэрэглээний шинжлэх ухааны төслүүдийг хөгжүүлэх, хамтарсан судалгааг дэмжих хөтөлбөрүүдийг өргөжүүлэх талаар тохиролцжээ.

chuulgan_rektoruud_5 Монгол, оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган боллоо.

chuulgan_rektoruud_4 Монгол, оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган боллоо.

chuulgan_rektoruud_14Монгол, оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулган боллоо.