Ухамсар, хариуцлагатай аялж, амарч гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
Ухамсар, хариуцлагатай аялж, амарч гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

Ухамсар, хариуцлагатай аялж, амарч гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

Онцгой байдлын байгууллагын мэдээлснээр улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.02/ 11:00 цагийн байдлаар дөрвөн түймрийг цурамд оруулж, дөрвөн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Алтанбулаг болон Хүдэр суманд гарсан хоёр түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраахаар ажиллаж байна гэлээ.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 372 алба хаагч, 31 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 73 хүн, 10 автомашин буюу нийт 445 хүн, 41 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.

Улсын хэмжээнд он гарснаас өнөөдрийг /2025.07.02/ хүртэл 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 149 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 77.1 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна. Эдгээр түймрийн улмаас урьдчилсан байдлаар 663.317 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж зургаан тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

Нийт нутгаар хурц нартай, хур бороо багатай халуун, дулаан өдрүүд үргэлжилж буй энэ үед аялагч, амрагч та бүхэн гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж сонор сэрэмж, анхаарал болгоомж, хариуцлага ухамсартай байхыг зөвлөж байна.