Ц.Цэвэлмаа: Тарьж, ургуулах модны үрүүдээ намар малдаа явахдаа л түүчихдэг
Ц.Цэвэлмаа: Тарьж, ургуулах модны үрүүдээ намар малдаа явахдаа л түүчихдэг

Хэнтийн аймгийн Батширээт сумын “Баянговь хайрхан уул байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл”-ийн гишүүн Ц.Цэвэлмаа

Дэ нэйче консерванси (TNC) байгууллагаас хамтран ажилладаг нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн дунд зохион байгуулдаг “Нөхөрлөл хөгжил” наадам энэ жил Хөвсгөл аймагт боллоо. “Нөхөрлөл хөгжил-2025” наадамд таван аймгийн 28 сумын нөхөрлөлүүд оролцож үйл ажиллагаагаа танилцуулан, сайн үр дүнгүүдээ хуваалцаж, харилцан туршлага солилцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргасан юм. Энэ үеэр Хэнтийн аймгийн Батширээт сумын “Баянговь хайрхан уул байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл”-ийн гишүүн Ц.Цэвэлмаатай товч ярилцсанаа хүргэж байна.

-Сайхан зусаж байна уу, та. “Нөхөрлөл хөгжил-2025” наадамдаа оролцож буй сэтгэгдэл ямар байна вэ?

-Сайхан байна. Энэ наадамд оролцож байгаадаа баяртай байна. Манай сум 17 нөхөрлөлтэй. Тэдний 13 нь наадам, үзэсгэлэн худалдаандаа оролцож байгаа. Өөрийн биеэр ирж оролцсондоо талархалтай байна. Манай нөхөрлөл үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байгаа. Анх аялал жуулчлал, буриад ахуйг сурталчлах зорилгоор байгуулагдаж байсан. Одоо мод үржүүлгийн ажил хийж, дөрвөн төрлийн мод бут тарьж, амжилттай ургуулж байна. Бас дөрвөн төрлийн гоёлын модны плантац үүсгээд тарьсан. Хамгийн чухал нь хуш модны үрсэлгээ туршиж үзээд гурван жил болж байна. Хоёр настай хуш модны үрсэлгээгээ үзэсгэлэн худалдаанд авчраад хүмүүст үзүүлж, нөхөрлөлөө сурталчилж байна.

-Ямар гоё юм бэ. Та хуш модны үрсэлгээгээ яаж хийж, амжилттай ургуулав аа?

-Би мод цэцэг тарих хоббитой. Ямарваа нэгэн дэлгүүр хоршоонд зарагдаж байгаа цэцэг сонирхдоггүй. Байгалийн цэцгээр гоёх дуртай учраас намрын цагт зэрлэг, гоё цэцгүүдийн үрийг өөрөө түүж бэлтгэдэг. Тэрийгээ хашаандаа аваачаад тарьдаг. Манайхыг сумын төвийн айлуудаас өвөрмөц цэцэгтэй юм гэж зарим хүн хэлдэг шүү. Бид настай хүмүүс учир самар, жимсэнд явж чаддаггүй. Харин хүүхдүүдийг явахаар л захина даа. Надад тэдэн ширхэг боргоцой авч ирээд өгөөрэй гээд л. Хүүхдүүд ч тоо ёсоор нь аваад ирнэ. Өөрийн санаачилгаар л туршиж үзсээр ургуулж байна.

-Таны үрслүүлж буй хуш моднууд самраа хэзээ өгөх бол?

-Одоо тэрийг бидний нас бол үзэхгүй байх. Үр ач, хойч залуу үе маань үзнэ гэдэг итгэлтэй байдаг. Тэгээд л ургуулж чадахаасаа чадахгүй хүртэл үзье гэж байгаа даа. Энд сонирхуулаад хэдэн үрсэлгээ авчирсан чинь хүмүүс авчихлаа. Зарагдлаа шүү дээ. /инээв.сур/

-Та тарьж, ургуулж буй моддынхоо төрлөөс нэрлээч. Модныхоо үрийг хэрхэн бэлтгэж байна вэ?

-Манайд шар хуайс, улаалзай, улаагана, бүйлс, мойл ургаж байна. Дандаа үрээр тарина. Манай сум чинь мод, жимсний орон. Намар малынхаа цаагуур явахдаа л уут бариад түүчихдэг. 

Өнгөрсөн жил Ойн ангид очиж мод үржүүлгийн газарт нь долоо хоног сайн дураараа туршлага судалсан. Тэндээс яаж ургуулдаг, арчилдаг, үрсэлгээ хэрхэн бэлтгэдэг, арчилж, ариутгадаг гээд өчнөөн зүйл сурсан.

Харандаа яаж бэлтгэдгийг мэдэж авсан, ер нь бүхий л төрлийн юм хийж, суралцсан. Энэ талаараа ном, сонин их цуглуулж уншдаг.

-Та ер ямар мэргэжилтэй хүн бэ. Танай хашаанд хэдэн төрлийн мод ургаж байна вэ?

-Би санхүүч мэргэжилтэй хүн. Өөрийн сайн дураар л мод бут тарьж, ургуулдаг. Хашаандаа 10 гаруй төрлийн 100 гаруй мод ургуулж байна. Алимын мод хүртэл худалдаж аваад ургуулсан. Тэтгэврийн өвгөн, хөгшин хоёр суудаг юм. Би чинь өөрт хэрэгтэй гэсэн юмаа бэлдээд л миний юманд битгий хүрээрэй, миний юм шүү гээд байж байдаг. Энэ жил манай сум их гандуу байгаа. Одоо ч халуун байна гэнэ. Очиход өвгөн маань хэдэн модыг минь усалж буй байгаа даа. Ингэж, тэгж услаарай гээд захиад л гарсан юм сан.

-Мод тарьж, ургуулахыг хүүхэд өсгөхтэй ижилхэн гэдэг юм билээ. Цэцэглэх агшин бол бөөн баяр биз?

-Бөөн баяр хөөр шүү дээ. Өглөө босоод л тэднийгээ харна, цайгаа чанана гэхээс илүүтэй. Хүүхэд шигээ л арчилна. Нэг цэцэг, навч гарсан байвал тэрийгээ хараад л ямар гоё юм бэ гээд зогсдог. Би их тэвчээрийн тэлээгүй хүн болохоор энд тэнд нь гарч барьж үзэж заримыг нь унагачихна аа, бас. Тэгээд л хүүе одоо больё гээд л. Мөнгөлөг жигд гээд манай нутагт байдаггүй гоё мод аваачиж тарьсан. Голт бор, агч модны үрийг Улаанбаатараас авч очоод тарьсан.

-Байгальд хайртай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, та?

-Байгальд хайртай хүн бол балчир настай хүүхдээс эхэлнэ. Нэг ширхэг чихрийн цаасыг газарт хаядаггүй хүнийг л байгальд хайртай хүн гэж хэлнэ. Үр, ач нартаа ч тэгж сургадаг.