Нөхөрлөл хөгжил-2025 наадмын нээлтийн үеэр
Хөвсгөл нуурын эрэг дагуух үзэсгэлэнт байгаль, тунгалаг агаартай Жанхай хэмээх газарт “Нөхөрлөл хөгжил-2025” наадам хоёр өдөр /2025.06.28-29/-ийн турш боллоо. Дэ нэйче консерванси (TNC) байгууллагаас хамтран ажилладаг нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн дунд зохион байгуулдаг энэхүү наадам хоёр жилд нэг удаа болдог уламжлалтай. Энэ удаа Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Ховд, Говь-Алтай аймгийн 28 сумын нөхөрлөл оролцож үйл ажиллагаагаа танилцуулан, сайн үр дүнгүүдээ хуваалцаж, харилцан туршлага солилцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргасан юм. Наадмын нээлт эхэлсэн цагаас бороо үргэлжлэн орж, хоёр өдрийн турш намдаагүй ч мянган бээрийн газраас зорьж ирсэн наадамчид ажлаа бүтээгээд буцлаа.
“Дэ Нэйчэ Консерванси” байгууллагын дэд ерөнхийлөгч Мэтт Браун
“Нөхөрлөл хөгжил-2025” наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон “Дэ Нэйчэ Консерванси” байгууллагын дэд ерөнхийлөгч Мэтт Браун “Би Монгол Улсад, Нөхөрлөл хөгжил наадамд ирсэндээ баяртай байна. Малчид өөрсдөө ирээд бие биеэсээ сайн туршлага судалж, бэлчээр, байгаль орчноо хамгаалахад санал солилцож байгаа нь зөв зүйтэй үйл ажиллагаа гэж харж байна. Монгол Улс их сайхан байгальтай, монголчууд байгаль хамгааллын үйлсэд их сэтгэл гаргаж ажилладаг юм байна. Нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалахад хувь нэмэр оруулна гэдэг нь маш том хөрөнгө оруулалтаас гадна томоохон зорилт юм. Дэлхий нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаална гэсэн боловч энэ зорилтоосоо хол байдаг. Харин танай улсын хувьд шийдвэр гаргах түвшиндээ болон ард иргэд нь хамтдаа зорилгынхоо төлөө ажиллаж байгаад талархаж байна” гэж ярьсан юм.
Нөхөрлөл хөгжил-2025 наадмын нээлтийн үеэр
Нүүдлийн соёл иргэншилтэй монголчууд байгалиа хамгаалах, зүй зохистой хайрлаж ашиглах, байгальдаа зохицон амьдарч ирсэн төрөлхийн уламжлалтай. Харин суурин соёл иргэншлийн хэт нөлөөлөл, байгаль цаг уурын зарим нөхцөл байдал нь энэхүү үнэт чанар алдагдахад нөлөөлж буй нь монголчуудын өдөр тутмын амьдралаас харагдах болсон.
Тэгвэл тухайн газар орныхоо эзэн болсон орон нутгийн иргэд зохион байгуулалтад орж, нэгдэн нягтарч, хамтран ажиллаж байгаа нь өөрсдийнх нь ахуй амьдрал төдийгүй байгаль орчинд ч ээлтэй нөлөөллийг авчирч байгааг “Нөхөрлөл хөгжил-2025” наадамд оролцогчдын туршлагаас харж болохоор байлаа.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Манай аймгийн 52 нөхөрлөл, 1365 иргэн малчин Дэ нэйче консерванси байгууллагын төсөлд хамрагдаж байгаа. Төсөл нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, цэнгэг усны байгаль хамгаалал, хүлэрт намгийн байгаль хамгаалал гээд гурван төрлөөр хэрэгжиж байгаа. Хөвсгөл нуур Монгол Улсын гадаргын усны нөөцийн 72.5 хувийг эзэлдэг гэсэн тоо байдаг. Мөн манай улсын ойн сангийн 35.5 хувь нь Хөвсгөл аймагт байна. Тэгэхээр орон нутгийн малчид иргэдэд чиглэсэн тогтолцоог бий болгох нь чухал байгаа. Ойрын хугацаанд усны эхүүдийг хамгаалах зургийг баталж мөрдүүлнэ. Мөн Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх суманд хүлэрт намгийн хамгаалал зайлшгүй чухал. Гуравдугаарт нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон малчин иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, байгалиа зүй зохистой ашиглах, хамгаалах гэдэг зүйл байна. Хамгийн гол нь нөхөрлөл, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, эко системийн хамгаалал гэдэг бол Монгол Улсад гарсан ямар ч хуулиас илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа юм” гэдгийг онцолж байв.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга П.Цогтсайхан
Байгаль хамгааллын зорилгыг биелүүлэх гол хүчин зүйл бол нутгийн иргэд байдаг. Засгийн газар болон Дэ нэйче консерванси байгууллагын хамтын ажиллагааны нэг гол зүйл бол байгалийн нөөцийн менежментэд нутгийн иргэдийн нөхөрлөлийг татан оролцуулах, тэдэн түшиглэн явуулах гэдэгт санал нэгдсэн байдаг ажээ.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга П.Цогтсайхан “Тийм учраас холбогдох яаманд зориуд байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтэс гэдэг нэгжийг оруулж өгсөн байдаг. Нөхөрлөл, нутгийн иргэдтэй хамтарч байгаль хамгаалах ажлыг бодлогоор дэмждэг. Өнөөдрийн наадамд таван аймгийн нөхөрлөлүүдийн төлөөлөл ирсэн байна. Нийт 1200 орчим нөхөрлөл улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн статистик байдаг. Аливаа байгаль хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулахад гол түшиглэх хүч бол нутгийн иргэд байдаг” гэлээ.
Нөхөрлөл хөгжил-2025 наадмын зочид, төлөөлөгчид нээлтийн үеэр
“Нөхөрлөл хөгжил-2025” наадмын эхний өдөр оролцогчид өөрсдийн сайн туршлагыг хуваалцан илтгэл хэлэлцүүлсэн. MACP сангийн байгаль орчны хөтөлбөрийн захирал Жэйсон Коул, Өвөрмонголоос зорьж ирсэн гурван малчин, Ховд аймгаас ирсэн ирвэс судлаач эмэгтэй гээд содон зочин олонтой байв.
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын орон нутгийн зохицуулагч Б.Отгонцэцэг, Ховд аймгийн Чандмань сумын орон нутгийн зохицуулагч Б.Галбадрах нар хоёр сумын нутаг дэвсгэрт хуваагдан харьяалагддаг Дөргөн нуурын экосистем, байгаль орчныг хамгаалах ажлынхаа тухай болон хоёр сумын нөхөрлөлүүдийн хамтран эрхэлдэг “Дөргөн хатан эко кемп”-ийн үйл ажиллагааны тухай сайн туршлага, бэрхшээлтэй зүйлсээ хуваалцсан юм. Хоёр сумын иргэд хамтран нэгдэж байгаль хамгаалах үйлсэд болон нөхөрлөлийн үйл ажиллагаагаар өрхийн орлогыг нэмэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог байлаа.
Нөхөрлөл хөгжил-2025 наадмын нээлтийн үеэр
Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Өмнөдэлгэр сумын “Хангал” нөхөрлөлийн гишүүн Д.Дагва сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг “Монгол тансаглал” брэндийг бий болгож, бүтээгдэхүүнээ шуудангаар дамжуулан борлуулдаг тухайгаа хуваалцав. Тус сумын “Тэнүүн” нөхөрлөлийн ахлагч Ц.Дуламсүрэн “Нутаг усаа хамгаалж, байгалиа хойч үедээ унаган төрхөөр нь үлдээхийн тулд малчид хамтарч нөхөрлөлөө байгуулсан” гэж онцолсон. Тэрбээр сүү, сүүн бүтээгдэхүүнээр жижиг үйлдвэрлэл эрхэлж, өөхөн тосоор саван хийдэг. Өөрийн хийсэн эсгийгээр углааш урлаж АНУ руу худалдаалдаг байна.
Нөхөрлөл хөгжил-2025 наадмын нээлтийн үеэр
Нөхөрлөл хөгжил-2025 наадам Хөвсгөл аймагт боллоо.
Нөхөрлөл хөгжил-2025 наадам Хөвсгөл аймагт боллоо.
Аливаа улс орон, бүс нутгийн хамгийн чухал хүмүүс, хамгийн том хүч бас бичигдээгүй хууль нь ямар ч цагт тэнд оршин суугаа уугуул иргэд гэдгийг, сүүлийн үед “залхуу” гэж гоочлох дуртай болсон малчид зүгээр суудаггүй уйгагүй хөдөлмөрч хүмүүс гэдгийг, малын гаралтай бүхий л зүйлсийг ашиглаж хүнд хэрэгтэй юмс урлаж болохыг, багахан зохион байгуулалтад оруулаад, жаахан сэдэл санаа өгөхөд л хамгийн чадварлаг үйлдвэрлэгчид болохыг “Нөхөрлөл хөгжил-2025” наадмаас харж болохоор байлаа.
Нөхөрлөл хөгжил-2025 наадам Хөвсгөл аймагт боллоо.