24 Цагийн өмнө.
Хөгжлийн бэрхшээл тэдэнд биш, бидэнд байна
Хөгжлийн бэрхшээл тэдэнд биш, бидэнд байна

Зургийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээв.

Гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй таарчихаад өрөвдөж сонжсон харцаар цоо ширтэж, өөрийг нь хүсээгүй байхад биед нь хүрч, тусалж дэмнэх гэж оролддог бол бэрхшээл түүнд биш танд байна. Яагаад гэж үү?

Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй ч бай, үгүй ч бай бид ижилхэн бие хүмүүс. Гэвч бид ямар нэгэн бэрхшээл, ялгаатай байдлаас болж бусдыгаа өөрөөсөө дорд байдлаар үзэх, учиргүй өрөвдөж, хий хоосон “уянгалах” нь тухайн хүнд тус болохоос илүүтэй, дахиж яг өөр шиг чинь хэн нэгэнтэй таарчих вий гэдэг айдас, зовнилыг төрүүлж, тэр хар мэдрэмж нь өдрөөс өдөрт нэмэгдсээр хөгжлийн бэрхшээлээс биш танаас болж гэртээ өөрөө өөрийгөө хорих нэг шалтгаан болно. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиолддог хамгийн эхний саад бэрхшээл.

Шалтгаан нь тэдэнд биш, бидэнд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэн бэ?

Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхгүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар тодорхойлсон.

Бид яах ёстой вэ?

Хамгийн түрүүнд өөрийн хандлага, мэдрэмжээ өөрчилж хөгжлийн бэрхшээлтэй нэгэнтэй харилцахдаа яг бусад хүнтэй харилцдаг шиг илүү дутуу юмгүй, эрх тэгш харилцааг үүсгэх нь хамгийн чухал. Ингэж чадвал бид хөгжлийн бэрхшээлтэй нэгэнд тохиолддог хамгийн эхний саадыг арилгаж чадна.

Гэвч саад бэрхшээл ингээд дуусахгүй. Хүн бүр мэдрэмжтэй, зөв хандлагатай болох нь тэднийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэх боловч хувь хүнээс шалтгаалахгүй дараагийн саад бий. Тэр нь үйлчилгээний байгууллага. Налуу зам, өргөн хаалга, цахилгаан шатнаас эхлээд дохионы хэл, брайль үсэг гэх зэргээр өдөр тутамдаа төрийн болон хувийн  хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авахад гардаг бас нэг саад бэрхшээл нь эдгээр зүйлс. Нэгэн үеэ бодвол шинээр барьж буй барилга байшин, үйлчилгээний газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчин, нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн ч Улаанбаатар хотын хэмжээнд стандарт, шалгуур шаардлага хангах газар цөөн.

Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй хүн аль нэг төрийн үйлчилгээний байгууллагад орлоо гэхэд дохионы хэлний орчуулагч шаардлагатай болно. Гэвч орчуулагч байхгүй. Асуудал, саад бэрхшээл хэнд байна вэ? Сонсголын бэрхшээлтэй хэрнээ ар гэрээсээ хүн дагуулж ирээгүй нь үйлчлүүлэгчийн буруу гэж төрийн албан хаагч дүгнэж болно. Гэвч олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын бодлого шийдвэр, хууль тогтоомжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ авах орчин нөхцөлийг төрөөс бүрдүүлэх ёстой. Бид ч гэсэн үүнийг төрийн байгууллагаас шаардаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн саадгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд нь туслах ёстой. Гэвч саад, бэрхшээл байсаар байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж, хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд:
  • Тэргэнцэрт зориулсан зам
  • Дохионы хэл
  • Баррельгүй орц
  • Дэлгэц уншигч програм
  • Хэл ярианы туслах хэрэгсэл зэрэг энгийн өөрчлөлтүүд шаардлагатай.

 Гэвч ийм наад захын хэрэгцээ, шаардлагыг хангаж чадаагүйгээс үүссэн нийгмийн орчин, хүртээмжгүй үйлчилгээ, ойлголт дутмаг байдал нь хөгжлийн бэрхшээлийг бий болгодог байна.

Шалтгаан нь тэдэнд биш, бидэнд байна.

Асуудал байна. Тэгвэл үүнийг шийдэх нь төрийн үүрэг. Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдсэн.

Энэ конвенцод хөгжлийн бэрхшээлтэй хүн амьд явах, эрх чөлөөтэй байх, эрх тэгш байх, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, аюулгүй байдлаа хангуулах эрх, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, шүүхэд хандах боломжтой байх эрх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ авах, соёлын амьдрал болон чөлөөт цагийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй гэж заасан байдаг.

Харин энэ конвенцод нэгдсэн Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хүндэтгэж, хамгаалж, хангах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газар хууль эрх зүй, нийгмийн бодлогод чиглэсэн олон эерэг өөрчлөлт хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэж, тэдний эрх тэгш оролцоог нийгмийн бүх салбарт хангахаар зорьж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийдэхдээ заавал тэдний өөрсдийн төлөөллийг оролцуулах шаардлагатай байдаг аж. Тодруулж хэлбэл, “Бидэнгүйгээр бидний тухай юу ч битгий шийдээч” гэх зарчим олон улсын бодлогын баримт бичигт туссан тул үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхээ эдлэх суурь зарчим гэж хүлээн зөвшөөрдөг.  

 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс:
  • Суралцах
  • Ажиллах
  • Өөрөө шийдвэр гаргах
  • Нийгмийн бүх салбарт оролцох
    эрхтэй.

garciggj_dizajn Эх сурвалж:1212.mn

Манай улсын хувьд 2024 оны жилийн эцсийн байдлаар 107904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ч тэдний дөнгөж 11 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Монгол Улсын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн УИХ-ын гишүүн болсон.

Тэдний нэг УИХ-ын гишүүн О.Саранчулуун Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан “Үл үзэгдэгч төсөв”-тэй гэсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, яг ямар төсвийг хаана зарцуулж байгаа нь тодорхой биш. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил нь тогтолцооны биш, түр зуурын шинжтэй байна гэж тодорхойлсон нь өнөөгийн бодит байдлыг шууд илтгэнэ.

Шалтгаан нь тэдэнд биш, бидэнд байна.

Ийм ч болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тогтолцооны хувьд өөрчлөлт хийхийн төлөө манлайлал үзүүлж,  “Гэрээсээ гарцгаая” зэрэг аян, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь саашайлтай.

Мөн УИХ-ын даргын 2024 оны 89-р захирамжаар байгуулсан ялгаварлан гадуурхалтын эсрэг арга хэмжээний талаар судалгаа хийж, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийнхэн судалгаа гаргаж,  үр дүнд нь хуулийн төсөл боловсруулсан байна. Хуулийн төсөлд ялгаварлан гадуурхалт дарамтын талаар гомдол мэдээлэл гаргах, хохирогчийн эрхийг хангах хамгаалах, ялгаварлан гадуурхалт дарамтаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт хяналт тавих, хариуцлага гэсэн зургаан үндсэн агуулга оруулж, удахгүй олон нийтээс санал авахаар төлөвлөж байна. Хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх зохицуулалтыг төрийн үйлчилгээ нийтийн үйлчилгээний салбарт тусгаж, зарим нэг харилцааг хуулиар зохицуулахаас аргагүй болж байна гэдгийг энэ ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцолж байна.

Иймээс бид эхлээд ойлголт хандлагаа өөрчилж, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож, тэдэнд хүртээмжтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, оролцох нь чухал. 

Хөгжлийн бэрхшээл тэдэнд биш, бидэнд байна.