Монгол Улс - ОХУ-ын хилийн зурвас. 2024 оны наймдугаар сар.
Гадаад харилцааны яамнаас Оросын холбооны улсад зорчих иргэдэд зориулан гаргасан мэдээллийг хүргэж байна.
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолоор 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ОХУ-ын бүх шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх визгүй зорчих гадаадын иргэд өөрийн биометрийн мэдээллийг өгөх шаардлагатай болжээ.
Үүнтэй холбогдуулан гадаадын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэхээс хамгийн багадаа гурав хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай ба яаралтай тохиолдолд /жишээлбэл, төрөл төрөгсөд нь өвдсөн, нас барсан зэрэг/ хил нэвтрэхээс дөрвөн цагийн өмнө богино хугацаанд хүсэлт гаргахыг зөвшөөрөхөөр зохицуулжээ.
Хэрэв, гадаад улсын иргэн ОХУ руу нэвтрэх хүсэлт гаргаснаас хойш 90 хоног өнгөрч, ОХУ-д нэвтрээгүй бол QR кодыг дахин авах шаардлагатай болох юм.
ОХУ-д нэвтрэх QR кодыг хэрхэн авах вэ?
“RuID” гар утасны программд бүртгүүлнэ. Линк: https://www.gosuslugi.ru/landing/new_entry_rules
Хувийн дэлгэрэнгүй мэдээллээ бөглөн оруулж, өөрийн зургийг байршуулна.
ОХУ-д оршин суух зорилго, байх хугацааг агуулсан цахим мэдүүлгийг тус улсад зорчихоос хамгийн багадаа 72 цагийн өмнө бөглөж, хариу авна.
Бүртгэл хийгдсэний дараа QR код үүснэ.
ОХУ-ын хилийн боомт дээр QR код болон гадаад паспортын хамтаар шалгуулна.
ОХУ-ын хилийн боомтоор нэвтрэх үед биометрийн /зураг, гар, хурууны хээ авна/ процедурт хамрагдана.
ОХУ-ын хилээр нэвтрэн орсны дараа 10 хоногийн дотор банканд биеэр очин биометрийн өгөгдлөө баталгаажуулах шаардлагатай. /Энэхүү баталгаажуулалтыг хийлгэснээр ОХУ-д сим карт худалдан авах, RuID гар утасны программд буй үйлчилгээг авах зэрэг боломж нээгдэнэ./
Тухайн туршилтаас дараах иргэд чөлөөлөгдөнө. Үүнд:
- Бүгд Найрамдах Беларусь Улсын иргэд;
-Гадаад улсаас ОХУ-д суух Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн болон ажилтан, тэдгээрийн гэр бүл;
-ОХУ-ын Засгийн газартай тус улсын нутаг дэвсгэрт оршин суух хэлэлцээр байгуулсан олон улсын байгууллагын албан тушаалтан, түүний гэр бүл;
- Албан ажлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх, эсхүл гарах олон улсын байгууллагын албан тушаалтан;
- Албан зорилгоор, эсхүл төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ОХУ-д зорчих дипломат, эсхүл албан паспорттой виз авсан иргэн болон түүний гэр бүл;
-Дипломат, эсхүл албан ангиллын визтэй гадаадын иргэн түүний гэр бүл;
- 6 нас хүрээгүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн
Бусад анхаарах асуудал:
Программын тусламжтайгаар цахимаар хүсэлт гарган бүртгүүлж, QR код хүлээн авснаар ОХУ-д нэвтрэх 100 хувийн баталгаа болохгүй.
Хэрэв биометрийн өгөгдөл таарахгүй бол хилээр нэвтрүүлэхээс татгалзаж болно. Хэрэв хүсэлт гаргасан гадаадын иргэн нь хяналтад байгаа этгээдийн жагсаалт, бүртгэлд байгаа, эсхүл нийтийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэлд өмнө нь холбогдож байсан бол түүнийг ОХУ-д нэвтрүүлэхгүй зэргийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудаснаас авах боломжтой.
https://mongolia.mid.ru/.../novye_pravila_bezvizovogo.../
Доорх холбоосоор зааварчилгааны видео мэдээлэлтэй танилцана уу.
https://www.youtube.com/watch?v=eNCLxlFKyhM
Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2024 оны 1510 дугаар тогтоолыг дараах холбоосоор орж үзэх боломжтой.