Япон улсад амьдарч, аялж буй бол уншаарай
Япон улсад амьдарч, аялж буй бол уншаарай

Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-аас өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан гаргасан "Японы газар хөдлөлтийн тухай" хэмээх мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан гаргасан "Японы газар хөдлөлтийн тухай" хэмээх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн үед Кагошима мужийн Токара арлуудын ойролцоох далайн гүнд газар хөдлөлт идэвхжиж, 24-ний өдрөөс хойш дөрвөн баллын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа давтагдсан, 22-ны өдөр Кюүшюү арлын өмнөд хэсэгт орших Киришима цуврал уулсын нэг Шинбэтакэ уул долоон жилийн дараа дэлбэрсэн гэх мэт хоорондоо шууд холбоогүй байгалийн үзэгдэл болсоор байна. Мөн олон нийтийн сүлжээгээр “Долоодугаар сард Японд хүчтэй газар хөдлөлт болно” гэсэн цуурхал цацагдаад байгаа тул Япон Улсын Цаг уурын агентлагаас иргэдэд хандан үнэн зөв мэдээлэл авах, тайван байхыг уриалж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Кюүшюү орчим болж буй хамгийн том чичирхийлэл нь 5.1 балл байгаа нь Зүүн Японы Их Газар хөдлөлт (М9.0)-ийн 1/700,000 орчим буюу маш бага хүчтэй учраас энэхүү газар хөдлөлтөөс үүдсэн тектоник хөдөлгөөн нь алс хол орших Шинбэтакэ галт уулын дэлбэрэлт, “Нанкай хонгилын газар хөдлөлт”-тэй хамааралгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

"2025 оны Долоодугаар сард Японд томоохон гамшиг болно" гэсэн цуурхал энэ оны дөрөв, тавдугаар сарын үеэс зөвхөн Япон Улсад төдийгүй Хонг Конг, Тайвань, Хятад зэрэг Азийн орнуудад ч хүчтэй тархаж, Японд ирэх жуулчдын тоонд хүртэл нөлөөлж эхлээд байгаа юм. Японы Жуулчлалын Байгууллагын (JNTO) мэдээгээр тавдугаар сард Хонг Конгоос ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар буурч, 193,100 болсон байна. Япон руу аялах эрэлт хэрэгцээ буурснаас Hong Kong Airlines энэ зун долоодугаар сард Кагошима, Кумамото руу хийх нислэгээ цуцалжээ.

Greater Bay Airlines компани тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хонг Конг-Токушима нислэгийг долоо хоногт гурав байсныг хоёр болгож бууруулсан. Токушима мужийн аялал жуулчлалын хэлтсийн мэдээгээр 2024 оны 11 дүгээр сард Токушимагийн нислэг эхлэх үед суудал дүүрэлт 57 хувь байсан бол дөрөвдүгээр сард 51 хувь, тавдугаар сард 22 хувь болж буураад байгаа аж.

ЭСЯ-д “энэ цуурхал үнэн эсэх тухай” асуудлаар хандаж байгаа монгол иргэдийн тоо цөөнгүй байгаа тул энэхүү цуурхлын тухай мэдээлэл, тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзэн мэдээллийг дараах байдлаар хүргэж байна. Үүнд:

Цуу яриа гарах болсон учир шалтгаан:

Энэхүү цуурхал нь 2021 онд “Asuka Shinsha” хэвлэлийн газраас хэвлэн гаргасан зохиолч эмэгтэй Тацүки Рёо-гийн “Миний харсан ирээдүй” /The Future I Saw/ манга номоос үүдэлтэй гэгдэж байна.

Тацуки Рёо нь 1954 оны 12 дугаар сарын 2-нд Канагава мужид төрсөн, Ёкохама хотод амьдардаг. 1975 онд Акита Шотен хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Monthly Princess" сэтгүүлд анхны бүтээлээ толилуулсан. Тэрээр "Хүүхэлдэйн домог /A Doll Story/", "Цагийн эрхэнд /The Girl in Time/", "Хөх дугтуйтай агаарын шуудан /The Light Blue Air Letter/", "Таж Махал байдаг хот /The Town with the Taj Mausoleum/" зэрэг зохиол туурвисан.

“Миний харсан ирээдүй /The Future I Saw/" бүтээл нь 1994~98 онд "Үнэхээр тохиолдсон аймаар явдлууд /Really Scary Stories/", "Аймшигтай явдал /Horror Experiences/" сэтгүүлүүдэд хэвлэгдсэн цуврал манга буюу комикс зохиол бөгөөд 1999 онд “Асахи Сонорама” хэвлэлийн газраас нэгтгэж нэг ном болгон гаргаж байжээ. Р.Тацүки энэ онд буюу 1999 онд манга зураачийн ажлаа орхиж, тэтгэвэрт гарсан. "Миний харсан ирээдүй" номын хавчуурга дээр олны анхаарал татахын тулд "Асар том гамшиг 2011 оны 3-р сард болно" гэж бичсэн байсан нь Зүүн Японы Их Газар хөдлөлтөөр биелэл болсноор Р.Тацүки нэрд гарсан аж.

2021 онд “Миний харсан ирээдүй: Бүрэн хэвлэл” номыг дахин хэвлэлтэд оруулж, хавтсан дээр нь “Зүүн Японы Их Газар хөдлөлтийг урьдчилан зөгнөсөн зохиолчийн бүтээлийг 22 жилийн дараа дахин хянан тохиолдуулав” хэмээн бичиж сурталчилснаар уг ном 1 сая гаруй хувь борлуулагдсан аж.

Ном олон удаа хэвлэгдэн гарах болсон шалтгаан нь "бүрэн хэвлэл"-д нэмж оруулсан шинэ "зөгнөл"-ийн болох өдөр нь ойртсонтой холбоотой юм. Р.Тацуки 2021 оны 7 дугаар сарын 5-р зүүдэлсэн зүүдээ энэ номд нэмж оруулсан бөгөөд “2025 оны 7 дугаар сарын 5-ны 4 цаг 18 минутад Япон, Филиппиний хоорондох далайн ёроолд гэнэт ан цав үүсэж, Зүүн Японы газар хөдлөлтөөс гурав дахин том аварга том давалгаа Японы Номхон далайн талыг нөмрөн авлаа” гэж зүүдэлснээ бичжээ. Хятад хэл дээр мөн хэвлэгдэн гарснаар Хонг Конг, Тайваньд энэхүү зөгнөлийг дагасан цуурхал газар авахад хүрчээ. Тайваний "Фэн Юань" сэтгүүлд 2025 оны тавдугаар сарын 14-нд бичихдээ "2025 оны долоодугаар сарын 5-нд Японд асар хүчтэй газар хөдлөлт, цунами болно гэсэн зөгнөл Тайвань, Хонг Конгт хурдацтай тархаж, айж болгоомжлох явдал газар авч байна" гэжээ. Мөн Хонг Конгийн фэншү урсгалын хэд хэдэн мэрэг төлөгчид ойролцоо утгатай зүйлийг зөгнөн хэлсэн гэгдэж, цуу яриа улам тархжээ.

Уг цуу ярианы нөлөөгөөр Хонг Конг, Тайвань, Хятад зэрэг Азийн орнуудаас ирэх жуулчдын тоонд нөлөөлж, долоодугаар сарын олон нислэг цуцлагдсан тухай японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Фүжи телевиз зургаадугаар сарын дундуур энэхүү цуу ярианы тухай тусгай нэвтрүүлэг хийж, зохиогч Тацуки Рёо-г олж сурвалжилга авчээ. Р.Тацүки хэлэхдээ "Би энэ цуурхлыг эергээр харж байна. Хүмүүс энэ цуу мэдээг сонирхон хүлээн авч байгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг өсөн нэмэгдэж байгаагийн нотолгоо бөгөөд уг цуу яриаг сонирхох сонирхол нь өөрсдийн аюулгүй байдлын төлөө арга хэмжээ авч, бэлтгэлтэй байхад хүргээсэй гэж бодож байна" гэжээ.

Мөн нэвтрүүлгээр Хонг Конгийн Японд том гамшиг болно гэж хэлсэн алдартай фэншү урсгалын төлөгч эмэгтэйтэй уулзаж асуухад “Би 2025 оны дөрөв, тавдугаар сард томоохон газар хөдлөлт болох тул Япон яваад хэрэггүй гэж хэлж байсан. Гэхдээ энэ төлөг аль хэдийн биелж, Японы Нагано муж, Хоккайдод том газар хөдлөлт болсон. 7 дугаар сард юу болох тухай юу ч яриагүй” гэжээ. Уг нэвтрүүлгээр 2000 онд дэлхий сөнөх тухай Нострадамусын зөгнөл, эртний саяачуудын зөгнөл зэрэг өнөөг хүртэл хугацаанд гарч байсан томоохон цуу яриа, зөгнөлүүдийн тухай, цуу яриа хэрхэн тархдаг механизм, яагаад хүмүүс цуу ярианд дуртай байдаг тухай дэлгэрэнгүй мэдээлж, “иргэд цуу ярианаас цочрол авч, хувийн бэлтгэлтэй байх нь л чухал болох” тухай дүгнэн хэлж байв.

Японы Засгийн газрын байр суурь:

2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэвлэлийн бага хурал дээр “Өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан таах боломжгүй” гэх тайлбар өгсөн.

Японы Цаг уурын Агентлагийн дарга Номура Рюичи зургаадугаар сарын 13-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр “Энэхүү цуурхал нь "Олны ам дамжсан худал хуурмаг зүйл” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Өнөөгийн шинжлэх ухаанд газар хөдлөлт болох он цаг, байршил, магнитудын хүчийг урьдчилан таамаглах боломжгүй" гэхийн хамт “Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг Япон Улсад хаана ч хэзээ ч хүчтэй газар хөдлөлт, чичиргээ тохиолдох магадлал бий тул иргэд газар хөдлөлтөд байнгын, өдөр тутмын бэлтгэлтэй байх нь чухал" гэжээ.

Газар хөдлөлтөд өртөмтгий улс болох Япон Улсад “Нанкай трап /хонгилын/ асар хүчтэй газар хөдлөлт” болох эрсдэлийн тухай Засгийн газрын дэргэдэх “Газар хөдлөлт судалгааны хороо” байнгын судалгаа тайлан гаргадаг бөгөөд 2025 оны эхээр ирэх 30 жилд том газар хөдлөлт болох магадлал 80 хувь гэж зарласан. Шинжлэх ухааны өнөөгийн аргачлал, судалгаагаар тодорхой газарт урт хугацаанд болох газар хөдлөлтийн магадлалыг урьдчилан таамаглах боломжтой. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл, тоо баримт хязгаарлагдмал тул нарийн огноо, цагийг тодорхойлох боломжгүй хэвээр байна.

Энэ бүхнээс нэгтгэн дүгнэхэд энэхүү цуу ярианд итгэх нь утгагүй хэрэг боловч Япон Улсад ойрын жилүүдэд “Нанкай трап” хэмээх асар том газар хөдлөлт, цунами болох магадлал өндөр байгааг марталгүй байнгын бэлтгэлтэй байх нь чухал юм. Энэхүү гамшгийн талаар болон хэрхэн бэлтгэлтэй байх асуудлаар 2025 оны хоёрдугаар сард тус ЭСЯ-наас иргэдэд хандан дэлгэрэнгүй мэдээлэл бэлдэн хүргэж байсныг доорх холбоосоор орж дахин танилцахыг хүсье.

https://tokyo.embassy.mn/page/1017

Мөн Японд амьдран суудаг болон түр хугацаагаар зорчигчид байгалийн гамшиг хэзээ ч тохиолдож болзошгүй тул байнгын бэлтгэлтэй байж, гар утсандаа Японы Аялал жуулчлалын агентлагийн зөвлөмж болгож буй доорх аппликэйшныг суулгахыг зөвлөж байна. Уг аппликэйшн нь Япон дахь гамшгийн тухай мэдээллийг цаг тухайд нь танд мэдэгдэх бөгөөд Япон, Англи, Хятад, Солонгос, Испани, Португаль, Вьетнам, Тайланд, Индонези, Тагалог, Балба, Кхмер, Бирм, Монгол гэсэн 14 хэлээр үзэх боломжтой.

https://www.rcsc.co.jp/safety-tips-en