Уутны нэрийг өөрчилснөөр 2000 тонн хог хаягдал бууруулжээ
Уутны нэрийг өөрчилснөөр 2000 тонн хог хаягдал бууруулжээ

Япон улсын Камэока хотод уутны нэр өөрчилснөөр 2000 тонн хог хаягдлыг бууруулжээ.

Япон улсын Камэока хотод байгаль орчныг хамгаалах томоохон өөрчлөлтийг хийж, хог хаягдлыг бууруулсан сайн жишээг хүргэж байна. Ингэхдээ хог ангиллын нэршлийг өөрчилж, тоог нэмэгдүүлэх зэргээр бараг зардалгүй өөрчлөлтүүдийг хийжээ.

2022 онд тус хотын нийт хог 13,865 тонн байсан бол 2024 онд энэ тоо 11,898 тонн болж 2000 орчим тонноор буурсан байна. Үүнээс шатах хог 1595 тонн буюу 12.74 хувь, шатдаггүй хог 372 тонн буюу 27.65 хувиар багасжээ.

“Шатаах хог”, “Шатаахаас өөр аргагүй хог”, “Булшлах хог”, “Булшлахгүй бол болохгүй хог” гэж хог, хаягдлыг нэршлээр нь ангилсан байна. “Шатаахаас өөр аргагүй хог” болон “Булшлахгүй бол болохгүй хог” гэсэн тэмдэглэгээтэй уут бүрд ямар төрлийн хог хаягдлыг хийж болохыг нэг бүрчлэн бичсэн нь хэрэглэгчдэд маш ойлгомжтой болжээ. Ингэснээр металл болон зарим хуванцар материалыг ч дахин ангилан боловсруулж, булшлахгүйгээр шийдвэрлэх боломж бүрдүүлжээ.

hogiin_uut2 Япон улсын Камэока хотод уутны нэр өөрчилснөөр 2000 тонн хог хаягдлыг бууруулжээ.

Иргэдэд тухайн шинэчлэлийн талаар ойлголт өгөх, ухамсарт нь нөлөөлөх зорилгоор олон нийтэд чиглэсэн уулзалтыг 100 гаруй удаа хийж, өөрчлөлт болон түүнээс гарах үр дүнг сайтар тайлбарлаж өгсөн гэнэ. Энэ үеэр иргэдээс хогийг ингэж ангилснаар даван боловсруулалтад нөлөөлөх үү гэдэг асуулт тавьжээ. Харин хотын захиргааны үүний хариуд дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн шинэ төрлийн хогийн уутыг хэрэглэгчдэд өгч үр дүнг харуулсан байна.

Үүнээс өмнө Камэока хотынхон хог хаягдлаа шатаах хог, пластик сав баглаа боодол, булах хог гэж гурав ангилж хаядаг байж. Үүнийг зургаан төрөл болгож ангиллыг өргөжүүлэхдээ  хогийн уут дээрх нэршлийг өөрчилж, төрлийг нэг бүрчлэн зааж өгсөн нь иргэдийн хандлагыг өөрчилж үр дүнд хүрсэн аж. Энэ тухай нөөцийн эргэлтийг дэмжих хэлтсийн дарга Согабэ Икура “Нэршлийг өөрчлөх нь хогийн уут болон танилцуулгын гарын авлагын бичвэрийг л солихтой холбоотой тул нэмэлт зардал гарахгүй. Хэрвээ бага ч гэсэн үр дүн гарвал ашигтай гэж үзэж, хэрэгжүүлэхээр шийдсэн” гэжээ.

Камэока хот нь Япон улсын хэмжээнд пластик уутыг үнэ төлбөргүй эсэхээс үл хамааран бүрэн хориглосон цорын ганц хот болж, нийгэмд хандсан олон жилийн үйл ажиллагааны үр дүнд байгаль орчноо хамгаалах томоохон үйлдлийг хийж чаджээ. Хотын иргэдийн 98-аас дээш хувь нь өөрийн торыг авч явдаг болсон гэх судалгаа байна.

Эх сурвалж: Tbs-mri.com