С.Гантулга: Цагдаа бэлтгэх сургалтын хөтөлбөрөө шинэчилж хүний эрхийн агуулгаар улам баяжуулсан
С.Гантулга: Цагдаа бэлтгэх сургалтын хөтөлбөрөө шинэчилж хүний эрхийн агуулгаар улам баяжуулсан

Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулга

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Гишүүн орнуудын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах зорилготой тус хурлыг Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль зохион байгуулсан юм. Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн дэд захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа С.Гантулгатай ярилцсанаа хүргэж байна.

-Та Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн хурлын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч. Мөн ач холбогдлыг товчхон дүгнэвэл?

-Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА) нь 2011 онд байгуулагдсан. Дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэй том байгууллага. Үйл ажиллагаа нь тогтвортой явдаг. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль байгуулагдсан цагаас нь гишүүнээр элсээд, 2022 оноос удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад анх удаа Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал болж байна. Холбооны гишүүн цагдаагийн сургалтын байгууллагууд харилцан туршлагаа солилцох, багш, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, цагдаагийн сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөр агуулгыг шинэчлэх зэрэг сэдэвт асуудалд тэргүүний туршлагуудаа солилцож байна. Ингэхдээ цагдаагийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн агуулгыг хүний эрхийн агуулгад хэрхэн нийцүүлэх талаар ярилцах, шийдвэр гаргах зэрэг ач холбогдолтой хурал болж байна даа.

-ДХИС 2011 онд энэ холбоонд нэгдсэнээс хойш олон улсын хамтын ажиллагаа хэрхэн өрнөсөн бэ?

-Манай сургууль гишүүн болсноос хойш цөөнгүй үйл ажиллагаанд хамтарч оролцоод явж байгаа. Хамгийн сүүлийн жишээ хэлбэл, өнгөрсөн жил Монгол Улсын ДХИС, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цагдаагийн академитай хамтраад тус бүр хоёр багшийг харилцан туршлага солилцуулах ажлыг гурван сарын хугацаатайгаар зохион байгуулсан. Мөн тус академид манай оюутнууд суралцсан. Тэнд бэлтгэгдсэн алба хаагчид цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Манай сургуульд ч багшилж байгаа гэх мэт хамтарсан туршлагууд байна. Цаашид өөр ямар хөтөлбөр, чиглэлүүдээр хамтарч ажиллах вэ, хамтарсан судалгааны ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар ярилцаж байгаа.

-Оролцогч орнуудын төлөөлөл, судлаачид ямар туршлагууд хуваалцаж байна вэ. Ялангуяа шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдыг бэлтгэх чиглэлээр хэлэлцэгдэж буй туршлагаас жишээлэн хариулбал?

-Заа яг үнэн. Зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус худалдаа, бэлгийн мөлжлөг гэхчлэн шинэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэхэд алба хаагчдын эзэмшсэн байх учиртай мэдлэг, чадварыг төлөвшүүлэх талаар, хөтөлбөрийн агуулгыг хэрхэн тодорхойлох чиглэлээр бид бүхэн туршлага хуваалцаж байна. Энэ хурлаар гарсан санал зөвлөмжийн дагуу хөтөлбөр агуулгаа шинэчлэх, тэдгээрийн тэргүүн туршлагыг хуваалцах, өөрийн улс орны нөхцөл байдалд нутагшуулах чиглэлд нэлээн үр дүнтэй хурал болж байна.

-Зохион байгуулагч оронд бий болох давуу тал, боломжийн тухай?

-Ер нь энэхүү хурлаар Удирдах зөвлөлийн дараагийн хурлыг аль улсад зохион байгуулахаа шийднэ. Одоо бол Индонез, Катар гэсэн хоёр улс ирэх жилийн буюу 2026 оны хурлыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн байгаагаас өнөөдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрээ гаргана. Тухайн хурлыг аливаа улс орон зохион байгуулснаар өөрийн сургалтын байгууллага, түүний үйл ажиллагааг бусад холбооны гишүүн улс оронд танилцуулах, хэрэгжүүлж буй ажлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг.

-Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг байнга дагаж явдаг зүйл бол хүний эрхийн зөрчил байдаг. Та бүхэн үүнд хэрхэн анхаардаг вэ. Сургалтын хөтөлбөртөө хэрхэн тусгасан байдаг вэ?

-Тэгэхээр нийгэм, цаг үе их өөрчлөгдөж байна. Зөвхөн Монгол Улс эсвэл зөвхөн ДХИС хөтөлбөрөө шинэчилж байгаа биш энэ холбоонд гишүүнээр элссэн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага өөрсдийн хөтөлбөрийн агуулгаа шинэчилж байгаа. Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйг болон хүний эрх, эрхийг хангах хандлагыг алба хаагч, суралцагчдад төлөвшүүлэх чиглэлээр шинэчлэлийн ажил хийж байна. Энэ холбооны гишүүн улсуудын туршлагад үндэслээд мөн холбогдох салбараас хэрэгжүүлж байгаа бодлогод нийцүүлээд хөтөлбөрийн агуулгуудаа шинэчилж байна. Сүүлд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй төсөл ДХИС-д хэрэгжсэн. Ингээд бид бүхэн нийт сургалтын хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг шинэчлээд хүний эрхийн агуулгаар улам баяжуулсан. Манай сургуулиас бэлтгэгдсэн мэргэжилтнүүд, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжтэй байна гэдэгт итгэлтэй байна.

-ДХИС-ийн цагдаа бэлтгэж буй сургалтын хөтөлбөр онол, практик нь олон улсын түвшинд харьцуулахад ямар байдаг юм бэ. Юу нь илүү давуу, ямар нь анхаарах шаардлагатай байдаг вэ?

-Бид бүхэн холбооны гишүүн улс орнуудтайгаа туршлага солилцоод өөрсдийн давуу чанар болон анхаармаар зүйлүүдээ ярилцахаар манай сургуулийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагч буюу цагдаагийн алба хаагчдыг бэлтгэж буй сургалтын хөтөлбөр олон улсын чиг хандлагад нийцсэн, хүний эрхийн агуулгаар баяжсан, алба хаагчийн үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд боломжтой түвшинд байна гэж үзсэн. Гэхдээ бид боломжийн байна гээд орхихгүйгээр бусад орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, улам чадварлаг, хөрвөх чадвар бүхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн алба хаагчийг бэлтгэхийг ямагт зорьж ажиллаж байна. Эхнээсээ эерэг үр дүнгүүд гарч байна.

-Цагдаагийн алба хаагчийг бэлтгэх сургалтын жилүүд ямар байна вэ, бусад оронтой харьцуулахад. Манайх бакалавр дөрвөн жил байгаад байна, тийм үү?

-Олон улсад янз бүр байна, чиглэлээсээ хамаараад. Манай ДХИС-ийн хөтөлбөр ч мөн адил. Таны хэлж байгаа дөрвөн жилийн хөтөлбөр байна. Эчнээ таван жил, 2+2, 1+1 зэрэг хөтөлбөр бий. 

Жишээлбэл, өнөөдөр нийгэмд шаардлагатай байгаа кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчийг бэлтгэхэд IT мэргэжилтэн, эсвэл бусад чиглэлд хэрэгтэй биологич, химич, эдийн засагч мэргэжил эзэмшсэн хүмүүсийг хоёр жилийн хугацаатайгаар ДХИС-д үнэ төлбөргүй сургаад мэргэшсэн мөрдөгч, шинжээч, эдийн засгийн мөрдөгч, кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг бэлтгэж 100 хувь ажлын байраар хангаж байна.

Ер нь олон улсын чиг хандлага бол бид энэ сургуульдаа эдийн засгийн суурь ойлголтыг өгөөд эдийн засгийн сайн мөрдөгч бэлтгэхэд учир дутагдалтай. Гэтэл бэлтгэгдсэн эдийн засагчийг аваад гэмт хэрэг мөрдөх арга зүйг сургаснаар сайн мэргэжилтэн төгсөх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Бид ч олон улсын жишгийн дагуу шинэлэг хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж байна. 1+1 хөтөлбөр ч нэлээн сайн үр дүн өгч байгаа. Олон улсын гишүүн орнуудын туршлагаас үзэхээр, ЕБС төгссөн хүүхдийг дөрвөн жил сургаад төгсгөдөг биш бусад их, дээд сургууль төгссөн мэргэжилтнүүдийг тусгай мэдлэг эзэмшүүлж мөрдөгчөөр томилон ажиллуулах нь илүү үр дүнтэй байна гэдэг туршлага ч энэ хурлын үеэр ярьсан.