06 сарын 18, 2025
Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагын хурал Монголд болно
Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагын хурал Монголд болно

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал манай улсад болно.

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурал энэ сарын 20-нд манай улсад болно. Дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэй тус байгууллагын удирдах зөвлөлийн хурал анх удаа Монгол Улсад болох гэж байна.

Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж буй ажээ.

Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцоно.

Энэ удаагийн хурлаар Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтооно. Мөн 2025 онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн хурал нь гишүүн орнуудын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах зорилготой байдаг юм.