Бид хором, цаг мөч бүхэн нь үнэтэй нийгэмд амьдарч байна. Залхсан, бачуурсан, атаархсан иргэдийн дуу хоолой манай нийгэмд тасралтгүй цуурайтсаар. Гагц ийм л бараан үед сэтгэлийн дуудлагыг өдөөсөн хонхыг цохих хэн нэгнийг хүлээсээр саарлаас саарал нийгэмдээ шигдсээр өдий хүрчээ. Гэвч уран бүтээлчийн үзэл санаа бүтээл нийгмээ сэрээж байлдан дагуулж илүү эрүүл, тэнүүн ирээдүйг урин дуудах нь жам аж. Хэн бүхний мэддэг, дуулах дуртай олон сайхан дуу үе дамжин дуулагдсаар буй. Бид уран бүтээлийг нь мэдэхээс зохиогчийн мэдрэмж үзэл бодлыг тэр бүр анзаардаггүй. Иймд “Мөнхийн усын Бат-Оргил” хэмээн олноо танигдсан Төрболдын Бат-Оргилтой түүний 2017 онд гаргасан “Жигүүртнээс дээгүүр” цомог болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та өнгөрсөн арваннэгдүгээр сард тоглолтоо хийсэн. Удаан хугацааны дараа сонсогчидтойгоо уулзсан тэр мөч ямар байсан бэ?
Хүмүүс миний тоглолтыг хүлээж байжээ гэдгийг мэдрэх сайхан байлаа. Яг ч тоглолт бас биш. Яагаад гэвэл аяыг зохиосон тэр, үгийг бичсэн тэр, дуучин тэр гэж зарлуулаад, тайзан дээр гарч дуулчхаад л орчих биш, дуу бүтсэн түүх, үг бүрийнх нь утгыг тайлж, үзэгчидтэйгээ ярилцдаг хэлбэр. Нэг үгээр бол уран бүтээлийн үдэшлэг гэвэл зохих байх.
-Таныг хүүхэд байхад гитар тоглодог моод дэлгэрч байсан. Анх энэ хөгжимтэй хэрхэн танилцсан талаараа хуучилна уу?
Ер нь нийтийн жишгээр гитарт дуртай хүүхэд байсан. Намайг багад ёстой л гитарын эрин үе байлаа гэхэд буруудахгүй байх. Мөн манай аав кантри хөгжим сонирхдог байсан. Хөдөө явахад дандаа л кантри дуунууд тоглуулна. Миний эмээ бид нарыг “Цомбон туурайтай хүрэн” уртын дуугаар бүүвэйлж өсгөсөн. Монгол язгуур урлагийн уламжлал, Америкийн кантри хөгжмөөр багаас өлгийдсөн болохоор тэр үү сонирхох болсон.
-Танаас дээш үеийг пянзны үе гэх байх. Харин та бол кассетны үеийн хүүхэд аж. Тухайн үед кантри уран бүтээлчийн хуурцаг, пянзны олдоц хэр байсан бэ?
-Худалдаалагдаж байсан. “Kenny Rogers”, “Joan Baez” гэх мэт америкийн алдартай кантри дуучдыг одоо ч сонсдог. Төрлийн маань хүн Америкт Монголын элчинд ажилдаг байсан. Тэднийхээс хуурцаг авч сонсдог байлаа.
-Яагаад заавал кантри урсгал гэж?
- Баялаг хөгжмийн урсгал. Гитарын тоглолтын ур их шаарддаг. Яг сонирхдог урсгал маань бол “Bard” урсгал. Энэ нь хүний зохиосон шүлгийг дуу болгоод дуулах биш. Дууны үг, аяыг өөрөө зохиодог, түүнийгээ өөрөө хөгжимдөж, дуулдаг жанр. Тус жанрын дууг сонсоод цэнгэж бүжиглэхээс илүү хүнд юм бодож, эргэцүүлэх хүслийг төрүүлдэг.
-Шүлэг төвтэй гэсэн үг үү?
- Шүлэг төвтэй гэж хэлэхэд хэцүү. Дууны үг шүлгээс ялгаатай нь аянд баригдаж буй учир үгээ их танадаг. Яруу найргийн уран тансаг зүйрлэлээр илэрхийлэгдэх санаа аятайгаа авцалдахгүй байх тохиолдол их бий. Иймд дууны үгийг ихэд мэдэрч, донжийг нь олох хэрэгтэй. Би эхлээд аяа зохиогоод дараа нь түүндээ тааруулж үгээ зохиодог аргатай.
-Жигүүртнээс дээгүүр цомогт багтсан “Халхын гол” дууны дахилт залуу үедээ хандсан гоморхол гэж ойлгож болох уу?
- Бүх монголчуудад хандсан үг. Бид хэтэрхий эдийн шуналд хөтлөгдөж, хэний үр сад вэ? гэдгээ мартаад төөрөөд яваад байна. Сэрээсэй гэсэн бодлоор бичсэн.
Хүмүүс дуу хуурыг зугаа цэнгэл гэж боддог. Гэтэл үгүй. Ямарваа нэг улс орон сэхэж өндийхөөс өмнө урлаг нь сэргэдэг. Эхлээд ард түмний зүрх сэтгэлийн дуудлагыг сэрээсэн, од нь болсон урлагийн бүтээлүүд гардаг.
-Цомог сэхээтний манлайллын тухай гэж та номдоо тусгасан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
Үндсэндээ монгол түмэн сэхээтэнгүй болчихлоо. Оюуны хөдөлмөр эрхлэгч болгон сэхээтэн биш. Сэхээтэн хүн дөрвөн шалгуураар бий болдог. Нэгдүгээрт, бусдынхаа төлөө гэх сэтгэл сэхээтэн бүр үндэстнийг ч бий болгодог. Мөн тэр хүний мэдлэг туршлага. Гуравдугаарт, сэхээтэн хүн иргэний зоригтой байх ёстой. Танкны доогуур тэсрэх бөмбөг тэврээд орох бол нэг төрлийн зориг. Харин дарангуй төр засгийн өөдөөс учирч болох ямар ч аюулыг сөрөн, шударгаар буруу гэж хэлж чаддаг, найз нөхдийнхөө алдаа, дутагдлыг нүүр, нүдийг нь харж байгаад шударга хэлчихдэг бол энэ нь иргэний зориг. Эцэст нь төлөвшил. Тэгэхээр энэ дөрвөн шалгуурыг хангаж байж сэхээтэн болох болзол бүрддэг. Хамгийн гол нь бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тус хүний гол ач холбогдол нь үндэстний санааг бий болгож, тээж явдаг. Үндэстэн гэх ойлголт дөнгөж XVIII зууны эхэн үеэр бий болсон. Энэхүү санаа нь олон зүйлээс бий болдог ч охь болсон гурван асуултад хариулдаг.
-Яагаад?
Тэрээр хувийн аз жаргал, баяжихын тулд тэр бүхнийг хийгээгүй. Бүх дайныг эцэс болгохын тулд эзэн Чингис, түүний шадар нөхөд өөрсдийн жаргал, биеийн амрыг умартан бүх насаа зориулсан. Тэнгэрт нэг нар, газарт нэг хаан гэдэг нь агуу ихийн хэнээрхэл биш олон хаад ноёд хоорондын эцэс төгсгөлгүй дайн дажныг таслан зогсоож, үндэстэн албатуудаа энх амар амьдруулж, чөлөөт худалдаа арилжааг хөгжүүлж, шударга засаг байгуулахын төлөө мордож, өөрсдийгөө зольсон их хүмүүс юм. Гэтэл өнөөгийн бид тэр бүхнийг нь ч ухаарахгүй, гаднынхантай нийлэн түүнийг зөвхөн байлдан дагуулагч байсан мэт ярьж гайхуулан, өнгөрсөндөө гацаж, ирээдүйн дуудлагаа олох нь байтугай одоо орших утгаа ч алдаад байна. Хатуухан хэлэхэд ямарваа нэг зүйлийн төлөө үхэхэд ч, тэмцэхэд ч бэлэн биш хүмүүс машины зээл, байрны ипотек хоёроо төлөх гэж л бэдэрч явна. Тийм ч учраас сэхээтний манлайллын тухай цомог гаргасан юм. Сэхээтэн гэдэг жигүүртнээс дээгүүр үзэл баримтлалтай, ёс зүйтэй, хэн нэгэн дарга, олонхоос айдаггүй, харин тэднийг манлайлдаг, дагуулдаг байх ёстой гэдгийг илэрхийлсэн юм.
-Цомог, номоо хоёр жилийн хугацаанд бүтээсэн ч уран бүтээлүүд тань 20 гаруй жилийн түүхтэй байхаа? Их бодож, тунгааж дуунуудаа бичдэг үү?
Үүнийг бодно гэхээсээ илүүтэй зөнгөөрөө, өөрийн доторх ертөнцдөө нийцүүлж л зохиосон гэх үү дээ. Жигтэйхэн бодлогошрон сууж дуу зохиож зэхэхээс илүү сэтгэлийн хөгөө дагаж бичдэг.
-Танай гэр бүлийнхэн бүгд урлагтай амьдралаа холбосон юм билээ. Та өөрийн дүү “Library record”-ийн продюсер, гитарчин Т.Мөнх-Оргилд анх гитар тоглохыг заасан уу?
Дүү маань анх долоон настай байхдаа гитар тоглож сурсан. Анхны гитарын барилтыг би зааж өгч байлаа. Түүнээс хойш сонирхсон чиглэлээрээ АНУ-ын Виржиниа мужийн Редфордын их сургуульд суралцаж гитар, хөгжмийн бизнес чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
-Цомгийн дуунуудын найруулгыг дүү тань хийсэн гэсэн үү?
Тийм. Бүх дуунуудын найруулга, продюсинг хийсэн. Ялангуяа бүх дууны соло гитарын хэсгийг Т.Мөнх Оргил тоглосон. Монголын сор болсон бүх л уран бүтээлч оролцсонд би их бахархдаг. Цомогт нийт 200-аад хүн оролцсон.
-Дуучид ямар нэг арга хэмжээн дээр ам барих нь сүүлийн жилүүдэд их ажиглагдах боллоо. Энэ сонсогчдоо үл хүндэтгэж байгаа нэг хэлбэр мөн үү?
- Яах вэ дээ бас нэг амьдрах арга юм даа. Гэхдээ энэ нь надад таалагддаг арга биш. Надад одоо хүртэл бэлэн фонограм байдаггүй, бүх дуугаа тоглолт болгон дээр амьдаар тоглодог. Энэ нь бас дууныхаа жанртай ч холбоотой. Өөрөө хөгжмөө тоглоод дуулахаар сонсогчтойгоо холбогдох нь илүү хүчтэй байдаг.
-Залуу уран бүтээлчдийг сонсдог уу?
- “Rokit Bay”,“The HU” хамтлаг, “NMN”, “Ако” гээд олон залуу уран бүтээлчийг сонсдог.
-Тэднээс гадна нэн шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлийг сонссон уу?
- Эхэндээ сонсдог байсан ч сүүлдээ шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Сүүлийн үед гарч байгаа дуунуудын үг, өнгө аясаас төлөвшөөгүй жаахан хүүхдийн өнгө аяс цухалзаад байхаар сонсоход төвөгтэй болчхоод байгаа юм. Нас бие гүйцсэн харагдаж байгаа хэрнээ дотоод ертөнц, асуудалд хандаж байгаа байдал нь хэт балчирхан болохоор сонсоход төвөгтэй байдаг юм. Тэгэхээр цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэж байна гээд өөртөө таардаггүй зүйлтэй нийцнэ гэдэг нь миний идэх хоол биш ээ. /инээв/
-Одоог хүртэл урлагаас холдож чадахгүй байгаа шалтгаан тань юу вэ?
- Хоёулаа цаг хэртэй ярилцаж байна. Магадгүй сая ярьсан бүх зүйлийг би гурван дуугаар илэрхийлбэл чиний сэтгэлийг хөдөлгөж, чамд илүү сайн хүрнэ. Урлагийн хүч үүгээр илэрдэг. Би дуугаараа өөрийн иргэний байр сууриа илэрхийлдэг энэ урсгалыг сонгосон нь тийм учиртай. Хоёрт, хүн болгон дуулдаг, ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Учир нь хөгжмийн зэмсэг, хөгжмийн мэдрэмж хүний уян чадварыг маш хүчтэй хөгжүүлдэг гэдгийг шинжлэх ухаан баталсан юм.
-Хөгжмийн боловсрол тийм их хэрэгтэй гэж үү?
- Канадын мэдээллийн технологийн бодлогын хүрээлэн 2018 онд засгийн газартаа маш том зөвлөмжийг хүргүүлсэн. “Хэрэв Канад улс XXI зууны мэдлэгийн эдийн засагт өрсөлдөх чадвартай байя гэвэл бүх IT инженертээ хөгжмийн боловсрол олго, бүх хотод тайз барь. Мөн цэцэрлэг, сургуулиудад хөгжмийн боловсролын хичээлийг гүнзгийрүүлэн заа” гэх зөвлөмжийг хүргэсэн . Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр. Шинэ эриний хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлж алхъя гэвэл бид хөгжмийн боловсролыг эзэмших ёстой юм байна гэх маш энгийн дүгнэлт гарч ирж байгаа юм. Хөгжмийн боловсрол хүний сэтгэхүйн зохион байгуулалтыг өөрчилдөг. Илүү өндөр төвшинд хүргэж байна гэсэн үг.
Энэ зуунд үйлдвэрийн ажилтан болох гэж олон үйлдлийг давтаж сурах нь чухал биш. Орчин үеийн ажлын байр биднээс шинээр сэтгэх, аливаа асуудлын арга учрыг нь олох зэрэг уян чадваруудыг маш ихээр шаардаж байна
-“Мөнхийн ус”-ыг таны дуу гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ?
- Харин тиймээ /инээв/. Би ”Мөнхийн ус”-аа дуулсан чинь нэг хүүхэд “Энэ ах яагаад “Камертон”-ы дууг дуулаад байгаа юм” гэж асууж байсан гэсэн. Энэ миний дуу гэж ярих нь чухал биш. Энэ дуу өнөөг хүртэл хүмүүсийн дуртай дуу нь хэвээр байгаад баяртай байдаг.
-Сүүлийн үед уран бүтээлч нар зохиогчийн эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлэх боллоо. Та ямар бодолтой байдаг вэ?
- Би дууныхаа ард тодорхой үнийн дүн бичсэнээр миний аз жаргалын даавар ялгарахгүй шүү дээ. Уул нь ч “Аж богдын харуул”, “Мөнхийн ус”-ыг зохиосон цагаас эхлээд монголчууд маань караокед дуулсан тоогоор нь 100 төгрөгөөр үржүүлсэн бол ч өдийд долларын саятан болчих байсан биз. Гэхдээ анхнаасаа мөнгө олох зорилгоор дуу зохиож, дуулаагүй болохоор уран бүтээлүүдээ мөнгөжүүлэх гэж чармайгаагүй. Надад өөр зүйл сайхан санагддаг. Ихэнх дууг тодорхой нэг нас, үеэрээ сонсдог. Хүүхдүүд дуулах дуртай дуу, залуучуудын дуулдаг дуу гэх ч юм уу. Гэтэл “Аж богдын харуул”-ыг залуучуудаас авхуулаад ахмад буурлууд хүртэл бүх насны хүн 30 гаруй жил дуулсаар байгаа нь надад их сайхан санагддаг. Энгийн кантри дууны хэмнэлтэй, монголжуу аялгуутай болохоор энэ дуу хүмүүсийн сэтгэлд хүрсэн юм болов уу?
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.