Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдөр. Өмнөговь аймгийн Номгон сум
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17 буюу энэ өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Эл зориулан НҮБ-аас гаргасан мэдээлэлд “Эрүүл газар бол эдийн засгийн үндэс. Гэвч хүн төрөлхтөн байгалийн капиталыг маш хурдацтайгаар шавхаж байна. Минут тутамд дөрвөн хөл бөмбөгийн талбайтай тэнцэх талбай газрын доройтлоос болж алдагдаж байна” гэжээ.
Газрын доройтлын улмаас биологийн олон янз байдал алдагдаж, гангийн эрсдэлийг нэмэгдүүлж, нутгийн иргэдийг нүүж шилжихэд хүртэл хүргэдэг. Тэрчлэн дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс эхлээд тогтворгүй байдал, шилжилт хөдөлгөөнд нөлөөлж байна. Цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь манай цаг үеийн байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд дэлхийн нийт газар нутгийн 40 хүртэлх хувь нь аль хэдийн доройтсон гэж тооцогддог ажээ.
НҮБ-аас 2021-2030 он хүртэл экосистемийг нөхөн сэргээх арван жил дуусах шатандаа орж байгаа энэ үед хүмүүс газрын доройтлын урсгалыг томоохон хэмжээний нөхөн сэргээлт болгон хувиргах хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй байна. Хэрэв өнөөгийн чиг хандлага үргэлжилбэл 2030 он гэхэд бид 1.5 тэрбум га газрыг сэргээж, их наяд долларын газрыг нөхөн сэргээх эдийн засгийг эхлүүлэх шаардлагатай болно.
Байгалийн үндэс суурь болсон газрыг нөхөн сэргээх нь ажлын байрыг бий болгож, хүнс, усны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, уур амьсгалын үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн уян хатан нөхцөлийг бий болгоход туслах болно.