Залуус цөлжилт, газрын доройтолтой тэмцэх туршлага, шийдлээ хэлэлцэж байна
Залуус цөлжилт, газрын доройтолтой тэмцэх туршлага, шийдлээ хэлэлцэж байна

Гэрэл зургийн эх сурвалж: mongolia.un.org

“Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форум Дундговь аймагт болж байна. Энэхүү форумыг Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

“Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум нь залуу малчид, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, байгаль орчны манлайлагчдыг нэгтгэн, газрын доройтлыг бууруулах, бэлчээр хамгааллын зохистой шийдэл, арга туршлагаа солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх зорилготой. Монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн суурь болсон бэлчээрийн доройтолд тулгарч буй сорилтуудыг хөндөн хэлэлцэж байна.

forum_zaluus1 Гэрэл зургийн эх сурвалж: mongolia.un.org

Форумын нээлтэд оролцсон Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун газар нутгийн цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөг онцлон тэмдэглэж, говийн бүсийн онцлогт тохирсон шийдэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдав. Мөн форумд оролцогч малчин залуусаа төлөөлж, Дундговь аймгийн Дэрэн сумын залуу малчин Г.Сангидорж уламжлалт мал аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт ололтыг нэвтрүүлж, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ бэлчээр сэргээж, эх дэлхийгээ хайрлахад үе тэнгийнхнээ уриалсан юм.

forum_zaluus3 Форумд Дундговь аймгийн Дэрэн сумын залуу малчин Г.Сангидорж үг хэлэв. Гэрэл зургийн эх сурвалж: mongolia.un.org

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден, холбогдох яамд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн 120 орчим төлөөлөгч оролцож байна. Яап ван Хиерден “Монголчууд газар нутаг, бэлчээр усаа хамгаалах олон зууны арвин их туршлагатай Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн. Ирэх жил болох COP17 бага хурал нь Монгол Улс энэхүү арвин туршлага, улалмжлалдаа түшиглэн газраа нөхөн сэргээх, байгалиа хамгаалах сайн туршлага, ухаанаа дэлхийн дахинд танилцуулах таатай боломжийг нээж байгаа юм” гэж хэллээ.

forum_zaluus2 Форумын үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден үг хэлэв. Гэрэл зургийн эх сурвалж: mongolia.un.org

Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.

Форум өнөөдөр /2025.06.16/ хоёр өдрийн турш үргэлжилнэ. Оролцогчид сэлгэн бэлчээрлэх, газрын менежмент, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх сайн туршлага, хөрсний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэлэг санаачилгуудыг хэлэлцэж байгаа юм. Маргааш форумын төгсгөлд оролцогч залуус “Бидний амлалт” тунхагыг боловсруулан баталж, COP-17 Бэлтгэл ажлын албанд уламжилж ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх залуусын дуу хоолойг нэгтгэхээр төлөвлөжээ.