Зургийн эх сурвалж: NHK ニュース
АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Унтай захидлаар харилцах талаар эерэг байр суурьтай байна” хэмээн мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Трамп Ким Жон Унтай дахин дээд хэмжээний уулзалт хийх боломжийг эрэлхийлж эхэлсэн гэж ажиглагчид онцолж байгаа ч Хойд Солонгосын зүгээс ОХУ-тай ойр харилцаа тогтоож буй энэ үед хоёр орны дээд хэмжээний уулзалт бодитоор хэрэгжих нь улам бүр хүндрэлтэй болж байгааг зарим шинжээч тодотгож байна.
Хойд Солонгосын тухай мэдээллийг хүргэдэг “NK News” цахим хэвлэл мэдээлэхдээ, Трамп Ерөнхийлөгч Ким Жон Ун руу илгээх захидлаа Нью-Йорк дахь НҮБ-ын Хойд Солонгосын байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан хүргүүлэхийг оролдсон. Гэвч Хойд Солонгосын дипломат ажилтнууд захидлыг хүлээн авахаас татгалзсан гэжээ.
Энэ талаар АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Левитт зургаадугаар сарын 11-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
“Трамп Ерөнхийлөгч Ким Жон Унтай захидлаар харилцах хүсэл эрмэлзэлдээ үнэнч хэвээр байна. Ерөнхийлөгч 2018 онд Сингапурт болсон анхны дээд хэмжээний уулзалтаар гарсан ахиц дэвшлийг дахин бататгах сонирхолтой байгаа” гэв.
Нөгөөтээгүүр, Хойд Солонгосын дипломат ажилтнууд Трампын захидлыг үнэхээр хүлээн авахаас татгалзсан эсэх тухайд Левитт тодорхой хариулт өгөхөөс зайлсхийж “Тодорхой харилцааны талаар хариу өгөх асуудлыг Ерөнхийлөгчид үлдээе” гэж хариулсан юм.
Гэсэн ч Хойд Солонгос нь цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлж байгаа төдийгүй ОХУ-тай харилцаагаа улам гүнзгийрүүлж байна. Энэ нь АНУ болон Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтыг хэрэгжүүлэхэд илүү бэрхшээлтэй болгож байна гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: NHK ニュース