Хөвсгөл Дулааны станц ТӨК-ийн ерөнхий инженер Ш.Нямханд
“Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр Хөвсгөл Дулааны станц ТӨК-ийн ерөнхий инженер Ш.Нямхандаас айл өрхийг дулааны шугамд холбож буй ажлын тухай зарим зүйлийг тодрууллаа.
-Айл өрхийн дулааны шугамын холбох ажил хийж байгаа юм байна. Ямар түвшинд явж байна вэ?
-“Мөрөн сумын зургаа, долоо, 12, 13, 14 дүгээр багийн 2200 айлыг дулааны шугамд холбох ажил ид явагдаж байна. Энэ ондоо багтаад дөрвөн цэгийн ажил дуусна. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг дулаан шугам сүлжээнд айл өрхийн холбох, иргэдээ идэвхжүүлэх нөлөөллийн ажил хийж байна. Нэг гудмын айл өрхийн 60-аас дээш хувь нь ус, дулаанаа хэрэглэж байж бид алдагдалгүй түгээх боломжтой болно. Тиймээс иргэд, айл өрхөд дулаан шугам сүлжээндээ холбогдоход шаардагдах зүйлс, арга техникийн мэдээллийг шуурхай өгч, зөвлөж ажиллаж байна.
-Тэгэхээр айл өрхүүд дулааны шугамд холбогдсоноор гарах зардлын тооцооллыг гаргаж үзсэн байх. Өнөөгийн байгаагаас нэмэгдэж эсвэл хасагдаж байна уу?
-8*8 харьцаатай байшинтай айл дунджаар нэг өвлийг давахад 1,5-1,8 сая төгрөгийн түлээ, нүүрс түлж байна. Гэтэл дулааны тариф одоо мөрдөж байгаа ханшаар кв.метр нь 660 төгрөг, нэмэгдээд 1100 төгрөг болоход сард 70 мянга гарч байна. Ингэхээр нийт өвлийг давахад 560 мянга орчим төгрөгийн зардал нэг өрхөөс гарахаар байгаа юм. Бид дулаан, халуун усны шугамыг гудамжинд нь хүргэж суурилуулаад айл өрхүүд өөрсдөө хашаа гэр рүүгээ татна. Шугамаа татаж авахад нэг айлаас дунджаар 10 сая төгрөг гарч байна. Ингээд нэгдсэн дулаан халаалттай болчихвол айл өрхийн зардал буурч, галын эрсдэлгүй, тав тухтай амьдрах боломж Мөрөнгийн оршин суугчдад бүрдэнэ.
-Хөвсгөл дулааны станц одоогоор хэдэн хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй байна вэ?
-Манай “Хөвсгөл” дулааны станц өнөөдрийн байдлаар нийт 3300 хэрэглэгчийг дулаан, хэрэгцээний халуун усаар хангадаг. 2018 оноос хойш хөөцөлдөж байж энэ онд улсын төсвийн хөрөнгө 19 тэрбум төгрөгөөр нэг зуухаа өргөтгөж байна. Ажил 34 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Мөн Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр ирэх онд дулааны станц барихаар зураг төсвөө хийгээд байна.