Хөвсгөл аймагт ирэх онд дулааны станц барина
Хөвсгөл аймагт ирэх онд дулааны станц барина

“Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын ажлын нээлт болов.

Хөвсгөл аймаг “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын ажлынхаа нээлтийг энэ сарын 8-ны өдөр хийжээ. “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрт Мөрөн хотын яндан, зуухны 30 хувийг буулгах, шинээр дулааны станцыг Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөр барих, 12 км зам шинээр барьж, таван уулзварыг өргөтгөх, соёл амралтын хүрээлэнг бүрэн шинэчлэх, 5200 модтой 5,5 км ногоон зурвас байгуулах зэрэг иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчноо сайжруулж, өрхийн амжиргааг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтууд багтсан байна.

“2025-2028 онд 238 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр хөрөнгө оруулалтаа шийдсэн. Үүнээс 35,5 тэрбум төгрөгийг анх удаа аймаг өөрийн хөрөнгөнөөс санхүүжүүлж байна. Гол нь төрийн, төрийн бус байгууллага, айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд хамтарч түншилж байж үр дүнд хүрнэ” гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.

Хөвсгөл бол Монгол Улсын хамгийн олон хүн амтай аймаг. Тус аймагт 41 мянган өрх, 137 мянга гаруй хүн ам амьдардаг. Уул уурхайгүй, томоохон үйлдвэргүй энэ аймгийн иргэд малын ашиг шим, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлээс орлогоо бүрдүүлж, ажлын байраа хангадаг онцлогтой ажээ.

huvsgul3 “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын ажлын нээлт болов. 

Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжин санхүүжүүлэхэд анхаарч 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж нийт 17 тэрбум 125 сая төгрөгийн зээл санхүүжилт олгохоор төсөвлөсөн байна. Мөн нарийн ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангах зорилт дэвшүүлж өрхийн хүлэмжийн аж ахуйг дэмжиж эхэлжээ.