2 Өдрийн өмнө.
Цагаатгал-П.Батчулуун буруугүй
Цагаатгал-П.Батчулуун буруугүй

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилүүлэн суулгах үндэсний багаас П.Батчулуун эмчид үүсгэсэн хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийж байв. 2025.03.20

Гавьяат эмч П.Батчулууныг Улсын дээд шүүхээс цагаатгав. Монгол хэлний их тайлбар тольд цагаатгах хэмээх үгийг ямар нэг гэмт хэрэгт хилсээр холбогдож, шүүхэд шилжсэн болон ял шийтгүүлсэн этгээдийн гэм буруугүйг хууль ёсоор нотолж шүүхээс цагаатгах тогтоол гаргах гэж тайлбарласан байдаг.

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаан өнөөдөр /2025.06.04/ болж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалтай, П.Батчулуунд холбогдох зургаан хавтаст хэргийг шүүгдэгчийн өмгөөлөг Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн хянан хэлэлцэв.

Улмаар Улсын дээд шүүхийн шийдвэр “тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгасан” гэж гарлаа.

Хэрэг явдлын тухай дахин сануулбал, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 15.3.2-т зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээд тус шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. 

Ямар үйл явдлаас эл хэрэг үүдсэнийг товч дурдвал, 2023 оны наймдугаар сард зам тээврийн ослын улмаас ГССҮТ-д эмчлүүлж байхдаа нас барсан иргэн А тархины үхэлтэй нь тогтоогдсон. Улмаар түүний ар гэрийнхэн нь амьгүй донор болгохыг зөвшөөрсөн тул түүний хоёр бөөр болон элгийг бүтнээр судаснуудтай нь авсан. Тухайн амьгүй донорын эд эрхтнээр гурван хүний амь аварсан гэж П.Батчулуун эмч ярьсан байдаг. Гэвч мөн оны есдүгээр сард амьгүй донор болсон талийгчийн ар гэрээс эмч нар элэг, бөөр, шөрмөснөөс гадна тойгийн яс, шаант зэрэг эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэдэг асуудлыг гаргаснаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эрх зүйн үе шаттай явсаар хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан.

Түүний өмгөөлөгчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Улсын дээд шүүхэд хандсаны үр дүнд өнөөдрийн шийдвэр гарсан гэсэн үг. Ерөөс П.Батчулуун эмчид холбогдуулан шалгасан энэ хэрэг бол манай улсын хууль, эрх зүйн болон шүүхийн түвшинд урьд өмнө нь тохиолдож байгаагүй шинэ ойлголт байсан юм.

Тодруулбал, 2002 онд анх удаа Монгол Улсын Эрүүгийн хуульд хүний эд, эрхтнийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэж үзэх тухай заалт орж байсан. Тэр цагаас хойш 23 жилийн дараа анх удаа энэ зүйлээр шүүхэд хэрэг шийдвэрлэсэн тохиолдол 2025 оны нэгдүгээр сард гарсан нь П.Батчулуун эмчид холбогдох хэрэг байж. Өөрөөр хэлбэл манай шүүхийн практикт анх удаа энэ төрлийн хэргийг хэлэлцсэн гэсэн үг. Тийм ч учраас түүний өмгөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” хэрэг маргааны асуудлаар гомдол гаргасан бол Улсын дээд шүүхийн танхимын хуралдаанаар авч хэлэлцэх тухай хуулийн заалтыг барьж гомдол гаргахаа илэрхийлж байсан юм.

Харин өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр П.Батчулуун эмчийг цагаатгасан.

Түүнийг гэмтэй, гэмгүй эсвэл гэмт хэрэг мөн биш гэдгийг нэг тийш нь тодорхойлж шийдвэрлэхэд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд эргэлзээтэй, тодорхой бус асуудал олон байгааг мэргэжлийн хүмүүс хэлж, тайлбарлаж байсан.

Тиймээс зөвхөн хувь хүний бус нэг салбар цаашлаад нийгмийн чухал ач холбогдолтой энэхүү хэрэг явдал нь манай улсын хууль тогтоогчид, эрүүл мэндийн яам, тухайн салбарынханд эрх зүйн орчныг тод тодорхой болгож уялдаа холбоог сайжруулах шаардлага тулгарсныг дохиолсон томоохон сануулга, сургамж боллоо. Монгол Улсад энэ төрлийн хэргийг мөрдөн шалгах, шүүхэд хэлэлцэхэд эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй гэдэг нь ч харагдлаа. Цаашид Энэ төрлийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын сайн жишгийг судлах, нутагшуулах шаардлага ч тулгарч байна.