11 сарын 26, 2023
Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна номын дөрвөн зөвлөгөө
Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна номын дөрвөн зөвлөгөө
Нэгдүгээрт, цаг л гарвал явж юм үзэж бай. Шинэ ертөнцтэй танилц. Хоёрдугаарт, олон янзын сайн нөхөдтэй бол. Сайн нөхөдтэй болох нь амьдралыг таньж мэдэхэд аяллаас дутахгүй чухал үүрэгтэй.

Зохиогч: Дэү группийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын алдарт бизнесмен Ким Ү Жүн. Тэрээр 2019 оны 12 дугаар сард 82 насандаа таалал болжээ. Өнөөдрийн уншигч танд зориулан номынх өмнөтгөлөөс эшилж хүргэе. “Залуу хүн бол ямагт ирээдүйг бэлтгэгч хүч мөн. Манай маргаашийн нийгэм ямаршуу дүр төрхтэй болох нь бүх талаар өнөөгийн залуусын оюун ухаанаас шалтгаална. Хатуу хүтүү байж мэдэх миний үг одоохондоо залуучуудад хоцрогдсон байдлаар ойлгогдож болох юм. Гэвч хэзээ нэгэн цагт миний зөвлөгөө тус нэмэр болоосой хэмээн хүснэм. Ирээдүй хойч үеийг үүрэх залуу үеийнхэндээ зориулан амьдралын анхны цагаан толгой бичсэнийгээ би онцгой үр дүнтэй зүйл хэмээн бодож байна” гэж 1989 онд бичиж байжээ.

Орчуулагч. Солонгос судлаач, доктор, ахмад дипломат ажилтан Б.Лхагваа. Уншигч авхай таныг бизнесийн хорвоотой танилцуулж, зах зээлийн тогтолцоот олон өнгө аяс бүхий нийгмийн амьдралд хөл тавихад тань бага ч атугай шинэ санаа оноо өгч, тус дэм үзүүлэх болов уу гэсэн найдлагадаа тулгуурлан энэхүү номыг анх 1992 онд эх хэлнээ орчуулан толилуулсан билээ. Үүнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн хэдий ч нэг сая хувь хэвлэгдэн БНСУ-ын хэвлэлийн түүхэнд дээд амжилт тогтоож, дэлхийн 10 гаруй орны хэлнээ орчуулагдсан энэхүү ном өнөө хэр нь солонгосын төдийгүй гаднын уншигчдын дунд эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна.

Амьдрал үргэлжилж, хүрд эргэлдсэн энэ хорвоогийн сайнтай муутай, эрээн мяраан орон зайд эх орон нэгт залуу хойч үеийнхнийг минь зөв замаар, зөв амьдрах зүг чигээ олох ухаарлын зам өөд энэ ном дахь эгэл жирийн мөртөө учир утгатай амьдралын гүн ухааны шигтгээснүүд лавтайяа зална гэсэн бат итгэл үнэмшил, тэгээсэй ингээсэй билээ гэсэн хүсэл эрмэлзэлдээ дахин хөтлөгдөн орчуулгын албан ёсны хоёр дахь эхийг ийнхүү өргөн барьж байна.

horvoo 

Уншигч: Нийслэлийн 127 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Отгонцэцэг. Нэрийг нь унших төдийд итгэл найдвар, гэрэл гэгээ, дулаан мэдрэмж төрүүлдэг номуудыг хэдэн удаа уншсан уйддаггүй юм. “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” бол миний тэр жагсаалтад багтдаг ном. Эл номын зохиогч Ким Ү Жүн хэмээх солонгос хүний гудамжны сонин худалдагч хүүгээс дэлхийн нэрт бизнесмэн болсон үнэн түүхээсээ сэдэвлэн өгүүлсэн бизнесийн зарчмууд дундаас амьдралд тохиолдох аз завшаан, саад бэрхшээл, нөхөрлөлийн үнэ цэн, хүний мөс чанарыг олж унших болно.

Зохиогчийн “Хайрт залуустаа зориулав” гэж дотно дулаан эхэлдэг номын хуудас бүр үнэ цэнтэй. Энэ номыг агуулгыг бүрэн илэрхийлсэн гэж болох зохиогчийн уншигч залуустаа зориулан бичсэн дөрвөн зөвлөгөөг хүргэе.

Нэгдүгээрт, цаг л гарвал явж юм үзэж бай. Шинэ ертөнцтэй танилц.

Хоёрдугаарт, олон янзын сайн нөхөдтэй бол. Сайн нөхөдтэй болох нь амьдралыг таньж мэдэхэд аяллаас дутахгүй чухал үүрэгтэй.

Гуравдугаарт, аливаа юманд сэтгэл гаргаж санаачилгатай хандаж бай. Нарийн ажиглаад үзэхэд хүрээлэн байгаа юм бүхэн бидний сайн багш, сайхан сургууль.

Дөрөвдүгээрт, номтой байнга нөхөрлө. Тогтон сууж уншихгүйгээр хэдэн зуун ном уншаад ч нэмэргүй.

Өөрсдийн төрөлх хэлээрээ энэ номыг уншсан олон сая залуу хүний нэг болсондоо талархалтай байдаг. Хэрэв та залуу хүн бол, танд заавал унших номын жагсаалт байдаг бол “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна”-г нэмээрэй.