Хотын зурвас: Жуулчид ирлээ, ядаж замаа нөх
Хотын зурвас: Жуулчид ирлээ, ядаж замаа нөх

Хотын зурвас: Жуулчид ирлээ, ядаж замаа нөх

Жуулчид ирээд эхэлжээ. Монгол орны байгалийн гоо үзэсгэлэн, нүүдэлчдийн аж амьдралыг л сонирхож ирдэг. Түүнийгээ олж үзэхийн тулд говь, хангайг зорьдог. Угаас Улаанбаатарт жуулчдын нүд хужирлах юм цөөхөн тул хөдөө авч явахаас өөр аргагүй.

Манай улсын сайд, дарга нар “400 сая жуулчин хүлээн авна, 400 мянгыг авна, үгүй ээ, нэг саяыг авна...” гэх мэт унагаж, босгосон хөөрөлтэй тоо ярьсаар хүн итгэхийн арга ч үгүй болж. Гэхдээ тэд юу ч гэж ярьсан дөрөв байна уу, дөч байна уу жуулчин манайхыг зорьж ирэх нь үнэн.

zam_govi_5 Хотын зурвас: Жуулчид ирлээ, ядаж замаа нөх

Гэвч бид үнэндээ бэлтгэлгүй аанай залхайгаараа сууж байгаа нь харамсалтай. Монголд ирэх жуулчин бүрийн очихыг хүсдэг, очдог говийн үзэсгэлэнт газруудад хүрэх ганц засмал зам нь үнэндээ там болжээ. Эвдэрч, муудаж, хагарч, цоорохын дээдэд хүрсэн энэ замаар жуулчдыг тээвэрлэж давхих нь битгий хэл хашир туршлагатай жолооч нар замын нүх тойрсоор гэгээн гэрэлтэй өдөр хоорондоо мөргөлдөх шахам явж байна.

Зургаа, долоо, наймдугаар сар бол манай улсын аялал жуулчлалын салбарынхан хариуцлагатай, ухаалаг байж чадвал жаахан сэхэл авдаг цаг хугацаа. 

Тэгээд ч жуулчдын сэтгэлд хүрэх, сэтгэлийг татах жижиг зүйлээс эхлээд тав тух, орчин нөхцөл, аюулгүй байдлыг анхаарч чадахгүй бол хэчнээн “Go Mongolia, Welcome to Mongolia” нэртэй гоё зураг, хулдаас, цаас байгаад нэмэргүй “Bye Mongolia” л болно.

zam_govi_2   Хотын зурвас: Жуулчид ирлээ, ядаж замаа нөх

Аялал жуулчлалын салбарын орлого 2030 онд найман тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлэх боломжтой гэж салбарын сайд нь ярьсан байна билээ. Бас Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн олон буюу 810 мянган жуулчин хүлээн авсан өмнө дурдсан англи нэрт хөтөлбөрүүдийн үр дүн бөгөөд жуулчдын тоо 2022 онтой харьцуулахад өссөн гэж хэлсэн. Гэхдээ үүний бодит тайлбар бол дэлхий ертөнц цар тахлын хөл хорионоосоо бүрэн сулраад, айдсаа даван туулсан хүмүүс хорвоо дэлхийгээр аялж байгаа л явдал. Харин төсвийн мөнгийг баруун, солгойгүй цацсан тэдгээр үйл ажиллагааных нь нөлөө, үр дүнгийн тухай дахин эрүүлээр бодууштай.

Том тоо, их мөнгө, янз бүрийн уриа лоозон ярихын оронд бэлтгэлээ базааж эхлэхгүй бол жуулчид аль хэдийн ирээд эхэлчихсэн гэдгийг салбарын сайд нь анзаарч, анхаарч байгаа болов уу. Янзалж, шинэчилж чадахгүй юм бол ядаж нөхөөд болтугай замаа засахгүй бол оройтлоо шүү.